Н.УНДРАХБИЛЭГ: ОРОН НУТАГТ ТУХТАЙ АЖИЛЛАЖ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙЖ Л БИД БОЛОВСОН ХҮЧНИЙ ДУТАГДЛААС ГАРНА

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

  Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэгтэй цаг үеийн болон тус сумын нийгэм эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлого шийдвэр зэрэг асуудлаар ярилцлаа.

-Борнуур сум төмс, хүнсний ногооны тариалалтаар улсад тэргүүлдэг байлаа. Одоо үүнийгээ хадгалж чадаж байна уу. Жилд хэдий хэмжээний төмс, хүнсний ногоо тариалж байгаа вэ?

-Төв аймгийн Борнуур сум Монгол Улсын төмс, хүнсний ногооны нэг жилийн хэрэгцээний 20 хувийг хангадаг. Үүнээс гадна сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж байна. Үүний гол үндэс суурь нь 920 га талбайг хамарсан инженерийн хийцтэй услалтын систем юм. Энэ услалтын системийг хуучин нийгмийн үед байгуулсан. Өнөөг хүртэл эвдэж сүйтгэлгүй бүрэн бүтнээр ашиглаж байна. Манай сумын нутагт “Монгол ногоо хөтөлбөрөөс судалгаа хийсэн. Тэгээд энэ услалтын системийн 920 га талбайд байцаа, лууван, сонгино тарихад хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан. Бид ч уламжлал ёсоор өнөөдрийг хүртэл дээрх хүнсний ногоонуудаа тарьж брэнд болгоод явж байна. Ер нь социализмын үед Улаанбаатар хотоос 150 км орчим тойрогт мах, сүү, төмс, хүнсний ногоогоор хангах сангийн аж ахуйнууд байгуулсан юм билээ. Өнөөдөр эдгээр сангийн аж ахуйнууд татан буугдаад сумын статустай болсон ч иргэд үйл ажиллагааг нь үргэлжлүүлээд аваад явж байгаа. Энэ нь Улаанбаатар хоттой ойр сумдын том давуу тал болдог л доо. Өнөөдөр монголчууд бид импортын төмс, хүнсний ногооноос илүү дотооддоо тариалсныг хэрэглэх сонирхолтой болсон. Энэ нь манай ногоочдод эдийн засгийн асар том түлхэц болж байна.

-Та яриандаа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар дурдлаа. Монгол мал аж ахуйн орон учраас аль ч аймаг, сум мах, сүүний чиглэлээр өөр өөрсдийн нэрийн хуудас болсон өвөрмөц брэнд бүтээгдэхүүнтэй. Тэгвэл Борнуур сумын хувьд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ямар байна вэ?

-Бид өнгөрсөн онд фермерийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, хувь хүний судалгаа хийсэн. Тэгэхэд 94 фермер үйл ажиллагаа явуулж байна. Сүү бэлтгэн нийлүүлэгчид маань жилд 40 гаруй сая литр сүү зах зээлд нийлүүлж байгаа юм. Мөнгөн дүнг бодоод үзэхэд өвлийн улиралд нэг литр сүү 2000 төгрөг байна. Дээр нь литр тутамдаа 500 төгрөгийн урамшуулал авна. Энэ урамшууллыг арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл олгодог. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлээд үзвэл долоо, найман тэрбум төгрөг болж байгаа юм. Тэгэхээр фермерийн аж ахуй эрхэлдэг малчдын гар дээр чамгүй мөнгө эргэлдэж байна гэсэн үг. Гэтэл манай сумын нэг жилийн төсөв нэг тэрбум 580 сая төгрөг шүү дээ. Зөвхөн сүүний үйлдвэрлэлийг тооцоход л ийм дүн гарч байна. Фермерийн аж ахуй эрхлэхэд мэдээж өвлийн улиралд тэжээлээс өгсүүлээд зардал гарна л даа. Зуны дэлгэр цагт зардал буурч цэвэр ашиг нь өснө гэсэн үг. Иймд манай сумаар дамжин өнгөрч буй хүмүүс “Танай сумын нийгэм эдийн засгийн үзүүлэлт сайжирсан нь илт байна. Боломжийн амьдралтай хүмүүс юм. Хөл хөдөлгөөнийг ажвал нөр их хөдөлмөрч хүмүүс байна” гэдэг. Сая би зөвхөн сүүний үйлдвэрлэл ярилаа. Үүнээс гадна мах, ноос, ноолуур, арьс ширийг тооцоод үзвэл нэлээдгүй мөнгөн дүн гарна. Мал аж ахуй, газар тариалангийн орлого, зарлагаа тооцоод үзвэл манай сумын нийгэм эдийн засгийн үзүүлэлт өндөр хувьтай гарна.

-Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбарт шинээр гаргаж байгаа ямар ямар бүтээгдэхүүн байна вэ?

-Өнгөрсөн зун Төв аймаг 100 жилийн ойгоо өргөн дэлгэр сайхан хийлээ. Аймгийнхаа ойг угтаад сумдууд “Нэг сум нэг бүтээгдэхүүн” гэсэн бодлого хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд манай сумын иргэд шар сүүгээр ундаа хийж шинэ бүтээгдэхүүн гаргалаа. Мөн зайрмаг, хөлдөөсөн тараг үйлдвэрлэж байна. Бас манай сумын нэг залуу гэр бүл бяслаг/чийж/ үйлдвэрлэж эхэлсэн. Бизнесээ өргөтгөхийн тулд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа аваад явж байна. Энэ маань манай сумын нэрийн хуудас болсон шинэ брэндийн нэг. Энэ мэтээр үйлдвэрлэл хөгжиж байгаа олон жишээ бий.

-Та үйлдвэрлэл хөгжиж буй тухай ярилаа. Орон нутгийг дэмжих сангаас иргэдийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэлээ хэрхэн дэмждэг юм бэ?

-Хуучнаар Сум хөгжүүлэх сан буюу Хоршоо хөгжүүлэх санд 300 сая төгрөгийн актив бий. Үүнээс сумандаа үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст дэмжлэг олгож ирсэн. Засгийн газраас хоршоог түлхүү дэмжихээр зарласан. Манай суманд хэд хэдэн хоршоо байгуулагдаад амжилттай ажиллаж байна. Тухайлбал, “Арангат Баянхангай” хоршоо гэж бий. Хоршоод маань аймаг, сумаас дэмжлэг авдаг. Аймгийн зүгээс нэг хоршоонд 30 сая төгрөгийн зээл өгөөд зөнд нь орхиж болохгүй, үр дүн гарга, бойжуул, үйл ажиллагаа явуулах газар олго, техник хэрэгслийн туслалцаа үзүүлэхэд анхаар гэдэг. Сум ч мөн адил дэмжиж туслахаас гадна аймгаас өгсөн заавар, зөвлөгөөг ажилдаа тусгадаг. Ингэж байж хоршоод хөл дээрээ босно. Үйл ажиллагаа нь жигдэрч хөл дээрээ боссон хоршоодод “эргээд сум, орон нутгийн хөгжилдөө хувь нэмэр оруулна” гэсэн шаардлага тавьж байгаа юм. Бид ч ийм л бодлого гаргаад ажиллаж байна. Дээр дурдсан “Арангат Баянхангай” хоршооны үйл ажиллагаа жигдэрсэн. Өнөөдрийн байдлаар сумын аюулгүйн нөөцөд 1000 боодол ногоон тэжээл нийлүүлнэ гэж гэрээ хийлээ. Бид төрөөс өгч буй трактор, боогч техник, хадуур зэргийг гэрээгээр эзэмшүүлж байна. Мөн “Мандал баялаг” тохижилт үйлчилгээний хоршоо гэж бий. Энэ хоршоо хогны асуудлыг шийдвэрлээд явах үүрэг хүлээж байгаа. Сумын удирдлагуудын зүгээс ковш, хогны машин өгөх зэргээр дэмжээд явах юм. Ингээд төрийн үүрэх ачааг хоршоод хуваалцаж байна. Энэ мэтээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч байгаа.

-Ер нь хоршоод ямар ямар үйл ажиллагаа эрхэлж байна вэ?

-Газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр ихэвчлэн үйл ажиллагаа явуулдаг. Үүн дотроо сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг. Мөн малын үүлдэр угсааг сайжруулж байна. Тухайлбал, Болгар улсаас оруулж ирж байгаа монбилярд үүлдрийн үхрийг нутагшуулж эхэлсэн. Энэ үүлдрийн үхэр нэг саамд 20 гаруй литр сүү өгдөг. Ийм үүлдрийн 12 үхрийг “Арангат Баянхангай” хоршоонд өгсөн. Тэгээд малынхаа үүлдэр угсааг нь сайжруулаад аваад яв гэж байгаа юм. Үүнээс гадна малын тэжээлийн ургамал тариалахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй тарь, тэгээд хоршоогоо хөл дээр нь босго гэсэн шаардлага тавьж байна. -Энэ зун нийт нутгаар бороо хур ихтэй байлаа. Өвлийн бэлтгэл, хадлан, тэжээл хэрхэн базаасан бэ? -Өнгөрсөн зун бороо хур элбэг, үер усны аюул манай улсад төдийгүй дэлхий нийтээр тохиолоо. Манай суманд малын тэжээлийн ургамал их сайхан ургасан. Хадлангийн хувьд бороо хур ихтэй учраас харлах, хагдрах явдал гарсан. Гэвч малчид, тариаланчид маань тус бүрдээ өвлийн бэлтгэлээ чамбай базаасан. Сумын засаг захиргааны зүгээс ч өвс, тэжээлийн аюулгүй нөөц хангалттай бэлдээд байгаа. Манай суманд Мал хамгаалах санд зургаа, долоон сая төгрөг байдаг. Энэ мөнгөөр өвс, тэжээл хямдхан байх үед нь худалдан авч цаг хүндэрсэн тохиолдолд малчдадаа хөнгөлөлттэй үнээр өгдөг юм.

Дээр нь “Арангат Баянхангай” хоршоо жил бүр 1000 боодол ногоон тэжээл, өвс сумын аюулгүй нөөцөд нийлүүлэх үүрэг хүлээж гэрээ хийсэн. Бид энэ өвс, тэжээлийн нэг боодлыг нь 10 мянган төгрөгөөр борлууллаа гэхэд л 10 сая төгрөг болно. Ингээд Мал хамгаалах сангийн хөрөнгө 17 сая төгрөгт хүрэх боломж бүрдэж байгаа юм. Цаашдаа уг сангийн хөрөнгө мөнгө нэмэгдэх боломж нээгдэж байна. Энэ мэтээр хоршоод нийгмийн хариуцлагын хүрээнд сум орныхоо нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулаад явах юм. -Танай сумын хувьд шинээр ажлын байр бий болгох, хүрэлцээ нь хэр байдаг юм бол? -Хүн бүр тодорхой хэмжээний малтай болсон. Бас газар тариалан эрхлээд байгаа учраас хүмүүс хувь хувийн ажил, бизнесээ эрхлээд явж байна. Ийм учраас бусад ажлын байрууд нь ажиллах хүчний хомсдолд орсон. Тухайлбал, төрийн байгууллагад ажиллах хүчний хомсдолд орсон. Өнөөдөр манай сумын эрүүл мэндийн салбарт 26.8 орон тоо шаардлагатай. Гэтэл 18 хүн ажиллаж байна. Ажлын байрны энэ хомсдолыг арилгах, шинэ залуу боловсон хүчин орон нутагтаа татах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд цэвэр бохирын шугам, төвийн дулаанд холбогдсон, бүрэн тавилгатай найман сууц бэлдлээ. Ингэснээр манай суманд ирж ажиллах эмч нарын асуудлыг шийдэх боломж бүрдэж байгаа юм. Хүний тав тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгч байж л бид боловсон хүчний дутагдлаас гарна шүү дээ. Ийм маягаар орон нутагт ирж ажиллах боловсон хүчний нийгмийн баталгааг хангаж өгөхгүй бол төрийн үйлчилгээ доголдох гээд байна. Юуг нь нуух вэ. Нэг хэсэг доголдсон. Ковидоос хойш нэлээд бэрхшээл тууллаа. Эмч нар маань ковидын үед хүнд ачаалалтай ажилласан учраас шантраад хувийн бизнес эрхлэх сонирхолтой болоод ажлаасаа гарах явдал нэлээд гарсан.

-Та сая бүх асуудлыг нь шийдсэн найман айлын сууц барьсан гэлээ. Тэгвэл Төв аймгийн зарим суманд инженерийн шугам сүлжээтэй цэвэрлэх байгууламж барих болсон. Танай сум энэ төсөл хөтөлбөрт хамрагдсан уу?

-Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, Төв аймагтай хамтраад сумын хөгжил инженерийн шугам сүлжээг шийдэх асуудлын хүрээнд төсөл хэрэгжүүлж байгаа. Манай сум үүнд хамрагдаж 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон. Энэ төсөл дөрвөн үе шаттай хэрэгжинэ. Бид энэ онд бохирын асуудлаа шийдэхийг хүссэн. Тэгээд цэвэрлэх байгууламжаа бариад шугам сүлжээгээ холбоод байна. Үүнд нийт 13 байгууллага хамрагдсан. Өмнө нь эдгээр байгууллага бүр тус тусдаа бохироо цуглуулах савтай, соруулах байдлаар бохирын асуудлаа шийдэж ирсэн. Одоо нэгдсэн шугам сүлжээгээр бохирын асуудлаа шийдэж байгаа. Аймгийн хэмжээнд таван суманд энэ төсөл хэрэгжиж байна.

-Эхний ээлжид төрийн байгууллагуудаа ямартай ч цэвэрлэх байгууламжтай холбож гэж ойлголоо. Цаашид иргэдийн амины орон сууцыг холбох уу?

-Бүрэн боломжтой. Өдөрт 50 шоо метр бохир хүлээж аваад цэвэрлэх хүчин чадалтай. Энэ цэвэрлэх байгууламж одоо өдөрт дунджаар 15 шоо метр бохир хүлээн авч байгаа. Цэвэрлэх байгууламж ажиллаж эхэлсэн учраас эвдрэх, бөглөрөх гээд асуудал гарна шүү дээ. Ийм учраас тэр бүгдийг засаад хэвийн ажиллуулах боловсон хүчин хэрэгтэй юм. Тэгээд бид Барилга хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төв, Нийтийн аж ахуйн үйлчилгээний хэлтэстэй яриад цэвэрлэх байгууламжаа цаашид хэрхэн авч явах мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, сургалт явуулж өгөх хүсэлт тавьсан.

-Хойд хөршөөс урд хөрш рүү тавих хийн хоолой танай сумын нутгаар дамжих сураг байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай сум 5100 хүн амтай. Газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ гэсэн нийгэм эдийн засгийн таван салбартай. Үүнээс гадна ОХУ-аас БНХАУ- руу татах хийн хоолой манай сумын нутаг дээгүүр дамжин өнгөрнө. ОХУ-ын “Газпром” компаниас манай суманд хий дамжуулах төв байрлуулахаар зураг төслүүд нь хийгдээд судалгаа шинжилгээний ажил явагдаж байна. Энд 400-аад хүний ажлын байр бий болно гэсэн судалгаа бий. Тэгэхээр манай сумын нийгэм эдийн засгийн салбарт шинэ салбар нэмэгдэх юм. Эхний ээлжид орос мэргэжилтнүүд ажиллах юм билээ. Тэд монгол залуусыг дагалдан ажиллуулаад сургана.

-Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудаас ямар ямар ажил хийж гүйцэтгэж байна вэ?

-Сумын төв, манай сумаар дамжин өнгөрдөг төв зам дагуу нарны энергиэр ажилладаг 214 гэрэлтүүлэг тавилаа. Төрийн байгууллагуудынхаа цэвэр, бохир усны асуудлыг шийдлээ. Мөн камержуулах ажил хийж байна. Соёл спортын цогцолбор ашиглалтад оруулсан. Малчдад чиглэсэн худаг усны асуудлыг шийдээд явж байгаа. Тухайлбал, 14 худаг шинээр гаргалаа. Мөн ашиглахгүй орхисон дөрвөн худгийг сэргээн засварласан. Үерт урссан сумын төвийн замаа “Арж капитал” компанитай ярилцаад нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулаад засуулж авлаа. Хоёр цэцэрлэгийн дээвэр, гаднахыг зассан. Цаашид хийхээр төлөвлөсөн чамгүй ажил бий. Тухайлбал, 320 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн зураг төсөл, техникийн нөхцөлүүдийг бүрэн хийж, ирэх оны улсын төсөвт тусгуулахаар УИХ-д өргөн барьсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг одоогоор сайн мэдэхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа