Н.СУВДМАА: ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ

Нийгэм, Эдийн засаг

  Эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд зуны улиралд гэдэсний халдварт өвчин идэвхждэг бөгөөд ялангуяа гэнэтийн үер усны гамшиг ойр ойрхон тохиолдож буй энэ үед халдварт өвчний эрсдэл нэмэгдэж болзошгүй тул халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа эмч зөвлөж байна.

-Сүүлийн үед ойр ойрхон болсон үерийн гамшгийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл иргэдийн дунд, олон нийтийн сүлжээгээр гарах боллоо. Танай эмнэлэгт гэдэсний халдварт өвчний улмаас эмнэлгийн тусламж авч авч буй тохиолдол хэр олон байна вэ?

-Зуны улиралд халуун дулаан цагт гэдэсний халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Тэгээд ч хүмүүсийн амралт зугаалгын оргил цаг, найр наадам ч ихтэй байдаг үе учраас анхаарал болгоомжтой байхаас аргагүй. Мөн энэ зуны хувьд нэлээд ойрхон давтамжтай болж буй үерийн гамшиг халдварт өвчин гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Эмнэлгийн ачааллын хувьд ердийн үеийнхээс айхавтар нэмэгдсэн зүйлгүй, бид ирсэн хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлээд хэвийн ажиллаж байна. 

-Гэдэсний халдварт өвчинд зонхилон ямар халдвар багтдаг вэ. Өвчний илрэх түгээмэл шинж тэмдэг юу байдаг вэ?

-Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, энтеро вирусын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана. Гэдэсний халдварт өвчний онцлог нь өндөр хоруу чанартай цөөн тооны бичил биетэн (нян, вирус) хүний биед орсон тохиолдолд өвчлүүлэх боломжтой бөгөөд эдгээр өвчин үүсгэгч нян вирус нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлан улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчин үүсгэнэ.

Илрэх шинж тэмдэг нь цочмог, 37-40 градус хүрч халуурах, бие эвгүйрхэх, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, ядрах, гэдсээр базлаж өвдөх, хийдүлэх, ялгадас усархаг, цусан судалтай, залхагтай гарах зэрэг байж болно.

Гэдэсний халдварт өвчний үед үргэлжлэх хугацаа нь уг хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг ба дараах тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй.

-Ийм төрлийн халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд нэн тэргүүнд юуг анхаарах ёстой вэ?

-Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Үүний тулд юуны түрүүнд гараа савандаж, дарааллын дагуу угааж хэвших. Гараа тогтмол угааснаар гэдэсний халдвар болон амьсгалын замын халдвараас хамгаална.

Хоёрдугаарт, хоол хүнсний аюулгүй байдалд анхаарч, сав суулгаа цэвэр байлгаж, хүнсний бүтээгдэхүүнийг түүхийгээр хэрэглэхээс зайлс хийж аль болох чанаж болгож идэх хэрэгтэй. Мөн ундны усаа буцалгаж хэрэглэх нь халдварт өвчнөөс сэргийлэхэд чухал нөлөөтэйг мартаж болохгүй. Ингэснээр гэдэсний халдвар үүсгэдэг нян бактер устана.

-Гэдэсний халдвар ямар насныханд илүү эрсдэлтэй вэ?

-Халдварт өвчин дотроо гэдэсний халдварт өвчнөөр ихэвчлэн баганасны хүүхэд өвддөг. Бүх хүн өвдөж болох хэдий ч эрсдэлтэй бүлэгт эцэг эхийн хараа хяналт шаарддаг 0-5 насны хүүхдүүд ордог учраас энэ насныханд илүү анхаарал хандуулах хэрэгтэй юм. Тухайлбал, хүүхдийг тогтоол ус, гуу жалганд тогтсон усанд тоглуулахгүй байх, хоол хүнсийг амнаас ам дамжуулж хэрэглэхгүй байхад анхаарах. Хүүхдийн гэдэсний халдварт өвчин дотроо гар хөл, амны өвчин дийлэнх хувийг эзэлдэг. Энэ өвчний 90 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч, эдгэрдэг ч нэгэнт халдвар авч өвчлөлүүсч байгаа учраас эцэг эхчүүдийн анхаарал халамж зайлшгүй шаардлагатай. 

-Үерийн улмаас хөрс бохирдож, халдварт өвчин гарах эрсдэлийг нэмэгдүүлж буй энэ үед иргэд онцгойлон юуг анхаарах ёстой вэ?

-Үер усны гамшгийн дараа халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсдэг. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээх үйл ажиллагаанд оролцож байгаа иргэд, үерт өртсөн айл өрхүүд нэгдүгээрт, ойр орчимд үүссэн лаг шавар, бохирдлыг цэвэрлэх хэрэгтэй. Цэвэрлэгээнд оролцож байгаа иргэд, алба хаагчид усны гутал, бээлий, малгай, нүдний шил, амны хаалт зүүх, цэвэрлэгээ дууссаны дараа ажлын хувцсаа сольж, угааж ариутгана.

Гэр хорооллын айл өрхүүд хөрсний халдваргүйжүүлэлт болон нүхэн жорлон, бохирын цооногийн халдваргүйжүүлэлт хийх, иргэд нүхэн жорлонд биеза сахдаа солих гуталтай байх нь халдвараас сэргийлэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэдгийг мартаж болохгүй юм. Эцэст нь иргэн бүр эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, мэргэжлийн байгууллагаас хүргүүлж байгаа зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх шаардлагатай байна.