Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв

Улс төр

   Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.11.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

Эхлээд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 21 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 7 тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн юм. Төсвийн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна. Улсын Их Хурлын даргын 2023 оны 162 дугаар захирамжаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс хууль, тогтоолын төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа.

Мөн Төсвийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсгийг үндэслэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн, төслийн тухайн зүйлтэй холбогдуулан гишүүн, бусад Байнгын хороо, ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулсан байна.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс уул Уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд худалдах гэрээг байгуулахад уул уурхайн бүтээгдэхүуний биржээр заавал арилжаалахгүй байхаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах газрын ерөнхий төлөвлөгөө, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар гаргасан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох шийдвэр гаргахтай холбоотой зохицуулалтыг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна. “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “төсвийг ил тод хариуцлагатай байх зарчимд нийцүүлж төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрөөр төлөвлөн, хөтөлбөр, арга хэмжээний үр дүн болон үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлж түүнтэй уялдсан төсвийн зардлыг тооцож боловсруулж байх” гэсэн дэд заалт нэмэх, мөн орон сууцны ипотекийн зээлийн эрэлт болон төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан ипотекийн хөтөлбөрийн эх үүсвэрийг нийслэл, орон нутагт үе шаттайгаар нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн 60 хувийг орон нутгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хуваарилах, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор инженерийн дэд бүтцийн шийдэлтэй, нийт талбай нь 100 м2-аас ихгүй хэмжээтэй амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанканд даалгахаар өөрчлөн найруулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.


Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх асуудал тусгагдаагүй байгааг тодруулж, хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар Т.Доржханд гишүүн тодруулав. Төв банкны онилсон инфляцын зорилтод төсөв, мөнгөний бодлогыг нийцүүлэх чиглэлийг баримталж байгаа бөгөөд ипотекийн хөтөлбөрт Монголбанк зөвхөн операторын үүрэг гүйцэтгэж оролцоно гэдгийг Сангийн сайд тайлбарлав. 10 гаруй жилийн хугацаанд үргэлжилсэн ипотекийн зээлийн хөтөлбөр нь өдгөө 4 гаруй их наяд төгрөгийн санхүүжилттэй болсон бөгөөд зээлдэгчдийн сар бүрийн төлөлтөөс 30-40 тэрбум төгрөг төвлөрдөг байна. Үүнийгээ буцаагаад зээл болгон гаргахад жилдээ 400-500 тэрбум төгрөгийн эргэлт хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэмэлт санхүүжилт шаардлагагүй гэдгийг тайлбарыг өгсөн. Харин эл хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэн авах бэлтгэл хангаж байгаа, иймд шилжүүлэн авах хүртэл Монголбанк тус хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг хэллээ.


Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар төсвийн төслийн хамт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх болсны учир шалтгааныг тодрууллаа. Монгол Улсад газрын бүртгэлийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар /иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн бүртгэл/, Улсын бүртгэлийн ерөнхий газар /өмчлөх эрхийн бүртгэл/, Ашигт малтмал, газрын тосны газар /уул уурхайн газар/, Байгаль орчин, аялал жуулчлалын яам /тусгай хамгаалалттай газар/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /тариалан, бэлчээр/ зэрэг байгууллагууд зэрэгцэн эрхэлж байгаа нь чиг үүргийн давхардал болон зохиомол шат дамжлагыг бий болгохын зэрэгцээ “Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх” гэсэн Газрын тухай хуульд заасан зарчмыг алдагдуулж байна хэмээн төсөл санаачлагч үзжээ. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, газар олгох, бүртгэх, төлөвлөх эрх бүхий яам, агентлагууд, Засаг дарга нартай харилцан уялдаатай, хяналт тавьж ажиллах боломж нөхцөлөөр хангаж, газрын асуудлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж цэгцлэх шаардлага үүссэн. Холбогдох шийдвэрээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосонтой холбогдуулан, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсөв нь шилжиж байгаа учир төслүүдийг ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн гэдэг тайлбарыг Сангийн сайд өгсөн. боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалтын асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгсөн.


Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотойгоор Засгийн газраас баримталж буй бодлого, төлөвлөлтийн талаар тодруулж, Сангийн сайд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хариулт авав. Түүнчлэн НӨАТ-ын буцаалтыг хил, гааль дээр хэрхэн олгодог талаар тэрбээр тодруулахад “2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэд, жуулчид НӨАТ-ын буцаан олголтыг хил, гааль дээр буцаан олгож эхэлнэ” хэмээн Б.Жавхлан сайд хариулсан.


Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ж.Батсуурь, Н.Наранбаатар нар ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, хариулт авсан бол Ж.Чинбүрэн гишүүн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар тодруулж, “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүүхдийг гадаадад эмчлүүлээд ирэхэд нь стратегийн худалдан авалтаар зохицуулах буюу төсөв нэмэхгүйгээр зохицуулах боломжийг тусгах санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ипокекийн зээлийн 60 хувийг орон нутагт олгохтой холбоотой зохицуулалтын үндэслэлийг холбогдох сайд, ажлын хэсгээс хариулт авсан.


 

Ийнхүү Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авснаар үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтаар эхэлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.