“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЭЛТЭС 20 ЖИЛИЙН ТҮҮХЭЭ БИЧЛЭЭ

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

  Байгаль орчны хууль, тогтоомжийн хүрээнд аливаа компани байгаль орчинд үзүүлэх нөлөөгөө аль болох бага байлгах учиртай гэдгийг уул уурхайн компани болгон эн тэргүүний зорилгоо болгон ажилладаг. Тэр тусмаа “Оюу толгой” компани нь энэ тал дээр бусад уул уурхайн компаниуддаа түүчээлэгч болон ажилладгийг хэлэх юун. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг бол уул уурхайн компаниудын хувьд нэн чухал агаад энэ хүрээнд хийх ёстой ажлаа жил бүр салбарын яам болон орон нутагтаа тайлагнадаг уламжлалтай. Энэ үүргээ тус компани жил бүр маш сайн биелүүлж ирснийг албаныхан хэлдэг, тэр хэрээрээ тухайн жилдээ саадгүй ажиллах тийзээ өвөртөлдөг. Говь болон хангайн бүс гэдэг маш өөр байдаг. Тухайлбал, орж байгаа хур тунадасны хэмжээ, газрын гүний хөлдөлт, ан амьтан, ургамал, ундаалж байгаа ус гээд бүхий л зүйлээрээ өөр. Ийм өвөрмөц тогтоцтой нутаг орны байгалийн дагшин байдлыг хадгалах, хамгаалах, сайжруулах нь говийн бүсэд уул уурхай эрхэлж байгаа “Оюу толгой” компанийн эрхэм үүрэг юм. Тэр утгаараа компанидаа хамгийн чухал үүрэг оролцоотой хэлтэс гэнэ. Байгаль орчны хэлтэс нь аль ч уурхайн хувьд уурхай ашиглаж эхлэхээс өмнө үйл ажиллагаагаа эхлүүлдэг энэ л зарчмаар тус хэлтэс уурхайг ашиглахаас өмнө байгаль орчны үнэлгээ, мониторингийг хийх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр үйл ажиллагааны хүрээ нь улам өргөжин байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөллийг багасгах, хамгаалах, уур амьсгал, цөлжилтийг бууруулах гээд олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Түүнчлэн ус, газар буюу хөрс, агаар, хог хаягдал, биологийн олон янз байдал хэмээх таван том чиглэлийг барьж ажиллан, түүндээ хамааруулан олон ажлыг хийсээр иржээ. Усыг чандмань эрдэнэ гэж бид дээдэлдэг, тэр хэрээрээ тус компани усны ашиглалтын тухайд нэлээд их шүүмжлэл сонсдог нь нууц биш. Гэсэн ч секундэд 918 литр ус ашиглах боломжтой гэж цаасан дээр бичигдсэн ч уурхайн үйл ажиллагаандаа түүнийхээ 50 хувийг хэрэглэдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Дэлхийн стандарттай харьцуулахад маш бага үзүүлэлт гэдгийг ч мөн хэлэх хэрэгтэй байх. Түүгээр үл барам ашигласан усныхаа 87 хувийг дахин ашигладаг юм билээ. “Оюу толгой” компани аль болох гүний усыг хамгаалах, бага зарцуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн төдийгүй говь нутагт цөөн байдаг булаг шандыг арчилж хамгаалан, шинэчилсээр ирсэн. Биологийн төрөл зүйлийг хамгаалах, хулгайн антай тэмцэх тухайд Өмнөговь аймгийн 12 суманд төсөл хэрэгжүүлж байгаа. Мөн хийж хэрэгжүүлэхээр хэлэлцэгдээд явж буй асуудлууд ч байгаа гэнэ. Мэдээж “Оюу толгой” компани дэлхийн жишигт нийцсэн уул уурхай тул байгаль орчны чиглэлээр явуулж буй олон үйл ажиллагаанууд нь ч дэлхийн жишигт нийцдэг. Нөхөн сэргээлтийн хувьд эхлээд техникийн нөхөн сэргээлт хийдэг бол дараа нь биологийн нөхөн сэргээлтийг хийдэг. Биологийн нөхөн сэргээлтийн тал дээр баримталж буй хамгийн том бодлого бол яг тухайн орчинд нь ургадаг унаган ургамлыг л тэнд буцааж тарих явдал гэдгийг тус компанийнхан онцлон хэлж байсан юм. Энэ хүрээнд Ханбогд суманд таван га газар мод үржүүлгийн газар байгуулж, 30 гаруй байгалийн унаган ургамлыг үржүүлж, нөхөн сэргээлт, судалгаа шинжилгээ хийх болон орон нутгийн иргэдэд үнэгүй өгөх зэргээр ашигладаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын 2022 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий дэх бичил уул уурхайн улмаас эвдрэлд орсон 400 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийн, орон нутагт хүлээлгэн өгсөн юм. “Оюу толгой” компани уул уурхайн салбарт хийж, хэрэгжүүлж буй ажил, техник, технологиороо анхдагч байсаар ирсэн. Тэр утгаараа Монголд анх удаа компани дахь газар хөндөх зөвшөөрөл хэрэгжүүлж байгаа юм байна. Байгаль орчны хэлтсийн зөвшөөрөлгүйгээр нэг ч хүрз газар хөндөх эрхгүй байдаг гэхээр танд сонин сонсогдож магадгүй. Учир нь тухайн газрыг дараа нь нөхөн сэргээхэд цуглуулсан мэдээлэл хэрэг болдог болохоор тэр. Ингээд дурдаад байвал байгаль орчны чиглэлээр хийсэн ажил их бий, тэдэнд. Байгаль орчны хэлтсийнхэн өнгөрөгч баасан гарагт 20 нас хүрч, юу хийж бүтээснээ олон нийтдээ тайлагнасан. 20 насныхаа төрсөн өдрөөр тэд зүгээр суусангүй, “Уул уурхайн салбарын байгаль орчны ололт амжилт, алсын хараа” зөвлөгөөн хийсэн юм. Уг зөвлөгөөнд Оюу толгой компанийн байгаль орчны хэлтсийн мэргэжилтнүүд болон уул уурхайн салбарын ажилтнууд, эрдэмтэн мэргэд, судлаачид оролцсон, тэд бие биенийхээ үгийг сонсож, харилцан туршлагаа солилцсон төдийгүй салбарын ололт амжилт, алсын харааг хэлэлцсэн.

Г.Батсүх: Уул уурхайн салбар нь манай улсын эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр юм

Зөвлөгөөнийг “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нээж үг хэлсэн. Тэрбээр, “Оюу толгой” нь уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл эрхлэхдээ байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах, түүнд ээлтэй үйл ажиллагаа явуулахад чухалчлан анхаардаг. Энэ хүрээнд өнгөрсөн 20 жилийн хугацаанд байгаль орчны салбарт төр, засгийн байгууллагуудтай, аймаг болон орон нутгийнхантай хамтран ажиллаж ирсэн. Өнөөдрийн арга хэмжээ нь та бүхэнтэйгээ зарим туршлагаа хуваалцах, та бүхнийхээ сайн туршлага, зөвлөмжөөс суралцах боломж олгож байна. Оюу толгойн гүний уурхай, ил уурхай цогцолборын ашиглалтын үйл ажиллагаа жигдэрч байна. Улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр нь цаашид улам нэмэгдэнэ. Оюу толгой нь манай улсын томоохон экспортлогч болсон. Уул уурхайн салбар нь манай орны ДНБ-ий дөрөвний нэгийг, экспортын 90 хувийг бүрдүүлдгийг бүгд мэднэ. Нийт эдийн засагт эргэлдэж байгаа дөрвөн төгрөг тутмын нэг нь уул уурхайн салбараас ордог. Экспортод гаргаж байгаа 10 нэр төрлийн бүтээгдэхүүний ес нь уул уурхайн салбарын бүтээгдэхүүн байгааг судлаачид тогтоожээ. Эдгээр тоо бол уул уурхайн салбар нь манай эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр гэдгийг нотолж байна. Гэхдээ эрдэс баялаг нь эх байгалийн хөрсөнд, газрын гүнд оршиж хөрст дэлхийн тогтцыг бүрдүүлдэг учраас тэдгээр эрдсийг олборлохдоо ээлтэй үйл ажиллагаа явуулах, хүрээлэн буй орчинтойгоо энх тайвнаар зэрэгцэн оршихыг цаг үе шаардаж байна” гэв.

