Н.Болормаа: Манай улсын хувьд таван хүн тутмын нэг нь таргалалттай байна

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

   Дэлхий нийтийг түгшээж буй асуудлын нэг нь яах аргагүй биеийн жингийн илүүдэл, таргалалт юм. Манай улс ч ялгаагүй таргалалт, тэр дундаа хүүхэд, залуусын дунд сүүлийн жилүүдэд илүүдэл жин, таргалалтын тархалт нэмэгдэж, Азийн орнуудаа илүүдэл жинтэй тав хүртэлх насны хүүхдийн үзүүлэлтээр тэргүүлж байгааг мэргэжлийн хүмүүс нь хэлж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаа ч үүнийг илтгэж байна. Уг судалгаанаас харахад хүн амын хоол тэжээлийн байдал өөрчлөгдөж, манай улсын иргэдийн таргалалт хурдацтай өсч, үүний улмаас олон сөрөг өөрчлөлт, илэрч буйг харж болохоор байгаа юм. Тиймээс бидэнд тулгамдаад буй таргалалт, түүнээс урган гарч буй сөрөг үр дагавар, юуг анхаарах талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Н. Болормаатай ярилцлаа.

-Таргалалт гэж яг юуг хэлээд байна, гол шалтгаан нь юу вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Таргалалтыг энгийн байдлаар тодорхойлбол хүний биед өөхөн эд их хэмжээгээр хуримтлагдсаны улмаас үүссэн биеийн жин нэмэгдэх эмгэг юм. Хүмүүс таргалалтыг зүгээр л нэг тарган хүн гэж ойлгодог. Гэтэл энэ маань олон улсын өвчний ангилалаар тустаа бүлэгт хамаарах, өвчин юм. Таргалалтыг олон шалтгаант эмгэг гэж үздэг. Эдгээр шалтгааныг хоёр үндсэн бүлэгт хувааж болно. Нэгдүгээрт, хоол хүнсний илүүдэл хэрэглээ, хоёрдугаарт хөдөлгөөний хомсдол юм. Харин хэлбэрийн хувьд таргалалтыг анхдагч буюу хоол хүнс, хөдөлгөөний хомсдолоос үүссэн, бие махбодын бусад эрхтэн тогтолцооны өвчин, эмгэгийн улмаас үүссэн хоёрдогч таргалалт гэж ангилдаг. Хоёрдагч таргалалт нь хүний биед үүссэн аливаа өвчин эмгэгийн улмаас буюу эрүүл мэндийн шалтгааны улмаас тухайн өвчний шинж тэмдэг байдлаар илэрдэг. Гэхдээ дэлхийн хүн амын дунд тохиолдож буй таргалалтын дийлэнх хувь нь анхдагч таргалалт байдаг.

-Танай байгууллагаас гаргасан судалгаагаар хүн амын хэдэн хувь нь таргалалттай, таргалалт нь ямар шалтгаанаас үүссэн гэж гарсан бэ?

-Манай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв / НЭМҮТ/ нь тархвар зүйн хэд хэдэн судалгааг 5-6 жилийн давтамжтайгаар гүйцэтгэж байна. Хамгийн сүүлд 2019 онд “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний VI судалгаа”-г хийж, Монгол Улсын 15-69 насны хүн амын дунд илүүдэл жинтэй, эсвэл тарган, эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй хүмүүс 49.4 хувийг эзэлж байгааг тогтоосон. Эндээс харахад бараг хоёр хүн тутмын нэг нь эрсдэлт бүлэгт хамаарч байгаа бөгөөд таргалалтай хүн амын тархалт 18.4 хувийг эзэлж байна. Энэхүү судалгагаар тогтоосон зарим үр дүнг онцлон тайлбарлахад таргалалтын тархалт хот суурин газрын эрэгтэйчүүдийн дунд хөдөө орон нутгийн эрэгтэйчүүдээс илүү байхад эмэгтэйчүүдийн хувьд эсрэгээрээ хотод хөдөөгийн түвшнээс бага байсан болно. Мөн хоол тэжээлийн үндэсний судалгааны үр дүнгээр хүн амын хоол тэжээлийн байдал өөрчлөгдөж, илүүдэл жин болон таргалалттай бага болон өвсөр насны хүүхэд, эмэгтэйчүүдийн тоо өссөн дүн харагдаж байна. Судалгаагаар тогтоосон анхаарал татахуйц зарим үр дүнгээс дурдахад, илүүдэл жин ба таргалалттай 5 хүртэлх насны хүүхдэд 11.7 хувь, 6-11 насны хүүхдэд 22.2 хувь, 15-49 насны эмэгтэйчүүдэд 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдэд 49 хувь байв.

