Н.Эрдэнэцэцэг: Нэгж дээр ажиллаж байсан тул иргэдэд тулгарч буй асуудал, хэрэгцээтэй зүйлийг мэддэг, тиймээс иргэндээ чиглэсэн бодлого боловсруулахад нэгдэж чадсан

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Н.Эрдэнэцэцэгтэй сумын хөгжил, ажил байдлын талаар ярилцлаа.

-Таны хувьд ажлаа аваад хэр хугацаа өнгөрөв, дараагийн сонгууль болтол энэ богино хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Хүн чаддаг зүйлээ хамгийн сайн хийдэг, тэр тусмаа 27 мянган хүн амтай суманд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зөв байх гэдэг хамгийн чухал. Нөгөө талаар нийгмийн бодлогын салбарын ажлууд дээр илүү чиглэж ажиллана, тодорхой хэмжээгээр хоцорсон, үлдсэн зүйлүүд харагдаж байсан. Манай сум газар тариалан, МАА-н бүс нутаг гэдэг утгаараа ХАА, эдийн засгийн салбар нь шаардлагаа дагаад хөгжиж яваа бол нийгмийн салбарынхаа ажлыг илүү түлхүү явуулах нь зөв юм байна гэж харсан. Тиймээс эмч, багш нарыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого барьж ажиллахын зэрэгцээ энэ салбарын тулгамдсан асуудлыг шийдэх нь хөгжлийн бас нэг гарц юм. Тиймээс салбар салбарын ажлууд зэрэгцэж байж зөв хөгжил болно. Манай сумын Иргэдийн хурал /ИХ/-ын 31 төлөөлөгчөөс найм нь эмч төлөөлөгч, тиймээс эмч нар маань эрүүл мэндийн салбарт цогц бодлого гаргахад нэгдэж чаддаг. Бусад салбарын ажлыг гүйцэтгэх засаглалынхан маань тэртэй, тэргүй аваад л явдаг. Ер нь Иргэдийн хурал гэдэг маань өөрөө бодлого, шийдвэрийн байгууллага болохоос гүйцэтгэх засаглал биш. Гүйцэтгэх засаглалын хийж хэрэгжүүлж, иргэдэд хүргэх ажлыг бодлогын хувьд зөв батлаад өгөхөд ажил үр дүнтэй урагшилна гэдгийг олж харсан. Өмнөх хурлуудаар хөтөлбөрүүд батлагддаг ч огт төсөв хөрөнгөгүй байсан. Төсөвгүй төсөл батлагдана гэдэг маань яг хөрсөн дээрээ буухаар гүйцэтгэх засаглалынхан болон хэрэгжүүлэгч байгууллагад хүндрэлтэй. Төслийг эдийн засгийн хувьд хөрөнгөтэй батлах нь хөрсөн дээрээ зөв буух юм байна гэдгийг харсан. Тиймээс үүнд анхаарч ажиллана гэж зорилго тавьсан, чадсан ч гэж бодож байгаа. Бид “Чадварлаг багш”, “Чадварлаг эмч”, “Амны хөндийн эрүүл мэнд” гэсэн гурван хөтөлбөрийг боловсруулж, ИХ-аараа баталсан. Эрүүл мэнд, боловсрол хоёрт анхаарч байгаа нь ИХ-ын хамгийн том асуудал юм. Амны хөндийн хөтөлбөрөө жилийн төсвийг нь 92 сая төгрөгөөр батлан гурван жил хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр тосгоныхоо эмнэлэгт шүдний аппаратыг нь бүтнээр нь авч өгөн мэргэжилтнийг нь сургаснаар хөтөлбөр маань бодит, зөв болж байна. “Чадварлаг багш”, “Чадварлаг эмч” хөтөлбөрийн хүрээнд мөн адил орон нутагтаа хэрэгтэй эмч, багшийг татах, байгаа эмч, багш нараа жилдээ нэг удаа урамшуулдаг, суурьших нөхцлийг нь бүрдүүлэх, сум орон нутгаасаа эдийн засгийн хувьд дэмжлэгтэй байх, зөвхөн харъяалагдаж байгаа байгууллагын ажил гээд орхиж болохгүй л дээ. Эдгээр хөтөлбөр энд амьдарч байгаа 27 мянган хүний хөгжлийн суурь болж чадвал, гурван сая гаруй хүний хөгжлийн эхлэл болохыг үгүйсгэхгүй.

