“Өнөр бүл” төвийн хүүхдүүд Өвөрмонголын Сайхан талын усан парк, халуун рашаанд амарч гайхалтай дурсамж бүтээнэ

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

   Эцэг эхийн хайр халамжаас ангид, бусадтай адил хүссэн болгоноо тэр бүр хийж чадахгүй хүүхдүүд улсын болон хувийн хүүхэд асран хамгаалах төвд өсч, сурч хүмүүжиж байдаг билээ. Тэд шаардлагатай шим тэжээлийг хоол хүнснээсээ авч, сэтгэл зүй болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багш, сургагч нараасаа авч чаддаг ч бүх нийтээрээ хил дамжин аялж байсныг үүнийг бичигч миний бие л лав сонсоогүй. “Өнөр бүл”төвийн хувьд үйл ажиллагаа хэвийн, сурч хөгжих орчин нөхцөл боломжийн хэмжээнд ханган ажиллаж байгаа ч, бүх хүүхдүүд багш нарынхаа хамт хил дамжин аялахаар болсныг дуулаад хязгааргүй их баярласан гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байсан юм. Тэгвэл энэ сайхан хүүхэд баярлуулсан, буянтай ажлыг санаачлагч нь Аялал, жуулчлалын “Мирай травел" компани. Харин уг төсөлд Монголын Скаутын Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулагчаар оролцож хүүхдүүдийг баярлуулж байна. Түүнчлэн Монгол Улсын засгийн газрын хэрэгжуулэгч агентлаг Гэр бул, хүүхэд, залуучуудын газар ч гар бие оролцож байгаа аж. Тиймээ, хүүхдийн төлөө төрийн ч бай, хувийн ч бай байгууллагууд нэгэн дуугаар “За” гэж хэлж байгаа нь үнэхээр сайшаалтай. Уг төсөлд “Өнөр бүл" төвийн 0-17 насны 140 хүүхэд, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, удирдлагын багийн 50 ажилтан, албан хаагчид хамрагдана. БНХАУ-ын Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошуунд байрлах “Сайхан тал" халуун рашаан, усан паркын цогцолборт хоёр хоног амрах бүх нөхцлийг бүрдүүлж, хүүхдүүдэд мартагдашгүй сайхан дурсамж үлдээхэд төслийн гол зорилго оршино.Төслийн сурталчилгаа, мэдээлэлд нэгч хүүхдийн царай, дүрсийг ашиглахгүй байх, Хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах, Хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавьж ажиллах зарчмуудыг баримтлан ажиллана гэдгээ ч зохион байгуулагчид мэдэгдсэн. Хамтран зохион байгуулагч Монголын Скаутын Холбооны бэлтгэгдсэн удирдагчид хүүхдүүдийг скаутын зохион байгуулалтай хөтөлбөрт хамруулж, шинэ дадал чадвар олгох, тэмцээн, уралдаан зохион байгуулж ажиллах гэнэ.

Төсөл хоёр ээлж болон аялахаар болж.

  • 2023 оны есдүгээр сарын 21-25- ны өдрүүдэд эхний ээлж
  • 2023 оны есдүгээр сарын 28- наас аравдугаар сарын 02-ны өдрүүдэдхоёрдугаар ээлж явахаар төлөвлөжээ.