-Таргалалтын улмаас ямар өвчин үүсэх эрсдэлтэй байдаг вэ?

-Таргалалт бол бие даасан өвчин буюу эмгэг бөгөөд олон төрлийн өвчнөөр өвчлөх суурь шалтгаан болдог. Тухайлбал, чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, остеоартрит буюу үений үрэвсэл, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, бодисын солилцооны хам шинж, хавдар гэх мэт халдварт бус өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйл болдог. Биеийн жингийн индекс 25 ба түүнээс дээш хүмүүс чихрийн шижин өвчнөөр хэвийн жинтэй хүнээс 9 дахин их, биеийн жингийн индекс 30 ба түүнээс дээш бол 40 дахин ихээр өвчилдөг болохыг тогтоосон байдаг. Цусны даралт ихсэх өвчтэй нийт өвчтөнөөс эрэгтэйчүүдийн 78 хувь, эмэгтэйчүүдийн 64 хувь нь таргалалттай байсан. Чихрийн шижин өвчин биеийн жингийн индекс 30-34 буюу таргалалтын нэгдүгээр зэргийн үед хоёр дахин, биеийн жингийн индекс 35-39 буюу хоёрдугаар зэргийн таргалалттай үед тав дахин, биеийн жингийн индекс 40-өөс дээш буюу гуравдугаар зэргийн таргалалттай үед 10 дахин их өвчлөх магадлалтай байдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Орчин үед бараг айл болгонд нэг хүн чихрийн шижин өвчнөөр өвчилж байна гэж хэлж болохоор болсон. Тиймээс иргэн бүр өөртөө анхаарал тавьж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барихыг хичээх хэрэгтэй.

-Та биеийн жингийн индекс гэж их ярьж байна, үүнийгээ манай уншигчдад тайлбарлаж хэлбэл?

-Биеийн жингийн индекс гэж үзүүлэлт байдаг. Үүнийг эмнэлгийн практикт ч тэр хувь хүмүүс ч тэр өөрсдөө хялбархан тооцон олж болно. Тухайн хүний биеийн жинг өндрийн нь квадрат утгад хуваагаад биеийн жингийн индексийг олдог. Биеийн жингийн индекс нь 25- аас дээш, тарган биш байсан ч эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй гэж үнэлдэг. Тэгэхээр ийм хүмүүс нийт хүн амын тал нь байна гэж ойлгож болно. Харин манай улсын таван хүн тутмын нэг нь биеийн жингийн индекс нь 30 ба түүнээс дээш буюу таргалалттай байна.

-Таргалалттай хүмүүс юу анхаарах ёстой вэ, анхаарч байна гээд дур мэдэн дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьдаг шүү дээ?

