НЭМҮТ: ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРӨӨР ЗАЛУУСТ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

Нийгэм, Эдийн засаг

   НҮБ-аас улс орнуудын Засгийн газрыг иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарал ханндуулан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд уриалж жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ныг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тодорхой уриан дор тэмдэглэдэг.

Энэ жил “Миний эрүүл мэнд, Миний эрх” уриан дор тэмдэглэж улс орнуудыг залуучуудын эрүүл мэндэд илүүтэй анхаарах, залуусыг өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, өвдөхөөс урьдчилан сэргийлдэг зөв хандлагатай болоход чиглүүлэхийг зорьсон.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Үйлчлүүлэгч дэмжих алба, Анагаах ухааны сургууль, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран 150 оюутан залууст хоол зүйн зөвлөгөө өгч, эрүүл мэндийг дэмжих урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ.



Тэд “Танита” аппаратын үзлэгээр биеийн нийт усны хувь, өөхлөлт, булчингийн хэмжээ, бие бялдрын үнэлгээг тогтоож, бодисын үндсэн солилцоо, биологийн насыг тодорхойлсон. Мөн FitPLUS нэмэлт үзүүлэлт буюу эмэгтэйчүүдийн дааврын  өөрчлөлтөөс шалтгаалан биеийн амрах болон дасгал хийх үеийн үзүүлэлтийг тодорхойлсон байна. Түүнчлэн хоол зүйн зөвлөгөө өгч, ХДХВ/ДОХ, тэмбүү, гепатит B,C вирус, хеликобактерын түргэвчилсэн шинжилгээг хийлээ.