Т.Бүдээхүү: Монголчууд усыг зүйрлэсэн чандмань эрдэнээ төрийн сүлдэндээ залсан ард түмэн

Нийгэм, Эдийн засаг

Т.ЭРДМАА

 

БОАЖЯ-ны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн захирал Т.Бүдээхүүтэй “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан ярилцлаа. 

 

-Дэлхийн усны өдөр саяхан боллоо. Танай байгууллага энэ өдөр ямар ажил зохион байгуулав?  

-Байгаль орчны сургалт,судалгаа, мэдээллийн байгууллагын хувьд дэлхий нийтийн болон Монголын байгаль орчны тэмдэглэлт өдрүүдээр тогтмол ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулдаг. 

Энэ жилийн Дэлхийн усны өдрөөр Боловсролын ерөнхий газар, ШУТИС-тай хамтран “Ус ба Энхтайван” сэдэвт сургалт- өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн сургуулиудын эко клубийн 300 сурагчийг оролцуулсан зохион байгуулсан. ШУТИС-ийн болон манай төвийн багш нар усны талаар хүүхдүүдэд хичээл зааж, үзэсгэлэн гаргаж, эко клубийн туршлагын талаарх мэдээллээ харилцан солилцсон. Мөн өдрийг угтаж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд илтгэлийн уралдаан зохион бай­гуул­сан. Уг уралдаанд эхний таван байрыг эзэл­сэн хүүхдүүд маань өдөрлөг дээр  илтгэлээ толилуулж, шагналаа гардан авсан. 

Аливаа уралдаанд оролцоно гэдэг нь мэдээлэл хайх, цуглуулах, боловсруулах, бичих, унших гэсэн цогц чадамжаа хөгжүүлэхэд томоохон түлхэц болдог. Энэ утгаараа их үр дүнтэй байдаг. 

Өнгөрсөн жил бид бас усны илтгэлийн уралдааныг зохион байгуулж, нэгдүгээр байр эзэлсэн 23-р сургуулийн Б.Урангоо охин маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан чуулганд илтгэлээ тавьж, томчуудад хүүхдийн дуу хоолойг хүргэж байсан. Энэ жил уралдаанд бүтээлээ ирүүлсэн 60 орчим хүүхдээс шалгарсан “Бага тэнгэр” цогцолбор сургуулийн сурагч Х.Хонгорзул,  93-р сургуулийн Л.Содтуяа,103-р сургуулийн Э.Ууган-эрдэнэ,  106-р сургуулийн сурагч Д.Насанжаргал, 124-р сургуулийн сурагч Ө.Ижил-Эрдэнэ нар маань үе тэнгийнхэндээ болон багш нартаа дуу хоолойгоо хүргэсэн. 

Хүүхдийн хүсэл эрмэлзлээс гарч ирсэн үг, дуу хоолой хамгийн хүчтэй байдаг учраас томчуудад ч нөлөөлж чаддаг. Тийм учраас илтгэлийн уралдааныг зөвхөн ус гэлтгүй байгаль орчны бусад сэдвээр цаашид илүү олшруулж, тогтмолжуулахаар төлөвлөж байгаа. 

-“Ус ба Энхтайван” сэдвийн дор хүүхдүүд маань ямар сэдвийг түлхүү хөндсөн байна вэ? 

-Энэ жилийн Дэлхийн усны өдрийг “Ус ба Энхтайван” нэрийн дор тэмдэглэсэн.   Ерөнхий агуулгаар нь хэлбэл, ус нь энх тайвныг ч бий болгох, эсвэл дайсагнал мөргөлдөөнийг ч өдөөх хүчирхэг зүйл төдийгүй хөгжил дэвшлийн суурь хүчин зүйл гэсэн мессежийг өгч байгаа. Зэрэгцүүлээд мөн усны асуудлаар хамтран ажиллах нь энх тайвныг цогцлоох арга юм гэсэн санаа. Түүхэнд өнгөрсөн хугацаанд уснаас болж мөргөлдөөн зөрчлүүд олон гарч байсан юм билээ. Хүмүүс усыг “цэнхэр алт” гэдэг.

