СЭТГЭЛ ТАТАХ ШАНЬДУН, СЭТГЭЛД ҮЛДСЭН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XIV ФОРУМ

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

   Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн XIV форум БНХАУын Өвөр Монголын Өөртөө Засах орны /ӨМӨЗО/ Улаанцав хотноо есдүгээр сарын 18-ны өдөр болж өнгөрлөө.

   Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форумыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэлийн алба хамтран зохион байгуулсан юм. Цар тахлын жилүүдэд буюу өнгөрөгч гурван жилийн хугацаанд энэхүү форум нь цахимаар болж байсан. Харин энэ удаагийнх хоёр орны 100 гаруй сэтгүүлчид нэг танхимд нүүр тулан уулзаж, мөр зэрэгцэн сууж буйгаараа онцлог байсан төдийгүй хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг илүү бодит, ажил хэргийн түвшинд хүргэж, хөгжүүлэх чухал гарц, чухал асуудлуудаа хэлэлцэн ”Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч: Орчин үеийн шинэчлэл ба хамтын хөгжил” сэдвийн дор чуулсан. 2010 оноос зохион байгуулж ирсэн энэхүү форум жилээс жилд өргөжин тэлж, хэлэх , ярих биш хийж хэрэгжүүлж, бодит ажил болгож буй нь хамгийн чухал үр дүн гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Ээлжит форумд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимаар мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн бол БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба илгээлт ирүүлснээс харахад мөнхийн хөрш гэгдэх хоёр орны талаас өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл буй за. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд хоёр орны сэтгүүлчдийн хооронд нэлээд яриа хэлэлцээр байгуулагдаж, нэлээд төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг талууд тусгайлан онцлон хэлснийг дуулгахад таатай байна. Дэлхий нийтээр цахимжиж буй энэ эрин үед хоёр орны сэтгүүлчид хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахаас гадна орчин үеийн шинэчлэл ба хөгжилд сэтгүүлчдийн үүрэг оролцоо, хамтын ажиллагаа ямар байх, тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан сайхан чуулган боллоо. Мөн хоёр орны иргэд үнэн зөв мэдээ, мэдээлэл авахад сэтгүүлчид чигч байж, хэзээ ч ганхахгүй гүүр нь байх, түүнчлэн хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд сэтгүүлчдийн хувь нэмэр хамгаас чухал байх ёстой гэдэг дээр байр суурь нэг байж чадсан.

-Форумын нээлтийн үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Монгол-Хятад сэтгүүлчдийн хамтын ажиллагааны хамгийн том нөхөрсөг уулзалт, баяр байдаг форумын үйл ажиллагаа эхэлж байгаад туйлын баяртай байна. 2019 оноос бид бүхэн дэлгэцний наана, цаанаас форумаа хийж, ярилцах сэдэв, хөндөх асуудал, хэлэлцэх мэдээллээ цахимаар зөвлөлдөж гурван жилийг ардаа үджээ. Харин 2023 оны хавраас бид нүүр тулан уулзах, нөхөрсөг, найрсаг, дэвшилтэт хамтын ажиллагаа улам идэвхжиж байгаад туйлын баяртай байна. Бид бүхэн жил бүрийн намар Монгол-Хятадын сэтгүүлчдийн форум хийгээд 14 дэх жилдээ орж байна. Энэ бүх хугацаанд бид хөндөөгүй сэдэв, ярилцаагүй салбар, зөвлөлдөөгүй зүйл гэж байхгүй гэхэд болно. Бид хэвлэл мэдээллийн салбарынхан. Иргэдэд зөвийг тунгаах, бурууг ойлгох, асуудлыг мэдрэх боломжийг олгох үүрэгтэй. Мөн бидэнд холыг ойртуулж, хоёрыг учруулах хүч бий. Хоёр улсын иргэдийн хооронд мэдээллийн гүүр болох чадал буй. Энэ удаагийн форумыг өндөр түвшинд зохион байгуулж байгаа Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, Өвөр Монголын Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны хамт олонд дахин талархал илэрхийлж байна. Бид бүхний хамтын ажиллагаа жил бүр шат ахиж, хамтын нөхөрлөл улам зузаарч байгаад таатай байна. Энэ удаагийн форумаар ч нөхөрлөл батжиж, илүү бэхжих болно” гэв.

-Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын нарийн бичгийн дарга, холбооны дэд дарга Лю Сыя "Олон жилийн турш Хятад, Монголын хэвлэл мэдээлэл солилцооны үйлсэд үнэнчээр зүтгэж ирсэн олон давхаргын хүмүүст чин сэтгэлээсээ хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлье. Цар тахлын үед Хятад, Монгол хоёр улс бие биедээ тусалж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах сэтгэлгээг дээдлэн, “Хонь ирж, цай очсон” сайхан үлгэр жишээг бүтээж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийн тухай ойлголтыг тодоор тайлбарлажээ. Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум цар тахлын үед ч тасалдаагүй бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хэвийн солилцооны механизм, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог сайжруулах чухал суваг болсон юм. Одоогоос 14 жилийн өмнө бид зүрх сэтгэлээсээ найзалж, чин сэтгэлээсээ нөхөрлөж байсан. Хоёр тал Хятад, Монгол хоёр орны найрамдлын үндэс суурийг баримталж, хоёр орны хөгжлийг зөв талаас нь бодитойгоор танилцуулж, эерэг мэдээллийг идэвхтэй түгээж, хоёр орны ард түмэн бие биедээ тус дөхөм үзүүлэхийн төлөө бодитой үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумын энэхүү мод нь хоёр орны хэвлэл мэдээллийн ажилтнуудын хамтын усалгааны дор эрчимтэй ургаж, эдүүгээ цэцэглэн хөгжиж, баялаг үр жимс сууж, Хятад, Монголын найрамдлын хөгжил болон бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааны амьд гэрч болжээ. “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч: Орчин үеийн шинэчлэл ба хамтын хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа нь маш чухал ач холбогдолтой юм. Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран Хятад, Монголын Хэвлэл мэдээллийн Форумыг үргэлжлүүлэн амжилттай зохион байгуулж,”Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятад, Монголын хамтын ажиллагааг ахиулах олон нийтийн санаа бодлын суурийг баттай тавьж, ниигмийн бат бэх суурийг ахиулахад бэлэн байна” гэдгийг онцолсон.

Урд хөршийн тэргүүлэгч мужуудын нэг нь Шаньдун

Монгол хятадын сэтгүүлчдийн XIV форумд оролцсон хоёр орны сэтгүүлчид хамтарсан сурвалжлага хийхээр Шаньдун мужийн Яньтай, Чиндао хотын зүг аяны жолоо заллаа. Замын тухай энд хэлэх илүүц биз, зүгээр л толь. Хэдэн эгнээ, хэдэн давхар замын учрыг заримдаа үл олно, түгжрэл гэдгийг тэд хэдийнэ мартжээ. Энд нэг зүйл хэлэхэд, цар тахлын улмаас сүүлийн гурван жилийн турш гадаад орныг зориогүй болоод ч тэр үү байнга очдог Эрээн хот хүртэл танигдахын аргагүй өөрчлөгдсөн байв. Тэнд шинэ Эрээн сүндэрлэн өндөр өндөр барилга, үнэтэй машин холхисон том хотын төрхтэй бүхэл бүтэн бие даасан хот бий болжээ. Улаанцав ч ялгаагүй Хятадын томоохон хотын нэг болжээ. Сэтгүүлчид Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл болох Хөх хотын нисэх буудлаас Яньтай хот руу хөөрөх тул автобусны цонхоор хөгжин дэвжиж буй Хөх хотыг харж явах сайхан байсан. Зам зуур өндөр өндөр барилга сүндэрлэсэн суурингууд харагдах агаад хүний гараар бүтсэн ой үргэлжилнэ. Үнэхээр л хийж чаддаг, хийлгэж чаддаг, хүний төлөө нийгэм үйлчилдэг нь хэнд ч ойлгомжтой. Гурван жил дэлгэцээр уулзсан андууд салбарынхаа хөгжил, уналт босолт, цахим ертөнцийн сайн мууг хэлэлцэж явсаар нэг мэдэхэд нисэх буудалд ирсэн байлаа. Бидний очих Шаньдун муж нь 100 сая гаруй хүн амтай бөгөөд 158 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, эдийн засгийн үзүүлэлтээрээ гуравт ордог нэлээн том муж аж. Түүнчлэн Шаньдун нь хүн ам олонтой, бие даасан эдийн засагтай, өөрийн гэсэн соёлтой мужийн хувьд Хятадын чухал аж үйлдвэрийн бааз бөгөөд хойд бүсийн эдийн засгийн хөгжлийн стратегийн тулгуур төв нь юм байна. Эрчимтэй хөгжлийн анхдагч туршилтын бүс болсны хувьд тэр хэрээр амжилт дагуулж, мужийн эдийн засаг, нийгмийн хөгжил гайхалтай хурдацтайгаар хөгжин орчин үеийн хүчирхэг мужийг бий болгожээ. Бүс нутгийн ДНБ 2022 онд 8.74 их наяд юаньд хүрч, жилийн дундаж өсөлт 5.4 хувьд хүрчээ. Улсын нэгдсэн төсвийн орлого 710 тэрбум 400 сая юаньд хүрч, үр тарианы нийт ургац есөн жил дараалан 100 тэрбум гаруй килограммыг давж, газар тариалангийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ нэг их наяд юанийг ардаа орхижээ. Далайн эдийн засгийн нийт хэмжээ нь улсын хэмжээнд хоёрдугаарт, далайн боомтуудын нэвтрүүлэх чадвар нэгдүгээрт ордог гэнэ. Сүүлийн арван жилийн хугацаанд Шаньдун муж шинэ үеийн мэдээллийн технологи, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, шинээр эрчим хүч гаргах зэрэгт үсрэнгүй дэвшил гаргасаар байгаа юм. Байгаль орчны заалтуудаа бүртгэлжүүлснээр байгаль орчны үндсэн үзүүлэлтүүд хамгийн дээд түвшиндээ хүрч, PM2.5-ын агууламж 33.3 хувиар буурч, их хэмжээний бохирдолтой хоногийн тоо 71.8 хувиар буурчээ. Шаньдун нь дэлхийн 94 улсын 618 хоттой ах дүүгийн найрсаг хамтын ажиллагааны хот байгуулж, үүний дотор “Бүс ба Зам”-ын дагуух 66 улсын 313 хотыг багтаасан байна. Энэ бүхнээс харахад энэ муж бүс нутаг, эдийн засаг гээд бүхий л талаараа яах аргагүй том бөгөөд тэргүүлэгч байх аж.