-Анхаарах нэлээд олон зүйлс байдаг л даа. Хамгийн наад зах нь чихэр, давсны хэрэглээгээ бууруулах, идэвхтэй хөдөлгөөн хийх. Мөн илчлэг өндөртэй, тэжээллэг, чанар багатай чихэрлэг ундаа, бэлэн бүтээгдэхүүн, эрүүл бус хүнсний зүйлээс татгалзах. Хэрвээ илчлэг ихтэй хоол болон чихэр, чихэр агуулсан бүтээгдэхүүн, өөх тос ихтэй хоол хүнс ба утсан бүтээгдэхүүн хэрэглэдэг бол хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай. Түүнчлэн хөдөлгөөний хомсдолоос сэргийлж биеийн тамир, спортоор хичээллэх, идэвхтэй амьдралын дадал хэвшилд суралцах, биеийн жингээ тогтмол хянах дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Таргалалтаас улбаатай олон тооны өвчин, эмгэг үүсдэг болохыг иргэн бүр ойлгох нь чухал байна. Нөгөөтэйгүүр биеийн жингээ тогтмол хэмжиж, нөгөө яригдаад байдаг биеийн жингийн индексийг хэвийн хэмжээнд барихад болох юм. Таргалалтын дийлэнх хувь нь андагч буюу буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй тул дасгал хөдөлгөөн хийх, хоолны дэглэм барих нь зөв юм. Гэхдээ хүн хүний биеийн онцлог өөр байдаг. Тодруулбал, таргалалтын байдал, нас, хүйс, ажил мэргэжил гээд хүн бүр харилцан адилгүй онцлог шинжтэй.

Тиймээс өөрт тохирсон дасгал хөдөлгөөн, хоолны дэглэмийг мэргэжлийн хүмүүсийн зааврын дагуу хийх нь илүү үр дүнтэй. Дур мэдэн мацаг барих явдал их байдаг, өөрийн бие махбодид тохироогүй бол эмгэг болох нь ч бий. Манайхны нийтлэг гаргадаг нэг алдаа бол богино хугацаанд их хэмжээгээр турах гэж хичээдэг явдал юм. Богино хугацаанд турсан тохиолдолд биеийн жин эргээд маш хурдан нөхөгддөг, тиймээс 3,6 сар гээд урт хугацааны биеийн жин хасах хөтөлбөр хамгийн тохиромжтой. Гэхдээ одоогоор ийм хугацааны хөтөлбөр гаргадаг байгууллага хараахан хүртээмжтэй бус, хамрагдах иргэдийн оролцоо учир дутагдалтай л байна. Таргалалт нь өөрөө олон шалтгаантай байдаг гэж хэлсэн шүү дээ, тийм болохоор жингээ системтэйгээр хаяхын тулд багийн ажиллагаа, цогц тусламж үйлчилгээ шаардагддаг.Таргалалт мэдээж нэг, хоёр сарын дотор бий болчихдоггүй шүү дээ, тиймээс турахад ч бас хугацаа хэрэгтэй.

-Хүүхдийн таргалалт ихэссэн. Хүүхдийн таргалалтыг хувь хэмжээгээр ярихад ямар түвшинд байна вэ?

-Сүүлийн жилүүдэд яах аргагүй хүүхдийн таргалат ихэссэн. Тав хүртэлх насны хүүхдийн дунд таргалалт 11.7 хувь, 6-11 насны хүүхдэд 22.2 хувь, өсвөр насны хүүхдүүдийн 20 орчим хувь нь илүүдэл жинтэй эсвэл тарган байгааг судалгаагаар тогтоосон. Тиймээс бид өсвөр үе, үр хүүхэддээ анхаарал хандуулах хэрэгтэй байна. Манай улсын хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлдэг, харин таргалалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь бидний анхаарлыг хамгийн их татаж буй, цаашид аюул дагуулж мэдэх тулгамдсан асуудал болоод байна. Ер нь хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн үзүүлэлт нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэнд ямар байсантай шууд холбоотой. Ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолсон. Жирэмсэн эхийн хоол тэжээлийн байдал, биеийн жингийн илүүдэл нь хүүхэд илүүдэл жин, таргалалттай төрөх, хүүхэд насандаа илүүдэл жинтэй болох эрсдэлийг дагуулдаг. Судалгаанаас үзэхэд хүүхдийн илүүдэл жин ба таргалалтын тархалт 2010 онд 6.1 хувь байсан бол 2017 онд 22.2 хувь болж огцом өссөн байна. Харин 6-11 насны хүүхдүүдийн дунд таргалалтын тархалт 2010 онд 0.6 хувь байсан бол 2017 онд 6.4 хувь болж өссөн байгаа нь яах аргагүй анхаарал татаж байгаа биз дээ. Дэлхийн таргалалтын холбооны эрдэмтдийн тооцоолсноор 2016 онд манай улсын тав хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь илүүдэл жин ба таргалалттай, 5-9 насны хүүхдийн 5.9 хувь тарган, 10 - 19 насны хүүхдийн 3.2 хувь тус тус таргалалттай байв.