-Иргэдийн хурлын дарга, Засаг дарга хоёр адилхан л шинэ. Тиймээс хоёулаа гар сэтгэл нийлж ажиллах нь хамгийн чухал. Ингэж ажиллахын суурь болон хичээл зүтгэл нь юу байх бол?

-Сумын Засаг дарга маань Хэрх багт багийн дарга хийж байсан бол би тэр үед нь багийн эмч, ИНХ-ын дарга хийж байлаа. Бидний хувьд төрийн захиргааны анхан шатны нэгж дээр хамтарч ажиллаж байсан болохоор иргэн юу хүсдэг гэдгийг сайн мэддэг. Тиймээс бид хоёрын дунд ажил төрлийн хувьд ойлголцоход асуудал гардаггүй. Биднийг нэгтгэж байгаа нэг зүйл нь төрийн захиргаанаас гарч байгаа бодлого, шийдвэрүүд зөвхөн энд ажиллаж байгаа хүмүүсийн бодлого шийдвэрээр явж, иргэндээ хандаагүй бол таатай бус гэдгийг нэгж дээр ажиллаж байсны хувьд сайн мэдэх төдийгүй нэг бодолтой байдаг. Тийм ч учраас 2023 оны сумын төсвийг ИХ батлахдаа иргэндээ чиглүүлж чадсан гэж үзэж байгаа. Түүний илрэл нь дээрх хөтөлбөрүүд юм. Нөгөөтэйгүүр малчид, ногоочид, тариаланчидруугаа чиглэсэн бодлого байх нь чухал гэдгийг ч харсан. Тиймээс малчиддаа зориулан малын хөлийн татвараас нь 209 сая төгрөгийг хуулийн хүрээнд малчиддаа буцаан зарцуулсан. Үүнд хоёр газарт худаг ус гаргах, мөн хоёр газарт мал эрүүлжүүлэх ванныг хийсэн. Есөн багт чанартай, сайн үүлдрийн эцэг малыг худалдаж авах, бороо хургүй үед үүлэнд зориудаар нөлөөлөх зэрэгт зарцуулсан байгаа. Мөн ногоочиддоо зориулан 227 сая төгрөгөөр агропаркийг байгуулахаар шийдвэрлэн түүнийгээ баталсан. Тэр хүрээнд тендер зарлан шалгаруулж, Германаас ХАА-н техник оруулж ирдэг компанитай Засаг дарга маань гэрээ байгуулсан. Энэ таван сарын хурлаар шинээр үүссэн орон нутгийн өмчит компани төсөв бүх зүйлээ батлуулахаар бэлэн болсон байгаа. Манай ногоочид эрт ургацын байцаа, луувангаар нийслэлийн иргэдийн хэрэгцээний 60 хувийг хангадаг. Хаврын нэг өдөр намрын арав хоногтой тэнцэнэ гэдэгчлэн нэг хоногийн төлөө өрсөж ажилладаг. Суманд хаврын тариалалтын үед нэн чухал хэрэгцээтэй үрлэгч гэж техник байдаг, тэр нь манай суманд хоёрхон байдаг бөгөөд түүнийгээ иргэд маань ээлжлэн түрээсэлдэг. Тэгвэл бид 2-3 ширхэгийг худалдан авч хоршоогоороо дамжуулан иргэддээ түрээслэснээр тариалалтын явц хурдан шуурхай болж байгаа юм. Үүнийг ногоочид маш талархалтайгаар хүлээж авсан. Нэгж дээр ажиллаж байсан хүмүүсийн хувьд иргэдэд тулгарч буй асуудал, хэрэгцээтэй зүйлийг мэддэг учир түүндээ чиглэсэн бодлогыг боловсруулахад нэгдэж чадсан. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг улсын хэмжээнд 30 хувь нэмэгдүүлэхэд аймгаас дахин 20 хувь нэмж 50 хувь болгосон. Мандал сум бүтээн байгуулалт хийх төсвөө энэ бүхэндээ зарцуулж, үйл ажиллагаагаа иргэндээ чиглүүлж чадсан.