Дарсны өлгий гэгдэх Яньтай хот

-Үүлгүй хөх тэнгэрт хөөрсөн агаарын хөлөг хоёрхон цагийн дараа Шаньдун мужийн Яньтай хотын нисэх буудалд газардсан юм. Бас л шил толь, гял цал орчин, далайн чийглэг агаар хамар цоргин угтсан. Бид автобусандаа хоёр хуваагдан зочид буудлынхаа зүг хөдөлж, тэр зуур Яньтай хотын гоё сайхныг ярилцсаар. Долоон сая гаруй хүн амтай энэ хотын иргэд, автомашин нь хаашаа одов гэмээр хөл хөдөлгөөн, замын ачаалал эрс бага байх нь сонирхол татна. Тэр зуурт “Улаанбаатар хотод сая гаруй хүн амьдардаг гэж худлаа тоолсон байх” гэдэг онигоо ч толгойд зурсхийсэн. Яньтай хот нь Шаньдун хойгийн зүүн хэсэгт, Шар тэнгис, Бөхай тэнгистэй хиллэдэг бөгөөд Хятад улсын далайн эрэг дагуух нээлттэй хотуудын нэг юм байна. Яньтай хот нь далайн эрэг дагуу сүндэрлэж, далайн боомттой болохоор бусад хотуудаас онцлогтой цэцэглэн хөгжсөн. Жанюй, Алтан гадас, Саньхуань зэрэг олон зуун жилийн түүхтэй брэндү үд гадаад, дотоодод алдаршжээ. Үндэсний эдийн засгийн 41 салбараас 37 салбарыг хамарсан аж үйлдвэрийн салбартай. Яньтай хотын нэрийн хуудас бол Жанюйгийн дарсны үйлдвэр юм. Жилд 71 мянган тонн дарс үйлдвэрлэдэг тус улсын дарсны өлгий нутаг юм. Жанюй дарс нь 1892 онд үүсгэн байгуулагдаж, 1915 онд Панамын алтан медаль хүртэж байсан бөгөөд Хятадын номер нэг дарсны брэнд аж. Уншигч танд сонирхуулахад 90 тэрбум ширхэг борлогдсон дарс хүртэл бий гэнэ лээ. Одоогийн байдлаар дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагтай худалдааны харилцаа тогтоож, дэлхийн шилдэг 500 гаруй компаниас 100 гаруй нь Яньтайд хөрөнгө оруулалт хийж, бизнесээ эхлүүлээд байна. Экологи, соёлын өвөрмөц онцлогтой бөгөөд НҮБ-ын амьдрах орчны шагнал, Хятадын амьдрах орчны шагналыг хүртжээ. Яньтай хотод айлчилсан зочид нь Яньтай уул, Чаяон гудамж, Жанюй дарсны соёлын музей, Янма арал, Ремеген биотехнологийн компани, Кеяа брэнди дарсны үйлдвэр зэргийг үзэхгүй өнгөрч үл болно. Бид ч дээрх газруудыг үзэж сонирхож амжсандаа сэтгэл өег буцсан.