Яг цаг дээрээ тулбал алтыг ямар уух биш, алтнаас хавьгүй үнэтэй амь аврах зүйл бол ус учраас энэ зүйрлэл тийм ч оновчтой биш санагддаг. Нийтээрээ л баялаг гэдгийг эд баялаг, мөнгөөр хэмжигдэх зүйл гээд ойлгочихсон учраас усыг алттай зүйрлэдэг байх л даа. Жинхэнэ баялаг бол хүн төрөлхтний оршихуйн суурь болсон байгаль дэлхий. Түүн дотроо ус шүү дээ. Энэ жилийн илтгэлийн уралдаанд 60 хүүхдийн бүтээл ирсэн. Хүмүүс усны үнэ цэнийг ухаарахгүй байна гэдгийг ер нь нийтээрээ дурдсан байна. Тэр тусмаа усны нөөцийн асуудлууд,өдөр тутамдаа усаа  хэрхэн хэмнэх, усыг дахин ашиглах, саарал ус ашиглах технологийн шийдлүүд,  гадна дотнын туршлагыг танилцуулах гэх мэт сэдвүүдийг ихэвчлэн хөндсөн байна. Өдөр тутамдаа ус ашиглах дадал, хэвшлээ өөрчлөх, хууль, журмыг сайтар биелүүлэх гэх зэрэг асуудлуудыг хүүхдүүд маань бичжээ. Уралдаанд түрүүлсэн охин маань монголчуудын уламжлалт байгаль хамгаалах соёл, тэр тусмаа усаа хайрлаж ирсэн уламжлалаас дурдсан нь олзуурхам байсан. 

Мэдээлэл, статистик тоо, баримтаа хаанаас авч байгаагаас шалтгаалан мэдээж бичиж ирүүлсэн илтгэлийн чанар, агуулга янз бүр байх нь мэдээж. Хамгийн гол нь оролцож байгаа нь чухал. 

-Усыг хэмнэх, хамгаалахад  олон нийтийн оролцоо хэр байдаг вэ?  

-Олон нийтийн оролцоо хамгийн их шаардлагатай салбар бол байгаль орчны салбар байдаг. Тэр тусмаа байгаль хамгаалах асар баян түүхэн уламжлалтай монголчуудын хувьд байгальтайгаа хүйн холбоотой ард түмэн. Байгаль хамгаалах сэтгэл, сэтгэлгээ генд нь байдаг учраас байгаль сүйтгэж байгаа асуудалд маш их эмзэг ханддаг. Тийм учраас байгаль орчны асуудалд иргэдийг заавал оролцуулах, ил тод байх шаардлагатай юм билээ. Манай байгууллагын хувьд анх байгуулагдсан цагаасаа л байгаль хамгаалалд олон нийтийн төлөөлөл болсон төрийн бус байгууллагуудыг дэмжих, хамтран ажиллах асуудалд онцгой анхаарч ирсэн. Байгаль орчны төрийн бус байгууллагуудын шүхэр байгууллага болсон “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” манай дээр байрлаж, хамтран ажиллаж ирсэн. Байгаль хамгаалалд олон нийтийг оролцуулна гэдэг нь төрийн зүгээс төрийн бус байгууллагуудтай, иргэдтэй хамтран ажиллахаас гадна мэдлэг, мэдээлэлтэй болгох,сургах, байгаль орчноо хамгаалах дадал, хандлагатай болгох ажил их чухал. 

Байгаль орчны сургалт, судалгаа, мэдээллийн чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллагын хувьд бид байгаль орчны сургалтыг тусгай  хөтөлбөр, арга зүйн дагуу нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хэлбэрээр явуулдаг. Сургалт, мэдээллээ илүү хүртээмжтэй болгохын тулд сүүлийн үед хөдөө орон нутаг руу чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна. Усны талаар тухайлбал, “Олон дүрт ус” гэсэн сургалтын модуль боловсруулан, тэндээсээ нэгж хөтөлбөрүүд гарган заадаг. Мэдлэгтэй, мэдээлэлтэй, асуудлаа гүн гүнзгий ойлгосон хүмүүс л асуудалд илүү нухацтай хандаж, оролцоо нь сайжрах учраас манай байгууллага  олон хүнийг байгаль орчноо хайрлан хамгаалах мэдлэг, дадал, хандлагатай болгохыг зорьж байна.  