Хариуцлагагүй уул уурхайгаас сүйдсэн 187 га газрыг нөхөн сэргээх гэрээ үзэглэлээ

   2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр буюу Байгаль орчны хэлтэс үйл ажиллагааныхаа 20 жилийн ойн өдөр “Оюу толгой” компани, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Дархан-Уул аймгийн нутагт 187 га газрыг нөхөн сэргээх хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн юм. Тус гэрээний хүрээнд Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумын нутагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, сүйдсэн 187 га орчим газрыг “Оюу толгой” компани, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх онд нөхөн сэргээх бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б. Оюунсанаа, Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Г. Батбаяр нар гарын үсэг зурсан.

Б.Бат-Эрдэнэ: Бид олон ажлыг “Оюу толгой” компанитай хамтран хийж байгаа

/БОАЖ-ын сайд/

-Манай улсын хувьд уул уурхайгаас улбаатай эдийн засгийн өгөөж хамгийн их байгаа. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, ялгаж салгах нь нэн чухал болоод байгаа. Бид Ерөө сумын Ялбагын гол тэр хөндий ямар нөхцөлтэй болсон байсныг, тус талбайг “Оюу толгой” компани хэрхэн нөхөн сэргээснийг харлаа. Хэдийгээр хоёр жилийн төлөвлөлт байсан ч нэг жилийн хугацаанд энэ ажлыг хийж дууссан. Үүнээс бидний эх дэлхийдээ хандах хандлага хариуцлагатай болон хариуцлагагүй гэсэн хоёр янзаар илэрч буйг харж болно. “Оюу толгой” компанийн шинээр томилогдон ирээд жил болж байгаа удирдлагын хувьд байгаль орчныг хамгаалах чиглэлийн мэргэжилтэй хүн байгаа нь давуу тал болж байна гэж бид үзэж байна. “Оюу толгой” компанийн хувьд “Тэрбум мод”үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж ургуулахаар тодорхой газруудыг хуваарилалт хийж авсан. Их олон ажлыг тус компанитай хамтран хийж байгаа боловч эргээд харахад нэг цогц л ажил гэж ойлгож болно. Өнөөдөр бид уул уурхайг Оюу толгой шиг, Эрдэнэт шиг, Эрдэнэс Тавантолгой шиг байх хэрэгтэйг ойлгуулснаар хариуцлагатай уул уурхайн жишгийг олон нийтэд таниулах юм. Өдгөө бидэнд маш олон тулгамдсан асуудал байна. Тэр дундаа орон нутгийнханд хамгийн их хор нөлөөтэй уршиг ч байна. Тиймээс цаашдаа хохирдог биш хождог уул уурхайг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч бодлогын олон баримт бичигтээ өөрчлөлт оруулж байна.

Т.Самданжигмэд: Тухайн газрыг ашиглахын тулд эхлээд манай хэлтэс заавал судалж байж зөвшөөрөл өгдөг