Далайн түвшнээс дээш 42.5 метрт залрах Яньтай уул

Яньтай хотын үзэсгэлэнт газруудын нэг болох Яньтай уул нь далайн түвшнээс дээш 42.5 метр, 45 га талбайтай бөгөөд уг уулын нэр Яньтай хотын нэрээс үүдэлтэй гэнэ. Хотынхоо хойд захад байрлаж, гурван талаараа далайгаар хүрээлэгджээ. Уулан дээрээс хотын урд зүг тэр чигтээ харагдах бөгөөд хэдэн зууны өмнө тус хотод байрлах гадаад улсуудын элчин сайдын яамны хуучин барилгууд өнгө үзэмжээ гайхуулна. Байгалийн үзэсгэлэн, уул, далай, хот, боомтын өвөрмөц үзэмж нь энд л байх агаад, 600 гаруй жилийн түүхтэй бөгөөд тус хотын түүхийн чухал өлгий, бэлэг тэмдэг гэж үздэг юм байна.

Нэрийн хуудас болсон Жанюй дарс

Жанюй дарсны соёлын музейн үндсэн барилга нь бараг 4000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг бөгөөд нийт барилгын талбай нь 10,000 хавтгай дөрвөлжин метр байдаг гэдгийг аялалын хөтөч маань бидэнд хэлснээр тус музейтэй танилцах аялал эхэлсэн. Соёлын музей нь Дарсны соёлын талбай, Ерөнхий танхим, түүхийн танхим, Кино телевизийн танхим, Орчин үеийн танхим, Уран бичлэг, уран зургийн танхим, ховор бүтээгдэхүүний танхим, газар доорх том дарсны зоорь зэргээс бүрджээ. Дарс үйлдвэрлэж эхэлснээс өнөөдрийг хүртэлх бүх үйл явцыг хэн ч ойлгохоор тод харуулж чадсан байлаа. Энэ музейтэй танилцсан хэн ч Яньтай хотыг аргагүй дарсны өлгий юм байна гэдгийг төвөггүй мэднэ. Ухаалаг далд ус зайлуулах системийг зоорины дотор болон гадна талд зохион бүтээсэн нь Чин гүрний Бадруулт төр хааны 31-р онд /1905он/ барьж дуусган, дэлхийн барилга байгууламжийн түүхэнд гайхамшиг гэж нэрлэгдэж байж. Дарсны том зоорийн тухайд 2,666 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарч, дарсны соёлын талбай нь 30,000 хавтгай дөрвөлжин метр, музейн талбай нь 40,000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг гэхээр ямар том байгууламж гэдэг нь танд ойлгогдож байгаа байх. Бүтээгдэхүүн хадгалах зооринд ороод үнэхээр л олон жил хадгалсан дарсууд хараа булаана, бүр 130 жил хадгалсан гэх. Жанюй дарс Яньтай хотын нэрийн хуудас байхаас ч яах вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж, цагаан атаархал шил татуулсаар музейгээс гарсан.