-Танай усны сургалтад жилд хэчнээн хүн хамрагддаг вэ. “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” нэртэй байгууллагын хувьд усны чиглэлээр өөр юу хийж байна? 

-Манай байгууллага нь Японы “Жайка” байгууллагын хөрөнгө оруулалтаар  байгаль орчны сургалт, судалгаа,  мэдээллийн төвийн стандартаар барьж өгсөн барилгад үйл ажиллагаа явуулдаг. Сургалт явуулах заал, танхимтай, амьтны чихмэлийн музейтэй, усны шинжилгээний лабораторитой.Жил бүр манайд дунджаар 10 орчим мянган хүүхэд, залуус голдуу ирж үйлчлүүлж, экологийн боловсрол олж авдаг. Байгаль орчны асуудлууд хоорондоо цөм уялдаатай учраас сургалт, мэдээлэл авч байгаа бүх хүнд усны агуулга ордог гэж ойлгож болно. “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” нэрийг сонсоод хүмүүс шууд усны байгууллага гэж бодох нь бий. Байгаль орчны сургалт, судалгаа, мэдээллийн төв байж яагаад ийм нэр өгсний учрыг тухайн үед Японы хөрөнгө оруулалтыг татахад гол үүрэг гүйцэтгэсэн Д.Дамдин дарга ярьж өгсөн. Байшингаа бариулчхаад дотоод тохижилт хийх шаардлагатай болжээ. Тэгээд Японы талд хандтал “Манай усны агентлагаас санхүүжилт авах боломжтой. Гэхдээ усны байгууллагад л санхүүжилт өгдөг” гэсэн байна. Тэгээд л ийм нэртэйгээр Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан юм билээ.  Бид байгаль орчны сургалт, мэдээллээ чанарын өндөр түвшинд явуулах зорилго тавьж,  2026 он хүртэлх стратеги төлөвлөгөөг БОАЖ-ын сайдаар батлуулсан. Мөн албан бус сургалтын богино хугацааны хөтөлбөрөө тогтмол шинэчлэн сайжруулж ажиллаж байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй онолын мэдлэгийг практиктай хослуулан өгдөг учраас сургалт маань үр өгөөжтэй. 

-Усны мэргэжилтэй боловсон хүчин хэр хүрэлцээтэй байдаг вэ? 

-Зөвхөн усны мэргэжилтэн биш, ер нь байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах оюутнуудын тоо буурч байгаа статистик гарсан. Тухайлбал, 2021-2022 оны хичээлийн жилд манай улсын их, дээд сургуулиудыг 31.2 мянган оюутан төгссөн байна. Нийт төгсөгчдийн 51.6 хувь нь хууль эрх зүй, боловсрол, бизнесийн удирдлага, эрүүл мэнд, нийгмийн халамжийн чиглэлээр, 15.8 хувь нь барилгын инженер мэргэжил эзэмшжээ. Харин байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцагсад нийт төгсөгчдийн ердөө 1.3 хувийг эзэлж байна. Байгалийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцах оюутны тоо сүүлийн жилүүдэд цөөрч байгаа нь байгаль орчны салбарт ажиллах боловсон хүчний хомсдол үүсэх сөрөг үр дагаварт хүргэхээр байгаа. Байгаль орчны салбарынхны хурал, чуулган дээр ярьдаг нэг асуудал нь хүний нөөцийн асуудал байдаг. Тийм учраас “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-өөс санаачлан   байгаль орчны мэргэжил сурталчлах "Бидний мэргэжил ба ногоон ирээдүй" өдөрлөгийг уламжлал болгон жилд хоёр удаа зохион байгуулж хэвшсэн. Байгалийн ухааны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургуулиуд манай дээр хөтөлбөрөө танилцуулж, ерөнхий боловсролын ахлах ангийн хүүхдүүд илтгэл, лекц, сургалтад хамрагдах хэлбэрээр гурван өдөр үргэлжилдэг уг арга хэмжээний маань эрэлт өсөж байгаа. Хүүхдүүд байгаль орчны мэргэжил сонгохгүй байгаа нь дургүйдээ биш,мэдээлэл хомс байдгийнх юм билээ.  