-Сумын 100 жилийн ой 2024 онд болох гэж байна. Энэ үед 100 жил гэж бужигнаж өнгөрөөхөөс илүүтэй түүний дараа юу үлдэж хоцрох вэ гэдэгт ямар ажил төлөвлөж байна вэ?

-Ирэх 2024 онд сумын 100 жилийн ой болно, ярьж төлөвлөсөн зүйл бий. 100 жилийн өмнөх зургаа харахад хөгжил байна уу гэвэл мэдээж байгаа, бүр илүү сайхныг бид үлдээх ёстой. Ер нь 2020 оноос хойш орон нутгийн музей, хүүхэд залуучуудын ордонтой больё гэж зорьж байна. Сум өөрөө түүхийн дурсгалт газар ихтэй, түүнийхээ түүхийг бид цааш авч явах ёстой. Мандалчууд зочин ирэхэд үзүүлэх юмтай байх ёстой, түүний нэг хэсэг болж үүнийг хийх ёстой гэдгийг ИХ-ын зүгээс үзэж байгаа. Музейн барилгын зураг зуруулахаар 2021 онд тодорхой төсөв тавиад уралдаан зарласан боловч шалгарсан компани нь төсөв мөнгөнөөс шалтгаалаад зураг төсөл гаргахаа больсон. Гэвч бид зорьсон ажлаа гүйцээхийг зорьж байгаа.

-Дэлхий нийтээрээ л эко хүнс гэж ярих болсон. Иргэд ялангуяа хувь тариаланчаас ногооны хэрэгцээгээ хангах хүсэлтэй болсон байна. Тиймээс эко гэх бүтээгдэхүүнийг нийслэлийн зах зээлд нийлүүлэхийн тулд та бүхэн юу хийж байгаа вэ?