-Хүүхдийн таргалалтад нөлөөлж буй гол шалтгаан нь юу вэ?

-Хүүхдийн таргалалтад нөлөөлөх олон шалтгаан бий. Жишээлбэл, Сургуулийн орчин дахь хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний байдалд судалгаа хийхэд чихэр, чихэр ихтэй хүнс, хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн чихрийн агууламж өндөртэй ундаа, шоколад, жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол, исгэгч агуулсан бүтээгдэхүүнүүд ихээр худалдаалагдаж байгаа нь сургуулийн хүүхдийн таргалалтад нөлөөлж байна. Мөн гэр бүлийн хэрэглээ, асран хамгаалж буй эцэг эхийн мэдлэг ойлголт, үүрэг хариуцлага хангалтгүй байгаа нь хамгийн их нөлөөлдөг л дөө, ялангуяа тав хүртэлх насны хүүхдийн хувьд. Нөгөөтэйгүүр бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа бол хүүхдээ бор хоолонд эрт оруулах, хөхнөөс гаргах, хүүхдээ хөхүүлэхгүй, сүүн тэжээлээр хооллох явдал юм. Гэтэл зургаан сар хүртэлх насны хүүхдэд шаардлагатай бүхий л шим тэжээл нь эхийн сүүнд хангалттай хэмжээгээр байсаар байхад нэмэлтээр сүүн тэжээл өгөх, эсвэл бор хоол өгөх зэргээр хүүхдийг багаас нь буруу хооллодог.

Нийгмийн хүлээж авах байдал ч нөлөөтэй, учир нь хүүхэд тарган бол бумбагар хөөрхөн гэдэг. Эсрэгээрээ туранхай хүүхдийг нэг их таатай хүлээж авдаггүй. Гэтэл бага насандаа илүүдэл жинтэй байсан хүүхэд өсвөр нас болон насанд хүрсэн үедээ таргалалттай болох магадлал өндөр байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ таргалалтаас сэргийлэхийн тулд бүр багаас нь тухайлбал, эхийн сүүгээр хооллох, нэмэлт сүүн тэжээл өгөхгүй байх, өсөх тусам нь эрүүл бус хоол өгөхгүй байх, өглөө бүр хоол цай уулгаж хэвшүүлэх гээд хүн бүхний мэддэг зүйлийг хэвшүүлж сургах ёстой. Мөн амьдралын хэв маяг өөрчлөгдөж нэг гэр бүлд байх хүүхдийн тоо цөөрөх, хүүхдийн хөдөлгөөний дутагдал, цахим орчин, телевиз, кино, илчлэг ихтэй хүнсний зүйлийн зар сурталчилгаа гээд олон зүйл хүүхдийн илүүдэл жин, таргалалтад нөлөөлдөг болохыг аль хэдийнэ тогтоосон. Түргэн хоол, эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааг хараад хүүхдүүд битгий хэл томчууд бид ч идмээр болдог нь нууц биш шүү дээ. Тиймээс эрүүл бус хүнсийг сурталчлах тал дээр ч бас анхаарал хандуулах хэрэгтэй байна.

-Таргалалт удамшдаг уу?

-Таргалалт бол удамшлын өвчин биш, гэхдээ удмын хувьд таргалах, жин нэмэх магадлал гэж байдаг. Тарган эцэг эхийн хүүхдүүд таргалах магадлал өндөр байдаг.

-Ярилцсанд баярлалаа.