/“Оюу толгой” компанийн байгаль орчны менежер/

-Зөвлөгөөнөөр бид өнгөрсөн хугацаанд иргэдийн буруу ойлгож ирсэн ойлголтуудыг засах, зөв ойлголт өгөхийг зорьсон. Учир нь уул уурхай шинэ түвшинд гарахаар хөгжиж байна. Бид өнгөрснөө ярих биш ирээдүйгээ ярих ёстой. Мэдээж уул уурхайн байгаль орчны салбар Монгол Улсын хэмжээнд яаж хөгжих, хууль эрхзүйн орчин хаашаа чиглэх, ямар шинэ техник технологийг яаж нэвтрүүлэх гээд олон асуудлыг ярилцлаа. “Оюу толгой” компани усыг хамгийн үр ашигтайгаар, нэг грамм усыг ч үнэгүй асгахгүй байх бодлоготой. Энэ хүрээнд үйлдвэрээ усанд хэмнэлттэй байдлаар бүтээн байгуулсан. “Оюу толгой” компанийн ашиглаж буй усны хэмжээ дэлхийн ижил төрлийн уурхайнуудтай харьцуулахад гурав дахин бага байгаа нь 20 жилийн ажлын үр дүн юм. Мөн нөхөн сэргээлт, газар ашиглалт. Газраас нэг хүрз шороо авах байсан ч бүртгэж, тэр газарт ургадаг байсан ургамал, амьдардаг амьтдын судалгааг хийснээр тухайн газрыг ашиглаж эхэлдэг. Тухайн газрыг ашиглахын тулд эхлээд манай хэлтэс заавал судалж байж зөвшөөрөл өгдөг. Өөрөөр хэлбэл, манай хэлтсийн зөвшөөрөлгүйгээр нэг ч хүрз газар хөндөх эрхгүй. Яагаад гэвэл, тухайн газрыг дараа нь нөхөн сэргээхэд цуглуулсан мэдээлэл хэрэг болдог. Энэ бол Монголд анх удаа компани дахь газар хөндөх зөвшөөрөл хэрэгжүүлж эхэлсэн нь бидний ололт юм. Мөн агаарын чанарын байнгын мэдээллийг цаг алдалгүй авахын тулд таван автомат станцыг суурилуулж, үйл ажиллагаа нь агаарын чанарт хэрхэн нөлөөлж байгааг судалдаг. Энэ нь мөн л шинэ жишиг. “Оюу толгой” компани энэ оны аравдугаар сард шинэчилсэн стратегиа танилцуулсан билээ. Энэхүү стратегид байгаль орчны чиглэлд “Хөрст дэлхий” гэсэн тэргүүлэх чиглэлийг багтаасан. Энэ зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.

  • Үндэсний усны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.
  • Уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үзүүлэх нөлөөг доод түвшинд барьж, түүний хадгалалт, хамгаалалтад хувь нэмэр оруулна.
  • Байгаль орчны ажил уурхайн үйл ажиллагаа шууд нөлөөлж буй бүсээр хязгаарлагдахгүй бөгөөд техникийн болон биологийн нөхөн сэргээлтүүдийг хийнэ.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани нэгдэж 100 сая мод тарина. Энэ хүрээнд ойжуулах, ойн салбарын хөгжилд хувь нэмэр үргэлжлүүлэн оруулна хэмээн тус тус дэвшүүлээд байна.

Б.Басбаатар: Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд хэт гүний усыг зөв зохистой, эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа, усны зөв менежмент хэрэгжүүлж байгаа компани бол Оюу толгой юм

/Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн/

-Монголын гидрогеологичдын холбоо нь газар доорх усны инженерүүдийн нэгдсэн холбоо юм. Газар доорх ус нь говийн нөхцөлд маш чухал сэдэв, гадаргын ус байхгүй орчинд газар доорх усны эрэл хайгуул хийж тухайн газрын доорх усыг үйлдвэрлэлийн нөхцөлд ашиглаж, үр дүнтэй эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр ажилладаг. Манай холбоо 2022 оноос “Оюу толгой” компанийн “Гүнээсээ хайрлая” аянд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ аян маань таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэ аянаар дамжуулан их, дээд сургууль болон ЕБС-ийн сурагчдад газрын доорх усны талаар суурь ойлголт өгөх, түүний хэрэглээг ойлгуулах, мөн газарзүйн багш нарт ч ойлгуулахаар ажиллаж байна. Мөн энэ тал дээр яаж хамгаалах, яаж мониторинг хийх чиглэл ч мөн багтаж байна. Энэ мэтээр хүүхэд багачууд, оюутан сурагчдад мэдээлэл өгөх, сурталчлан таниулах зэргээр хамтран ажиллаж байна. Нийгэмд нэг буруу ойлголт яваад байдаг, тэр нь Монгол орон газрын доорх усны нөөц “хомсдолтой” гэж ярьдаг.