-Бид жил бүр ногоочид, малчдынхаа зөвлөгөөнийг хийдэг. Саяхан малчдын зөвлөгөөнөө хийж малаа чанаржуулах асуудлаа ярилцлаа. Мөн малаа эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах, давхар бизнес эрхлэх, зөвхөн малын тоо толгойг өсгөх нь амжилт биш юм гэж дүгнээд энэ оны ажлаа ярилцаад байна. Үүнээс гадна бэлчээрийн даац хэтэрсэн тул гаднаас малтай өрх авахгүй, боломжгүй гэдгээ зарласан. Хүнс гэхээр зөвхөн хүнсний ногоо биш, үр тариа, ногоо бол өөрөө хүнсний шар алт. Харин эрүүл мах бол хүнсний ногоон алт, тиймээс махны асуудлаа ч зөв авч явах ёстой учраас зөвлөгөөн хийлээ. Тавдугаар сард аймгийн хэмжээний тариаланчдын зөвлөгөөн болсны дараа сум ногоочид, тариаланчдынхаа зөвлөгөөнийг хийхээр бэлтгэлээ хангаж байна. Манай сумын ногоочид нийлээд нэг хоршоотой, тус тусдаа бүлэгтэй. Тэд жил болгон уулзалт хийдэг бөгөөд гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн 17 сумын ногоочид манай суманд ирж уулзалт хийгээд явсан. “Мандал эко фуудс хоршоо” жил бүр эко тариалалт хийж Улаанбаатар хотод ногоогоо нийлүүлдэг төдийгүй “Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” гэдэг өргөмжлөлөөр шагнагдсан. Ер нь бордоо эко байж хүнсний ногоо маань эко болно шүү дээ. Тиймээс бордооны сонголтын тухайд ярилцаж байна. Хамгийн зөв бордоо бол малын өтөг, бууц эко бордоо болно гэдэг утгаар БНСУ-ын нэгэн компани эко бордоо үйлдвэрлэх талаар ярилцаад явсан. Миний хувьд “Та нар хийгээд аваад ирвэл бид лабораториор шинжлүүлээд эхний ээлжинд туршихад эко гэдэг нь батлагдвал татгалзах зүйл алга” гэдгээ хэлсэн. Улсаас гарал үүсэл нь тодорхой эко ногоонд сүүний урамшуулал гэдэг шиг ногоочдод ч урамшуулал өгөхөөр болсон. Тийм болохоор хэрэглэж байгаа бордоогоо зөв газраас аваад эко гэдэг нь батлагдсан бордоогоор бордон тариалбал урамшуулал авах боломжтой болж байгаа тул ногоочид маань эко бүтээгдэхүүн тариалаад эхэлсэн. Түүнчлэн эко хөрс ч яригдаж байгаа, тиймээс хөрсөндөө анхаарах шаардлагатай болсон. Өнгөрсөн жилээс ХААИС-тай хамтарч зарим газарт хордлогын шинж байна уу гэдгийг шинжлүүлж хөрсөө эрүүл байлгах тал дээр анхаарч байна. -Малын халдварт өвчний улмаас олон айл үхэр, гахайгаа устгалд оруулж байсан. Мал эрүүл байж эдийн засгийн эргэлтэд орно гэдгийг мандалчууд өнгөрсөн алдаа, онооноосоо суралцсан байх. Тиймээс бидний мал эрүүл гэдгийг бардам хэлэх суурийг яаж тавьж байна вэ? -Малаа угааж эрүүлжүүлэхийн тулд хоёр газарт мал угаах ванн барьсан. Мөн иргэдийн хурлаараа малыг шимэгчгүйжүүлэх хөтөлбөр баталсан. Малчид ч мөн өөрсдөө малаа вакцинжуулах тал дээр хариуцлагатай хандах учиртай. Малаа бүрэн вакцинжуулахын тулд мал эмэнлэгтэйгээ гэрээ байгуулан вакциндаа хамрагдах төсвийг ч баталсан. Нөгөөтэйгүүр мал нядалгааны цэгт лабораторитой болох юм. Ингээд мал нядалгааны цэгийн зургийг өнгөрсөн онд лабораторийн хамт 20 сая төгрөгөөр гаргуулсан. Улсын төсвөөр байгуулахаас гадна хувийн журмаар ийм цэг нээе гэсэн хүмүүс бас байгаа. Энэ бүтээн байгуулалт бий болчихвол цэвэр, стандартын орчинд малаа нядалж, гарсан махаа лабораторитоо шинжлэх асуудал шийдэгдэнэ. Хэрэв энэ асуудлаа шийдчихэд дан сүүний чиглэлийн мал гэхээс илүүтэй махны чиглэлийн мал өсгөхийг зорьж байна. Тоо толгойг харж аваргуудыг шалгаруулдаг байсан бол сүүлийн үед чанарт чиглэсэн аваргуудыг шалгаруулж хагас эрчимжсэн МАА, фермерийн аж ахуй эрхлэхэд анхаардаг болсон.

-Мандал сум соц нийгмийн үед хот төлөвлөтөө их сайн хийсэн гэж боддог. Гудамж, зам, талбай тус бүр өөр өөрийн нэртэй, тэр дундаа бүр орос нэршилтэй байсан. Одоо өөр нэртэй, эгнээ байр замбараагүй болсон харагдана. Үүнийгээ буцаагаад орос маягаар нь нэрлэх мөн хот төлөвлөлтөд ИХ ямар байр суурь, санал санаачлагатай ханддаг вэ?