Техник, технологиороо тэргүүлэгч Ремеген био эм бэлдмэлийн компани

Ремеген био эм бэлдмэл ХХК нь 2008 оны долдугаар сард 544 сая юанийн бүртгэлийн хөрөнгийн сантайгаар үүсгэн байгуулагджээ. Улсын дотоод тэргүүний, дэлхийн жишигт нийцсэн биологийн шинэ эмийн судалгаа, хөгжүүлэлтийг хийдэг. Бидэнд энэ компаниар зочилж, энэ салбарын дэлхийн жишигт нийцсэн техник, тоног төхөөрөмж, технологитой танилцах аз тохиосон юм. Үүнийг бичигч миний бие Улаанбаатар хотын сонгинын аманд байрлах “Био комбинат”- аас өөр ийм салбарын үйлдвэрийг үзэж байгаагүй тул ороод л гайхсандаа бараг л эрүү ам салах дөхсөнийг нуугаад яах вэ. Монголчуудын хувьд дэндүү их ялгаатай зүйлийг “Тэнгэр газар” шиг гэж ярьдаг, гэхдээ энд тэр тэнгэр газрыг ч хэлэх юм биш, гэлээ гээд яах вэ дээ. Удахгүй манай улс ч ийм болно л доо. Тус компани нь 15 томоохон тусгай төслийг дараалан хэрэгжүүлж, доктор Фан Жяньминь зэрэг үндэсний хэмжээний 30 гаруй тэргүүлэх алдартнуудыг цуглуулж, судлан бүтээсэн бүтээгдэхүүн нь эмийн салбартаа тэргүүлж, хамгийн шилдэг нь болж чадсан юм байна. Одоогийн байдлаар 20 гаруй нэр дэвшигч биофармацын бүтээгдэхүүнийг боловсруулж, долоон нэр төрлийн эмнэлзүйн туршилт, олон арван шинэлэг эм судалгаа, боловсруулалт хийхээс гадна жил бүр 2-3 эм шинээр эмнэлзүйн судалгаанд хамруулж байгаа аж. Битүү шилэн вакуум орчинд, битүү хувцас өмссөн хүмүүс өөрөөсөө бусдыг анзаарах сөхөөгүй ажиллана. Тэнд ажиллаж буй ажиллагсад, эрдэмтэн мэргэд өөрт ноогдсон ажлаа хийгээд бидний хэдэн сэтгүүлчдийг үл анзаарна. Арга ч үгүй биз, нүд цавчих төдийгөөр үр дүн өөрчлөгддөг байж болзошгүй. Мэдээж эм, эмийн бүтээгдэхүүн гэдэг хүн бүрийн хэрэгцээ байдаг ч нөгөө талаараа хүний амь насны асуудал байнга дагалдаж явдаг тул ингэж ажиллахаас өөр аргагүй байдаг байх л даа. Энэ компани нь Хонконгийн хөрөнгийн биржийн үндсэн зөвлөл болон Шанхайн хөрөнгийн биржийн Шинжлэх ухаан, технологийн инновацын зөвлөлд бүртгэлтэй бөгөөд тс мужийн анхны “A+H” бүртгэлтэй биоанагаах ухааны компани юм.Зүгээр л 2022 онд үйл ажиллагааны орлого 597 сая юаньд хүрч, 2023 оны эхний улиралд 168 сая юаньд хүрсэн гээд бод доо.

Дэлхийд танигдсан Chateau Changyu Koya Brandy

Яньтай Кея бренди дарсны үйлдвэр Европын дундад зууны үеийн Романескийн архитектурын хэв маягийг шингээсэн бөгөөд мөн л 30 гаруй га талбайг эзэлдэг томоохон үйлдвэр юм байна. Энэ үйлдвэр нь Жанюй компанийн 200 сая юаний хөрөнгө оруулалтаар барьсан Хятад дах анхны бренди дарсны үйлдвэр юм байна. Дарсны үйлдвэрээ тойроод өргөн уудам талбайд төрөл бүрийн өнгийн усан үзэм тариалсан байх агаад усан үзмийн ургасан байдал зураг аятай харагдана. Замд таарснаа гайхан магтсаар Кея бренди дарсны үйлдвэрийн үүдэнд ирэхэд тэнд нүдний үзүүрт бүртийх нэг ч хог харагдсангүйгээр барахгүй гадаа талбайн ногоон байгууламж, ландшафт өөрийн эрхгүй дуу алдахад хүргэсэн. Энийг уншиж буй таны хувьд хэт нэг талыг барьсан мэт санагдаж магадгүй, гэсэн ч үзсэн харснаа үнэнээр өгүүлэхийг хүслээ. Үйлдвэрт ороод амталгаанаас шууд аялалаа эхлүүлсэн. Дэлхийд үнэлэгдсэн бренди ийм амттай байдаг байх нь ээ гэж бодонгоо тэр амтыг тагнайдаа үлдээхийг хичээлээ. Мэдээж үйлдвэрийн процесстой нэг нэгэнгүй танилцсан ч хамгийн их сонирхол татсан хэсэг нь брендигээ хадгалдаг агуулах буюу зоорь байв. Учир нь тэнд уг үйлдвэрийн анхны бүтээгдэхүүнээс эхлээд өнөөдрийг хүртэлх бүх л бүтээгдэхүүнийг нэг дороос харах боломжтой. Дарсны амт чанар хадгалж буй торхноосоо ихээхэн хамааралтай болохыг мэдэж авсан бөгөөд Францын Лиму ойн бүсийн царс модоор хийгдсэн дарсны савтай гэдгийг хөтөч маань бидэнд орчуулан хүргэсэн. 2019 онд Яньтай Кея бренди дарсны үйлдвэр албан ёсоор нээгдэж, Хятадын архины аж үйлдвэрийн холбооноос “Хятадын №1 бренди дарсны үйлдвэр” цолыг хүртээжээ.