Манай холбоо үүнд “тийм биш” гэдэг хариу өгнө, яагаад гэхээр манай улс газар доорх усны нөөцийн судалгааг маш бага буюу газар нутгийнхаа дөнгөж 17 хувьд л хийсэн байдаг. Тийм байж “бага” гэж хэлж болохгүй биз дээ. Зарим нэг хүмүүс үүнийг өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлж, буруу мессежийг иргэдэд өгдөг. Тиймээс газрын гүний үс багасаагүй, ашигтай ажиллагаанд оруулах ёстой гэдгийг хэлмээр байна. Газрын гүний ус гэдэг маань хэдэн сая жилийн өмнө газрын хэт гүнд байж л байсан, одоо ч байсаар байна. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд хэт гүний усыг зөв зохистой, эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа, усны зөв менежмент хэрэгжүүлж байгаа компани бол Оюу толгой юм. Тухайлбал, малчдын хэрэглэж байгаа бага гүний ус, булаг, шандад тус компанийн хэрэглэж байгаа ус ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцолж хэлье. Тэд 150-400 метрийн газрын хэт гүнээс усаа татан авч үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Нөгөөтэйгүүр, тэд малчны худаг гаргахдаа ч тэр, газрын хэт гүний усыг ашиглахдаа ч тэр “үе тусгаарлах” гэдэг маш том, гоё системийг нэвтрүүлж байсан. Энэ нь, тухайн авч хэрэглэж буй ус нь дээшээ болон доошоо үеүддээ нэвтрэхгүй, тусгаарлах гэсэн үг л дээ. Эндээс харахад, газрын гүнээс авч хэрэглэж буй ус дээшээ хэрэглээний усны үеүдэд нэвтрэхгүй гэж ойлгож болно. Үүнийг л ард иргэд, малчид сайн ойлгох хэрэгтэй байна. Тэгээд ч 20 жилийн ойгоо хийж буй Байгаль орчны хэлтсийнхэн газар доорх болон гадаргын усны мониторингийг Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад үлгэр жишээ болохуйцаар маш сайн хийдэг.

Б.Сод-Эрдэнэ: Манай хэлтэс компанийнхаа цөм нь байсаар ирсэн

/”Оюу толгой” компанийн усны мэргэжилтэн/

-Байгаль орчны хэлтэс үйл ажиллагаагаа эхлүүлсний 20 жилийн ойн өдөр энэ өдрүүдэд тохиож байна. Манай хэлтсийн хувьд уул уурхайн компанийн нэг жижиг нэгж гэж хэлж болох ч, үүнд маш олон хүн хүч хөдөлмөр, мэдлэг оюун, боловсролоо зориулсаар ирсэн. Монгол Улс анх удаа Гуравдагч хөрштэй хамтран уул уурхайн компани алт, зэсийн гүнийн уурхай нээж, Монгол Улсын ДНБ-ий 1/4 -ийг уул уурхайгаас бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн хэлтэс бол манайх гэдгийг хэлэх байна. Гадаадын компани Монголд тэр дундаа элсэн цөлд, Ханбогд суманд үйл ажиллагаа явуулан, газрын гүнд зэс, алт байна гэдгийг нээсэн, түүгээр ч бид бахархдаг. Олборлолт хийхэд мэдээж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Хэрвээ манай хэлтэс байгаагүй бол усаа хаанаас авах уу, ашиглалт явуулсан талбайгаа хэрхэн яаж нөхөн сэргээх, мөн дэлхийд ховордсон хулан, хар сүүлт зэрэг амьтдыг яаж хамгаалах, тоос тоосжилт гээд анхаарал хандуулвал зохистой олон асуудал гарна. Манай хэлтэс “Оюу толгой” компанийн цөм байсаар ирсэн бөгөөд энэ хэлтэст ажиллаж байгаа, ажиллаж байсан, гэрээт болон гадаад, дотоод бүх ажилчиддаа ажлын амжилт хүсье.