-Сүүлийн үед манай сумын төвийн хөгжил тэр тусмаа газар иргэний өргөдөлд зориулан батлагдсаар одооны энэ замбараагүй, эгнээ байр алдагдсан хэлбэрт шилжсэн. Тиймээс бид “STREET” төслийнхөнтэй хамтраад нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэдгийг хийлгэж байна. Эхний байдлаар төслийнхөн маань хоёр намын төлөөлөл, ИХ-ын төлөөлөгчдөд танилцуулан хэрэгтэй саналуудыг тусган ажиллаж байна. Үүнийг хийгээд дуусахаар нэмж хот суурин газрын төлөвлөгөөг гарган, төвийн хэсэгтээ дахин өөр төлөвлөтийг хийж, түүндээ тохирсон газрыг ИХ батлах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Газар доорх байгууламжийг шинэчлэх тухайд болон Мандалын гэр хорооллынхон хэдэн он гэхэд төвийн халаалттай холбогдож, энэ хэлбэрт шилжих вэ?

-Эхний байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хэд хэдэн газар бохирын асуудлаа шийдсэн. Төсөвт өртөг өндөртэй, улсын төсвөөр батлагддаг учраас эхнийхийгээ ямар ч байсан батлуулсан, цаашдаа үе шаттайгаар батлуулахыг л бодож байна. Эхний орсон шугамдаа айлуудаа холбох ажлыг байгаль орчны улсын байцаагч маань хариуцаж байгаа. Хэрвээ эдийн засгийн боломжтой бол төвийн хэсэгтээ нутаг дэвсгэрийн хөгжил маань дээшээ босоо чиглэлийн хөгжилтэй болоход газар доорхи дэд бүтцийн асуудал нэн тэргүүний чухал болоод байна. Энэ маань улсын төсөвтэй холбоотой учир биднээс шалтгаалахгүйгээр цаг хугацаа хүлээх болчихоод байгаа. Эхлүүлээд байгаа бохирын шугамтайгаа зэрэгцүүлээд дулааны шугамаа явуулж, айлуудыг холбох асуудлаа ярихаас гадна, сумын ДЦС-ын тухай ярьж эхэлж байгаа бөгөөд үүнд хамгийн багадаа хоёр жил шаардагдана. Тиймээс нэлээд цаг хугацаа орно гэж харж байгаа. Гэвч эхлэл тавигдана гэдэг маш чухал юм.

-Мандал сумын хувьд сум хөгжүүлэх сангийн хөрөнгө хэрхэн юунд зарцуулагдаж, үр ашиг нь ямар байна. Жил жилд ашиг нь нэмэгдэж, зээлдэгчийн тоо өсч байна уу гэдэг их сонирхолтой байна?

-Сум хөгжүүлэх сан маань хоршоо хөгжүүлэх сан болоод өөрчлөгдсөн. Ер нь эхний зээлийн 30 хувь нь орж ирсэн бол дараагийн зээлрүү гарга гэсэн зарчмаар л явж байна. Өнгөрөгч 2022 оны төгсгөлд 200 орчим сая төгрөгийг ИХ-аараа тов гарган иргэдэд зээл хэлбэрээр олгосон. Мөн нэгдүгээр сард 180 гаруй сая төгрөг бүрдсэн тул иргэдийнхээ төслийг сонгон шалгаруулах багийнхан шалгаруулан зээл олгосон. Анх эхэлж байсан үеэ бодвол тэг зогсолттой төлөөгүй, үхмэл хөрөнгө болгосон нэлээд хэдэн сая төгрөгийн зээл байдаг юм билээ. Энэ болгонд бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатайгаа хамтарч ажиллан, төлүүлээд явж байна. Ер нь зориулалтын бусаар ашиглах явдал өндөр тоотой зээлд илүү байдаг юм байна гэсэн дүгнэлт гаргсан. Тэгээд түүнийгээ үндэслэн ИХ-аас ААН-д 50 сая, иргэнд 20-30 сая төгрөгийн дүнтэй зээл олгоно гэсэн зээлийн дээд хэмжээг зааж өгсөн байгаа.

-Мандал суманд хоёр ч хорих анги байдаг. Хамгийн эмзэглэмээр зүйл бол энд ял эдэлж байсан олон хоригдлуудын үр хүүхэд үлдсэн байдаг. Мөн шоронгоос гараад хөлөө олтлоо энд амьдраад, хэсэг хугацааны дараа нутагруугаа яваад өгөхөд өнчирсөн үр хүүхэд үлддэг гэдэг. Энэ асуудлыг та эмэгтэй хүний хувьд, эмч хүний хувьд, Иргэдийн хурлын даргын хувьд яаж харж, ямар байр суурьтай байна вэ?