Тэд Улаанбаатар хотоос галт тэргэнд суун Замын-Үүдрүү хөдлөх бөгөөд тэндээсээ автобусаар БНХАУын Эрээн хотод автобусаар очно. Эрээн хотоосоо Сайхан талруу мөн автобусаар зорчино. Сайхан талд очоод буудалд байрлан усан парк, халуун рашааны цогцолбороор аялах бөгөөд орчин тойронтойгоо ч танилцах явган аялал хийх гэнэ. Хүүхдийн төлөө дуу нэгтэйгээр “За” гэж хэлэх сэтгэл сайтай хувь хүн, албан байгууллагууд байвал хамтран ажиллаж, хандив илгээж болно. Хандивыг Монголын Скаутын Холбоо ТББ-ын нэр дээр төсөлдзориулан нээсэн Хаан банкны 5077216889 тоот дансанд хуримтлуулна. Төсөлд шаардагдах төсөв цугласан тохиолдолд дансыг хаах юм байна. Мөн Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Төмөр Замын Удирдах Газар, Aвто Тээврийн Үндэсний Төв, Гаалийн Ерөнхий Газар зэрэг байгууллагуудад хамтран ажиллах саналаа хүргүүлсэн байна. Энд Төслийн эхний ивээн тэтгэгчээр эрчим хүчний хэмнэлтэй “Green Home” хаус хотхон нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахаар болсныг дуулгах хэрэгтэй байх. "Өнөр бүл" төвийн хүүхдүүдэд “Гайхалтай дурсамж бүтээе" төслийг дэмжиж, хамтран ажиллахыг хүссэн аж ахуйн нэгж, хувь хүмүүс 8802-4353, 9090-5445 утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой аж.

-Мирай травел компанийн захирал Г.Ариунчулаан: Хүүхдүүдэд сайхан дурсамж бүтээхэд нь бага ч болов нэмэр больё гэж энэ төслөө эхлүүлж байна

-Бид “Өнөр бүл” улсын асрамжийн төвд амьдардаг 0-17 насны 140 хүүхдийг, тэдэнтэй ажилладаг 50 багш ажилчдынх нь хамт манай компанийн аяллын нэг чиглэл болох Өвөрмонголын Сайхан талын усан парк, халуун рашаанд амраахаар "Гайхалтай дурсамж бүтээе” төслийг эхлүүлж байна. мэдээж олон хүмүүс, ААН-ийн тусламжтайгаар хүүхдүүдэд маш сайхан дурсамж бүтээнэ гэж найдаж байна. Миний хувьд хүүхдийн итгэл төв байгуулагдаж байхад анхны арга зүйч багшаар нь ажиллаж байлаа. Тиймээс асрах газар амьдарч, хүмүүжиж байгаа хүүхдүүдийн талаар нэлээд сайн мэдээлэлтэй байдаг. Энэ хүүхдүүд маань сайн багшийн удирдлага дор, сайхан байранд улсын ивээл дор хүмүүжиж байгаа ч хүүхэд насандаа авч үлдсэн гадагшаа аялсан, гайхалтай, гоё дурсамж дутагддаг. Тэгэхээр бид тэр сайхан дурсамжаа бүтээхэд нь бага боловч нэмэр болъё гэдэг талаас нь ярилцаад энэ төслийг санаачлан эхлүүлж байгаа юм. Энэ төсөлд хамтран ажиллах хувь хүн, албан байгууллагыг нээлттэй урьж байна гэдгээ хэлье. Аялах гэж буй бүх хүүхдүүддээ гадаад паспорт авах, бүх хүүхдээ усны хувцастай болгох, замд нь аятай, тухтай явуулах, аюулгүй байдлыг нь хангах гээд их ажил байна. Энэ аяллын бүх төсөв нийлээд 160 сая орчим төгрөг болохоор байгаа. Хүүхдүүдээ хэнээс ч дутахгүй сайхан аялаасай гэж зорьж байна. Төмөр замын Удирдах газар болон Автотээврийн үндэсний төв зарим нэг ложистикийн асуудлыг нь шийдээд өгвөл энэ төсөв нэлээд багасахаар байгаа.