А.Түвдэндорж: Гүний хоолойн усны орд дээр Монголын гидрогеологичид их, бага хэмжээгээр ажилласан

/Ахмад гидрогеологич/

-Би гидрогеологич мэргэжилтэй, “Оюу толгой” компанид 2014 он хүртэл найман жил хүч, хөдөлмөрөө зориулан ажиллажээ. Үйлдвэр, уурхайн хэрэглэж байгаа ус нь газар доорхи усны Гүний хоолой гэдэг ордоос хангагдаж байгаа. Энэ орд дээр манай улсын ихэнх гидрогеологичид их, бага хэмжээгээр ажилласан байдаг. Усны нөөцийг гадаад, дотоодын мэргэжилтнүүд, олон жилийн хайгуулын үр дүнгээр илрүүлсэн. Миний хувьд тэр ордынхоо нөөцийг тооцоод улсын нөөцийн комиссоор хоёр удаа оруулж 918 л/сек ундаргатай усны орд байна, үүнээс норм, нормативийг нь бариад ашиглаж болох юм байна гэдэг зөвшөөрлийг нөхдийнхөө хамтаар авч байлаа. Компани газрын хэт гүний усаа үйлдвэрлэлд ашиглахаас гадна цэвэршүүлэн нийт ажилчдынхаа унданд,ахуйн хэрэгцээнд хэрэглэж байна шүү дээ. Найман жилийн хугацаанд цуг ажиллаж байсан үе тэнгийнхэн болон ахмадууддаа, энэ компанид хүч хөдөлмөрөө зориулж буй залуучууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн, ажлын амжилтыг ерөөе. 

С.Ганболд: Газрын хэт гүний ус хэрэглэхэд хөрсний усанд нөлөөлөхгүй

/Ахмад ажилтан/

-Би энэ хэлтэст усны мониторингийн туслахаар 14 жил ажилласан. Усны мониторинг бол говийнхны хэлдгээр худгийг дугшсан гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн дээд цэгтээ хүрсэн үед нь хэмжих ёстой, тэгэхээс мал усалсан үед нь хэмжиж болохгүй шүү дээ. Тиймээс малчдыг малаа услахаас өмнө, зун бол өглөө үүрээр буюу 4-5 цагийн үед явж хэмжилтээ хийдэг, үдээс хойш цооногуудаа хэмждэг байлаа. Усны чанар, температур зэрэгт химийн хээрийн шинжилгээ хийдэг, шинжилгээг яг газар дээр нь хийнэ, өөр газарлуу аваад явахад усны шинж чанар алдагдана шүү дээ. Харин улиралд нэг удаа дээж авдаг байв. Үйл ажиллагаа эхлүүлсэн цагаас эхэлж хийж байсан усны судалгааны дүн бүгд компани дээр хадгалагддаг. Оюу толгойн ашиглаж байгаа хэт гүний усыг ахуйд хэрэглэх ямар ч боломжгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр, газрын хэт гүний ус хэрэглэхэд хөрсний усанд нөлөөлөхгүй гэдгийг ч мөн хэлмээр байна. Бидний үеийнхэн хойч залуучууддаа ажил мэргэжлийн практик олгохоос гадна газар усны баримжаа, өвс ургамал, ан амьтны зүй тогтол, аюулгүй ажиллагаа, байгаль орчиндоо хандах эерэг сэтгэлийг төлөвшүүлэх зэргийг ерөнхийд нь зааж сургаж байлаа.

Б.Нарангуа: “Оюу толгой” компанитай хамтран Монголдоо анхлан хэрэгжүүлсэн хэд хэдэн технологи бий

/Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Байгаль хамгааллын технологийн мэргэжилтэн/