-Бидний анхаарлын төвд байж, ярьдаг асуудал байгаа юм. Манай сум аймгийн дайтай сум тул тэр хэрээрээ олон хүнтэй суурин газарт тулгардаг бүх л асуудал бий. ИТХ-ын даргын дэргэд хурлын даргаар ахлуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл ажилладаг. Бид хууль хүчний байгууллагуудтайгаа хамтран суман дахь гэмт хэргийг бууруулах тал дээр бодлого боловсруулан ажиллаж байна. Суманд орж ирсэн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой татвараас эргүүлэн урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө оруулалт хийж, жилд 60 сая төгрөгийг баталдаг. Өнгөрөгч 2022 онд Засаг даргатай ярьж байгаад Мандал суманд шуурхай удирдлагын төв, төвийн хэсгийг бүрэн камержуулахаар удирдлагыг нь цагдаагийн байгууллагын нэг өрөөнд байршуулан ажиллахад бэлэн болсон байгаа. Тавдугаар сар гэхэд энэ ажил бүрэн гүйцэд дуусч, цахим хяналтын төв ажиллаж эхэлнэ. Ингэснээр гэмт хэрэг, зөрчил тодорхой хэмжээгээр буурдаг юм байна. Манай сум төвдөө нээлттэй, хаалттай хоёр хорих ангитай, тэр хэмжээгээрээ суллагдсан хоригдлууд энд үлдэж суурьших тохиолдол бишгүй бий. Тиймээс тэднийг эргэж гэмт хэрэгт холбогдохоос сэргийлж, салбар зөвлөлөөс хорих анги дээр хорихоос гарахын өмнөх сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх нэг өрөө тохижуулсан. Нийгмээс тусгаарлагдсан хүмүүс шууд нийгэмд гарахаараа хөл алдан эргэж гэмт хэрэгт холбогдох тохиолдлууд гардаг. Иймд гадаад орчинд бага боловч дасгахад тэр хүн зөвхөн энд баригдаад байх биш, өөр өөрийн нутагруугаа явах боломж бүрдэнэ. Тиймээс бид чөлөөлөгдөхийн өмнөх амрах байр буюу гэрийн нөхцлийг бүрдүүлсэн орчныг бий болгосон. Тэр хүн тэр өрөөнд өөрөө хоолоо хийж идээд, өөрөө өөртэйгээ харьцан нийгэмд гарахад нь бэлтгэж байна. Байр гэхээр жижиг мэт санагдавч үр нөлөө нь асар их. Хорих ангиудыг нүүлгэх тухай маш их бодож байгаа боловч зөөхөд эдийн засгийн хүндрэлтэй байдал их нөлөө үзүүлдэг. Нүүлгэлтийг төсвийн мөнгөөр хийхээс өөр аргагүй, тиймээс бид нүүлгэж чадахгүй л байна. Гэлээ гээд зүгээр суултай биш салбар зөвлөлөөс ажлууд төлөвлөн хийсээр байгаа. Мөн НҮБаас зарласан хүүхдийн хүчирхийллийг бууруулахад чиглэсэн төслийн шалгаруулалтад манай сумын есөн багаас тус тусдаа төсөл боловсруулан гурван төсөл өгч хоёр төсөл маань шалгарч хүүхэд хамгаалах байрандаа эмчийн үзлэгийн өрөө тохижуулах төсөл, мөн II, IX багтаа сургалтын танхим тохижуулах тус бүр таван мянган ам. долларын санхүүжилттэй төслийг авсан. Ингэснээр хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийн нууцлал алдагдахгүй болж байгаа юм. Мөн шүүх шинжилгээний байгуулагад ч бас ийм өрөө хэрэгтэй байгаа. Бид төслөө бичээд УИХ-ын гишүүн болон олон улсын байгууллагад хандсан байгаа. Энэ бүхнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийнхний ажлын амжилт гэж харж байгаа.