-Бизнес кластер групп ХХК-ын захирал Д.Дэлгэрсайхан: Энэ төслийн бичиг баримттай холбоотой бүхий л ажлын шаардлагатай төсөв хөрөнгийг бид гаргаж байгаа 

-Манай компани хамгийн эхний ивээн тэтгэч болж оролцож байгаадаа баяртай байна. Бид Улаанбаатар хотын Гачууртын Шар хоолойд Эрчим хүчний хэмнэлтийн "A" үнэлгээтэй Эко хаус хотхон барьж байгаа. Бидний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд ШУ болон сайн үйлсийн аянд нэгдэн оролцож байдгийн нэг хэсэг нь энэ төсөлд хамтран оролоцож байгаа явдал юм. Цаашдаа ч бид ийм аянд нэгдэнэ. Бизнесийн байгууллагуудыг энэ аянд нэгдэхийг “Green Home House” хотхон төслийнхөн уриалж байна. Энэ төслийн бичиг баримттай холбоотой, тухайлбал, тээврийн тасалбар, гадаад пасспорт авах гээд бүхий л ажлын шаардлагатай төсөв, хөрөнгийг бид гаргаж байгаа.

-МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр: Хүүхдүүдийг сайхан дурсамжаа бүтээхэд иргэн бүр тусламжийн гараа сунгаасай 

-Амьдралын төлөө зүтгэж, хөдөлмөрлөж байгаа хүн хэзээ ч хэнээс ч ямар нэгэн зүйл гуйдаггүй. Чимээгүй хөдөлмөрлөж, чимээгүй өөрсдөө л болгохын төлөө зүтгэдэг.Тэгвэл тэр хүмүүсийн нэг тод жишээ бол “Өнөр бүл” төвийн хамт олон гэж харж байгаа. Энэ олон хүүхдийг сайн сайхан амьдруулахын төлөө маш их хичээдэг, ар гэрээ ч умартан ажилладаг хүмүүс бол тэндхийн хамт олон, багш ажилчид байдаг. Тийм учраас ийм сайхан хүмүүст бид чин сэтгэлээсээ туслах, тэр тусмаа манай хэвлэл мэдээллийн салбарынхан манлайлж ажиллах нь зүйтэй гэж бодож байгаа. Бид олон нийтийг уриалж чадна, олон нийтийг эерэг хандлагатай болоход нөлөөлж чадна. Энэхүү нөлөөллөө зөв хэрэгтэй зүйлд зарцуулах нь маш зөв юм. Хүүхдэд сайхан дурсамж үлдээхэд хэрэгтэй зүйл нь аялал байдаг гэдгийг төсөл санаачлагч маань ч хэллээ. Тиймээс энэ сайхан дурсамжаа бүтээхэд иргэн бүр тусламжийн гараа сунгаасай. Тэр дундаас хэвлэл, мэдээллийн салбарынхан маань энэ аяны тухай, хандив тусламжийн тухай мэдээ мэдээллийг олон нийтэд зөвөөр хүргэн, манлайлж ажиллаасай гэж хүсч байна. Энэ аяллын тухайд цэвэр сайн үйлсийнх бөгөөд ямар нэгэн ашиг сонирхлын зорилгогүй аян байгаа юм. Тэгэхээр томоохон компани, ААН, хэвлэл мэдээллийн салбарынхан маань нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахыг дахин дахин хүсч байна.

-Монголын скаутын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Дэлгэрмаа: Бид хүүхдүүдийг скаутын зохион байгуулалттай хөтөлбөрт хамруулж, шинэ дадал чадвар олгох тэмцээн, уралдаан зохион байгуулж ажиллана

-Хүүхдийн төлөө “за” гэж хэлцгээе гэсэн сайхан уриа байдаг. Тэр уриаг бүгдээрээ энд бодитоор хэрэгжүүлцгээе гэж хобооныхоо нэрийн өмнөөс уриалж байна. Манай холбооны хувьд энэ аяллын туршид зохион байгуулагчидтай нягт хамтран ажиллахаар болсон. Монголын Скаутын Холбооны бэлтгэгдсэн удирдагчид хүүхдүүдийг нааш, цааш авч явахаас эхлээд скаутын зохион байгуулалтай хөтөлбөрт хамруулж, шинэ дадал чадвар олгох, тэмцээн, уралдаан зохион байгуулж ажиллана. Хандив мөнгийг манай холбооны дансан дээр цуглуулж нээлттэй байршуулахаас гадна захиран зарцуулаж, тооцоог олон нийтэд тайлагнана.