-Та түрүүнд монголчууд байгальтайгаа хүйн холбоотой ард түмэн гэсэн. Байгаль хамгаалах уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх талаар танай байгууллага юу хийж байна вэ? 

-Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт соёл, зан заншил нь өнөөдөр дэлхий нийтээрээ ярьж буй тогтвортой хөгжлийн үзэл санаатай шууд нийлдэг. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, байгалийг бохирдуулдаггүй, уламжлалт мал маллагааны арга ухаан нь байгалийн нөхөн сэргээлтээ дэмждэг байсан учраас өвөг дээдэс маань үзэсгэлэнт онгон байгалийг бидэнд өвлүүлж үлдээсэн. Байгаль хамгаалах соёлын үнэт өв болсон “Уул, овоо тахих монгол зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн  Соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад 2017 онд бүртгүүлсэн шүү дээ. Дэлхийн өөр хаана ч давтагдахгүй энэ соёлын өвөө хүүхэд, залуустаа таниулж, мэдүүлэх шаардлагатай гэж үзээд “Байгаль хамгаалах уламжлалт соёл, зан заншил” гэсэн сургалтын хөтөлбөр боловсруулан, сургалт явуулж эхэлсэн. Бид ер нь өөрийн соёлоосоо нэлээд хөндийрсөн учраас хүүхэд, залуус гэлтгүй томчуудад хүртэл шинэ содон сэдэв болохыг анзаарсан. Миний хувьд Монголынхоо соёлыг сонирхон судалдаг, ирээдүй хойчдоо заавал өвлүүлэх ёстой гэж үздэг хүний хувьд энэ ажилдаа сэтгэл хангалуун байгаа. 

“Дэлхийн усны өдөр”-ийн сэдэвтэй холбогдуулж хэлэхэд, монголчууд усыг чандмань эрдэнэтэй зүйрлэдэг байсан нь усыг  гүн гүнзгий танин мэдсэнийх. Зүгээр нэг үг огт биш. Чандмана эрдэнэ гэдэг нь, гадаад далайгаас залж авчирсан, гайхамшигт ид шидтэй, хүн бүрийн хүслийг хангагч чухаг эрдэнэ, хаан төрийн долоон эрдэнийн нэг гэнэ. Тэгээд энэ эрдэнээ төрийн сүлднийхээ магнайд залсан байдаг шүү дээ. Зөвхөн энэ зүйрлэл, сэтгэлгээ нь жишээ нь усыг ямар их дээдэлж, хайрлаж ирсний илэрхийлэл.Өвөг дээдсийнхээ соёлд дахин суралцвал тэнд байгаль, эх дэлхий,усаа хайрлах бэлэн өв, арга зам бий. Усаа хайрлаж, хамгаалахыг бүх л төрийн хуульд хатуу суулгаж, булаг шандаа бохирдуулахгүй, гол  усны сав газрыг  хөндөхгүй хатуу дэг, хууль цаазтай байсан. Их засаг хууль, Их Юанийн нэвтэрхий хууль, Алтан хааны цаазын бичиг, Халх журам хуулиудад маш тодорхой заалтууд тусгагдан, хамгийн гол нь амьдралд хэрэгждэг байсан. 

Монгол Улсын урт  хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-д үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх,  хүний оршихуйн суурь болсон эх байгалиа хамгаалах, үнэт баялаг усаа хамгаалах,  ногоон хөгжлийг цогцлоох гээд олон зорилт туссан. Эдгээр зорилтдоо хүрэхийн тулд бүх нийтэд албан болон албан бус боловсролоор дамжуулан тогтвортой хөгжлийн болон уламжлалт соёл, мэдлэг ухааны боловсролыг олгох нэн шаардлагатай байгаа. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 25. Даваа. №028 (5946)