"Өндөрхаан" нисэх онгоцны буудлыг шинэчилнэ

Нийгэм, Эдийн засаг

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн "Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл"-ийн танилцуулгыг хүргэе. 

Хэнтий аймагт 1950 оноос агаарын хөлөг бууж эхэлсэн бөгөөд одоо ашиглагдаж буй “Өндөрхаан” нисэх буудал нь нийслэлээс 302 км,  аймгийн төвөөс баруун урд зүгт 3.6км зайд байрладаг, хөөрч буух шороон зурвасын урт 1960м х 50м хэмжээтэй, хайрган хучилттай, аэродромын ангилал 3С, 1 цагт 50 Зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай.

Хэнтий аймгийн МХЕГ-ын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 22/07/022/09 тоот дүгнэлтээр “Өндөрхаан” нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилгын ашиглалтын хугацаа дууссан, үйл ажиллагаа явуулах боломжгүй гэснийг үндэслэн нисэх буудлын барилгыг ашиглахгүй байгаа болно.

Монгол Улсын Их хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын зорилт 4-ийн I үе шат /2016-2020/ “...,аймаг болон томоохон сумдын нисэх буудлыг хөгжүүлэх,...” гэж,  Монгол Улсын Их хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он  хүртэл баримтлах бодлого”-ын  6.2.5-т “Алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээ хүргэх зорилгоор орон нутгийн нисэх буудлуудыг үе шаттайгаар өргөтгөж, техник, технологийн шинэчлэлтийг нэвтрүүлнэ” гэж тус тус заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар “Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэн 29 дүгээр тэмдэглэл гарч “Кувейт Улсаас Монгол Улсад буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хэлэлцээрт гарын зурах эрхийг Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдад олгох захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтсон.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 131 дүгээр захирамжаар “Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Кувейт Улсаас Монгол Улсад буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдад олгосноор уг зээлийн хэлэлцээр 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан.

Хэнтий аймгийн “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийг Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн 3,5 сая ам долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх бөгөөд зээлийн хэлэлцээрт тусгагдсанаар төслийн хүрээнд нийт 15 барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ажил хийгдэх ба үүнээс 7 нь барилга байгууламж, 8 нь тоног төхөөрөмж байх юм. Үүнд:          

А.Барилга байгууламж

  1. Хөөрч буух шороог зурвас 2200м х 30м,
  2. Зорчигч үйлчилгээний барилга 1440м2,
  3. Нисэх буудлын хамгаалалтын хашаа 7км,
  4. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхаг,
  5. Халаалтын зуухны байр 32м2,
  6. Газрын үйлчилгээний гаражийн барилга 520м2,
  7. Харуул хамгаалалтын байр 17м2

Б.Техник, тоног төхөөрөмж

  1. Аэродромын гэрэл суултын систем
  2. Нислэгийн хөдөлгөний удирдлагын тоног төхөөрөмж
  3. Халаалтын байр болон тоног төхөөрөмж
  4. Гадна цахилгааны дэд станц
  5. Харилцаа холбооны систем
  6. Рентгений тоног төхөөрөмж
  7. Зорчигч, ачаа, газрын үйлчилгээний тоног төхөөрөмжүүд
  8. Шаардлагатай тавилга тус тус байна.

Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын 2018 оны 249/233, хамтарсан тушаалаар “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, бүтэц орон тоог 4 байхаар баталж, 2020 оны 17/ А/23 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулан 6 хүний орон тоотой байхаар баталсан. Одоогоор төслийн зохицуулагч, аэродромын инженер, барилгын инженер, санхүүгийн ажилтан, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан, жолооч гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2 Багц /1.Барилга 2.Аэродром/ ажил болгон 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зарласан. Сонгон шалгаруулалтын дүнгээр аэродром багц-II барилгын ажлын гүйцэтгэгч Даблью экс пи ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд нисэх буудлын барилга байгууламжийн багц-I ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах шатанд байна.

Аэродромын ажлын гүйцэтгэл 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 52,5% тай үргэлжилж байна.

Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу уг төслийг 2021 оны 06 дугаар сард багтаан дуусгана.

Эх сурвалж: ЗТХЯ