ТЯНЬЖИН БООМТ ДАХЬ МОНГОЛЫН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ САНАЛ ТАВИЛАА

Улс төр

МАНАЙ СЭТГҮҮЛЧ ТЯНЬЖИН БООМТООС МЭДЭЭЛЖ БАЙНА 

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж буй билээ. Тэрбээр зургадугаар сарын 26-ны өдөр Тяньжин хотод ажиллаж, Тяньжин боомтын үйл ажиллагаатай танилцсан. Ерөнхий сайд Тяньжин боомтод ажилласан нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг авто зам, төмөр замаар холбох төдийгүй Монгол Улс далайд гарцтай болох зорилттой холбоотой юм. Монгол Улс Тяньжин боомтод 10 га газар эзэмшдэг бөгөөд энэхүү газрыг тээвэр логистикийн төв болгож манай улс далайд гарцтай болох боломжтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавилаа.

  Монгол Улсын Замын-Үүд, Гашуунсухайт, Бичигт зэрэг боомтын ачаа тээврийн 90 гаруй хувь нь тус боомтоор нэвтэрдэг. Манай улс Тяньжин боомт дахь газраа ашиглалтад оруулснаар чингэлэг тээврийн гацаа арилж, бараа эргэлт хурдасч, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний инфляц буурч, дэлхийн 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломж нээгдэнэ. Тяньжин порт группийн удирдлагын онцолсноор, далайн тээвэр нь өртөг зардлын хувьд агаарын тээврийн зууны нэг, төмөр замын аравны нэг, авто тээврийн гуравны нэгтэй тэнцэж, цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, олон улсын зах зээлд нэвтрэх үүд хаалга юм. Чингэлэг тээвэрт автоматжуулалт, ухаалаг системийг дэлхийд анх удаа нэвтрүүлсэн тус боомтод 1200 гаруй хүний ажлын байрыг 200 хүн гүйцэтгэж, эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. Дэлхийд долдугаарт эрэмбэлэгддэг уг боомтоор 2022 онд нийт 471 сая тонн бараа, 21 сая ширхэг стандарт чингэлэг нэвтрүүлсэн бол 2023 оны тоон мэдээллээр 653 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын эдийн засгийн форумын Ерөнхийлөгчтэй уулзав

    БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зуны Давос” чуулга уулзалтад оролцлоо. “Зуны Давос” чуулга уулзалт “Бизнес эрхлэх нь: Дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч” (Entrepreneurship: The Driving force of the Global Economy) сэдвийн дор болж байгаа юм. “Зуны Давос”-т оролцогчид ковид болон түүнээс хойш дэлхий дахинд тулгарсан сорилтыг даван туулахад эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал хэрэгтэйг онцолж байна. Уг чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Давосын эдийн засгийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Клаус Швабтай уулзав. Энэ үеэр талууд Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, далайд гарцгүй орнуудад тулгарч буй асуудал, авлигын эсрэг олон улсын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтийг хангахад, мөн геополитикийн шинэ нөхцөл байдлаас үүссэн сорилтуудыг хамтын хүчээр даван туулахад Дэлхийн эдийн засгийн форумын зохион байгуулж буй арга хэмжээнүүд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэв. Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэтийн бодлого, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцдэг Монголын эдийн засгийн форум ирэх сарын 9-10- нд болохыг Ерөнхий сайд тэмдэглээд профессор Клаус Швабыг оролцохыг урилаа.

“Зуны Давос” чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож байна

    “Зуны Давос” чуулга уулзалтын нээлтэд Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Шваб, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар үг хэлэхдээ ковид цар тахлын дараа эдийн засгийн форум болж байгааг тэмдэглэв. Мөн дэлхийд тулгарсан энэ сорилтыг даван туулахад эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал хэрэгтэйг онцолж байлаа. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй юм. Чуулга уулзалтаар дэлхийн эдийн засгийн төлөв байдал, технологийн дэвшил, тогтвортой хөгжил зэрэг өргөн хүрээний асуудлаар төр засгийн тэргүүнүүд болон томоохон хөрөнгө оруулагчид, үндэстэн дамнасан корпорациудын захирал, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн зүтгэлтнүүд санал солилцдог. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ, Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Жинь, Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс, Барбадосын Ерөнхий сайд Миа Моттли нар хүндэт зочноор оролцож буй юм.

Монгол Улс, БНСВУ-ын хоорондох худалдааг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөхөд хамтран ажиллах талаар санал солилцов

    БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй “Зуны Давос” чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Жинь нар хоёр талын уулзалт хийв. Монгол, Вьетнамын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа тогтвортой урагшилж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж, аюулгүй байдал, батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж байгаад баяртай байгаагаа талууд илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын 99 улсын иргэдэд цахим виз олгож байгаа бөгөөд уг жагсаалтад Вьетнам Улсыг хамруулсныг Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ тэмдэглээд ирэх жилүүдэд харилцан зорчих жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын хооронд хийгдэж буй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөх хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар талууд санал солилцов. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан 2023 оны сүүлийн хагаст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийх төрийн айлчлал, мөн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2024 онд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хэрэгжүүлэх айлчлалд талууд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХЯТАДЫН АРДЫН БААТРУУДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

  БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв.

Нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайн төв хэсэгт байрлах Хятадын Ардын баатруудын хөшөөг 1958 онд босгосон бөгөөд шинэ Хятад улсыг байгуулах, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө амь насаа зориулсан баатруудын гэгээн дурсгалд зориулж бүтээжээ.  

  Баатруудын хөшөөний өндөр 37,94 метр, 17 мянгаад хэсэг боржин болон гантиган цагаан чулуугаар бүтээсэн. Уг хөшөөнд БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдун даргын бичсэн “Ардын баатрууд үүрд мөнхөрнө” гэсэн бичвэрийг сийлсэн байдаг.