-Бидний өдөр тутмын амьдралыг технологигүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Үүнтэй адил байгаль хамгааллын үйл ажиллагаанд сүүлийн үеийн дэвшилтэт технологийг өргөн хүрээнд туршин Монгол улсдаа анхдагч байдлаар нэвтрүүлсээр байна. “Оюу толгой” компанитай хамтран одоогийн байдлаар Монголд анхлан хийж хэрэгжүүлсэн хэд хэдэн технологи бий. Тэдгээрийн заримаас дурдвал, хиймэл оюун ухаанд суурилсан буун дуу илрүүлэх, дуу хураагуур төхөөрөмжийг Говийн бүсийн Хулангийн ундаалдаг цэгүүд дээр суурилуулан, хууль бус ангийн эрчмийг тодорхойлоход ашиглаж буй. Ингэснээр хууль бус ангийн эрчим, болон аль улиралд илүү их илэрч байна, гэх мэтчлэн нарийн асуултуудад хариулах боломжтой болсон. Дараагийн бас томоохон нэг хэрэгжүүлж буй инновац бол Монголд анх удаа 2014 оноос СМАРТ программ хангамжийг улсын тусгай хамгаалалттай газрын /УТХГ/ хуулийн хэрэгжилт, хяналт шалгалтад ашиглан дүн шинжилгээ хийн тайлагнаж байна. СМАРТын чиг хандлагыг Монгол Улсын хэмжээнд бүх УТХГ-ын хуулийн хэрэгжилт, хяналт шалгалтад хэрэгжүүлж, үүлэн дээр суурилагдсан серверээр БОАЖЯ -тай холбогдон тухайн цаг мөчид, үнэн бодит мэдээллийг түргэн шуурхай хүргэх, удирдлагын түвшинд хариу арга хэмжээ авахад илүү хялбар болгож өгч байгаа юм. Одоогийн байдлаар БОАЖЯ-ны энэхүү үүлэн серверт 17 УТХГ бүрэн хамрагдсан. Ажлын хэсгийн зүгээс үе шаттайгаар хамруулан сургалтуудыг өгч ажиллаж байна. Мөн 2013 онд зэрлэг адуу Хуланд агаарын тооллогыг Өмнийн говийн 150,000 хавтгай дөрвөлжин км нутагт хийж гүйцэтгэсэн. Энэ судалгааны үр дүнд үндэслээд Хулангийн олон улсын үнэлгээнд дахин шинэчлэл хийж, ховордлын ангиллын шатлалыг бууруулсан. Үүнээс гадна маш олон шилдэг, шинэлэг санаа төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ тухайгаа зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн зочдод танилцуулсан. 

С.Дорждэрэм: Бидний түншлэл урт хугацааны сайн сайхны төлөө байх ёстой болохоос нэг удаагийн үйл ажиллагаа, үйлдлээр хэмжигдэхгүй

/”Оюу толгой” компанийн Орон нутгийн дэмжлэг, түншлэлийн менежер/

-Мэдээж, уурхай эхлэхэд орон нутгийн иргэд хаа газар л эсэргүүцдэг шүү дээ, арга ч үгүй биз. 2012-2013 онд нутгийн иргэд Оюу толгой төслийг санхүүжүүлэгч байгууллагад албан ёсоор гомдлоо гаргаж байсан. Үүнээс хойш орон нутгийн харилцаан дээр маш олон ажил хийгдэж явсаар 2015 оноос орон нутгийн дэмжлэг тал дээр огцом өөрчлөлтүүд орж ирсэн. Нутгийн иргэд ч хүний амьдралд уурхай хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Тэр утгаараа малын бэлчээрээ өгөх нь өгч, хохирол, нөхөн олговроо авч эхэлсэн. Түүнээс үүдэн түншлэл болон харилцан ашигтай ажиллаж болох нь гэдэг чиглэлрүү явсан. Миний хувьд энэ хэлтсээрээ бахархах, баталгаатай хэлэх зүйл бол 2023 онд гүний уурхайн олборлолт албан ёсоор эхэлсэн, цаашдаа 20-30 жил тогтвортой үйл ажиллагаа явуулах стратегиа тодорхойлсон энэ үед дундынхаа эрх ашгийг бодож, харилцан бие биедээ ашигтай ажиллая гэдгээ бүрэн ойлголцоод явж байгаа явдал юм. Ирэх жил бид түншлэгч сумдынхаа 100 жилийн ойтой зэрэгцээд Орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэл дээр 20 жилийн ололт амжилт, сургамжаа ярих байх гэж бодож байна. Бид 20 гаруй жилийн хугацаанд алдсан оносон, мэдсэн сурсан зүйлүүд их бий.

