САТРЕПС-ийн хамтарсан шинэ төслийг хэрэгжүүлэхээр боллоо

Нийгэм, Эдийн засаг

   Бидэнтэй урт удаан хугацаанд үр дүнтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн Японы Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн захирал, профессор, ХААИС-ийн хүндэт профессор Инүэ Нобору, профессор, ХААИС-ийн хүндэт профессор Ёкояма Наоакийн хамт 2024 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Мал эмнэлгийн хүрээлэнд айлчиллаа.

Энэ удаагийн айлчлалын зорилго нь 2023 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран Японы Засгийн газарт уламжилсан САТРЕПС-ийн шинэ төслийн санал нь олон шатны шалгаруулалт, олон улсын өрсөлдөөнийг амжилттай даван шалгарсан тухай сайхан мэдээг дуулгах, хамтран хэрэгжүүлэх төслийн судлаачидтай уулзалт хийхэд оршиж байлаа.

САТРЕПС хөтөлбөрийг өөрийн улсад хэрэгжүүлэх хүсэлтэй дэлхийн 100 гаруй улс жил бүр 4 салбар чиглэлээр Японы Засгийн газарт төслөө илгээдэг бөгөөд, энэ удаагийн хөдөө аж ахуйн салбарт илгээсэн 22 төслөөс Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтарсан төсөл ганцаараа шалгарсан болохыг зочид маань дуулгав. 

Айлчлалын үеэр 1997 оноос эхэлсэн уламжлалт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр Эгэл биетэн судлалын үндэсний төвийн захирал профессор Инүэ Н болон хүрээлэнгийн захирал, профессор Б.Батцэцэг нар хамтран ажиллах санамж бичигт   гарын үсэг зурлаа.

Ийнхүү 2025 оноос 5 жил хэрэгжиж эхлэхээр батлагдсан “Халдварт өвчний судалгаа, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох замаар адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх нь” САТРЕПС-ийн төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Япон Улсын Шинжлэх ухаан, технологийг дэмжих Сан хамтран санхүүжүүлнэ.

Төслийн Япон талын удирдагчаар төвийн захирал, профессор, ХААИС-ийн хүндэт профессор Инүэ Н, менежерээр профессор Ёкояама Н нар ажиллах бөгөөд, Монголын талын удирдагчаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, профессор Б.Батцэцэг, зохицуулагчаар, профессор Б.Баттөр, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, доктор Ц.Мөнхтуул нар ажиллах бөгөөд тус хүрээлэнгийн Молекул Генетикийн лаборатори, Эмгэг судлалын лаборатори буюу анхны төслийг хэрэгжүүлсэн багаа өргөтгөн Үржлийн эмгэг, даавар судлалын судлаачид, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Мэс засал, эх барихын тэнхимийн багш нар төслийн гүйцэтгэгчээр ажиллана. 

Төслийн хүрээнд сонгон авсан аймгуудын адуун сүргийг нийлүүлгийн өвчний халдвараас эрүүлжүүлэх, адуу үржүүлгийн ажилд биоинженерчлэлийн аргыг нутагшуулах замаар адуун сүргийн халдварт өвчнийг хянах, Монгол улсад мөрдөгдөх малын хорио цээрийн тогтолцооны загварыг боловсруулах зэрэг шинжлэх ухаан, технологийн шинэ үр дүн гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой олон судалгаа, туршилтын ажлуудыг төлөвлөж байгаа ажээ. 

2014-2019 онд хэрэгжсэн "Монгол оронд тохиолддог цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношилгооны оновчтой арга боловсруулах нь" сэдэвт төслийг япон монгол судлаачдын хамтарсан энэхүү багаараа амжилттай хэрэгжүүлсэн нь МОНГОЛД ХЭРЭГЖСЭН АНХДАГЧ САТРЕПС төсөл байсныг дуулгахад таатай байна.