Тиймээс бусад уурхай гэдэг ч юмуу, иргэд ч юм уу бидний алдаа сургамжаас суралцаад явбал сайн л байна. Тэр ч утгаараа Монгол улсынхаа хөгжилд мэдээлэл, мэдлэгээ хуваалцаж байгаа маань ач холбогдолтой гэж харж байгаа. Ер нь бидний түншлэл урт хугацааны сайн сайхны төлөө байх ёстой болохоос нэг удаагийн үйл ажиллагаа, үйлдлээр хэмжигдэхгүй. Өөрөөр хэлбэл, аргалаад өнгөрөх төдий юм хийж болохгүй гэж хэлээд байгаа юм. Түншүүдтэйгээ хамтдаа, удаан хугацаанд хол явахын тулд орон нутгийн иргэдийг төсөл хөтөлбөр, бодлогын бичиг баримт боловсруулах, шийдвэр гаргах, байгууллагын стратеги тодорхойлох гээд бүх шатанд иргэдийн оролцоог хангах нь хамгийн чухал байдаг. Энэ бүх харилцаа эцэстээ хүн хоорондын харилцаа, түншлэл л юм шүү дээ. Түншилсэн бол хоёр биедээ бүрэн итгэж, бүрэн ойлголцох л ёстой. Итгэл, түншлэлээ хадгална гэдэг нь талуудаас маш их хүчин чармайлт шаардах бөгөөд үйл явц нь тасралтгүй үргэлжилдэг. Тэгэхээр оролцоо, итгэлцэл, ил тод байдал, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, түншлэл гэсэн хэдэн түлхүүр үгээр орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг ойлгож, харах хэрэгтэй.

Б.Баяржаргал: Монголд төдийгүй олон улсад байгаль орчны нөлөөллөө маш сайн удирддаг компанийн нэг

/Green Trends ХХК-ийн захирал/

-Манай компани 2019 оноос “Оюу толгой” компанитай хамтран, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тус компанийн байгаль орчинтой холбоотой судалгаа, зөвлөгөө, техникийн ажлуудад нь зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн. Тухайлбал, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, хаалтын үеийн зардлын тооцоо, хаалтын үеийн үйл ажиллагаа, нөхөн сэргээлт зэрэг ажлуудад нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Мөн байгаль орчны нөлөөллийн тухайд жил бүр судалгаа гарган, судалгааны дагуу “Оюу толгой” компани гадаад, дотоодын зөвлөх багуудыг ажиллуулан, байнга судалгаа шинжилгээ хийлгэн, үр дүнтэй ажилладаг. Таван жил тутам хөндлөнгийн шинжилгээний баг ажиллуулан нөлөөллөө хэрхэн шийдэж байна, буурсан, өссөн гэдгийг шинжлэн зөвлөгөө өгдөг. “Оюу толгой” компанийн хувьд Монгол Улсад төдийгүй олон улсад байгаль орчны нөлөөллөө маш сайн удирддаг компаний нэг гэж боддог.

Бид зөвлөх үйлчилгээнээс гадна агаарын чанарын асуудалд түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 18 станц байдаг бол бусад сум суурингуудад байдаггүй тул агаарын чанараа хянаж чаддаггүй. Тиймээс мэдээллийн баазаа бий болгож чаддаггүй. Харин манай компани энэ мэдээллийг бий болгодог станц, хэмжилтийн багажуудыг Монголд оруулж ирэхээр дэлхийн хоёр том үйлдвэрлэгч компанийн Монгол дахь дистрьюбютер болоод ажиллаж байна. Нэг нь Шинэ Зеландын Aeroqual агаарын чанарын багаж үйлдвэрлэгч компани. Эдний агаарын чанар хэмжигч нь зөөврийн хөнгөн, авсаархан, явуулын байдлаар хэмжилт хийхэд ашиглана. Хэрвээ БОАЖЯ, НЗДТГ-аас худалдан авах хүсэлт ирүүлбэл гуравдагч этгээдээр дамжихгүйгээр шууд үйлдвэрээс нь нийлүүлэх боломжтой. 2017 онд Монгол Улсад анх удаа “Оюу толгой” компани уурхай дээрээ энэ компанийн таван ширхэг агаарын чанар хэмжигч станц суурилуулж байсан, ингэснээр байнгын чанараа хэмжих боломжтой болсон. Бид энэ компанийн багаж тоног, төхөөрөмжийн Монгол дахь үйл ажиллагаа, бусад бүх зүйлийг хариуцан ажиллахаар болсон.