М.П.СИНГХ: ГЕОПОЛИТИК, ЦАР ТАХАЛ, ГЭНЭТИЙН СОРИЛТУУД Ч БИДНИЙ АЖИЛД НӨЛӨӨЛӨӨГҮЙ

Улс төр

Э.БАТ-ЭРДЭНЭ

Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын тусламжаар Дорноговь аймгийн Сайншандад барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэртэй холбогдуулан гол санхүүжүүлэгч Энэтхэг улсын газрын тосны салбар, манайд барьж байгаа үйлдвэр, ажлын явц, санхүүжилтийн талаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй ярилцлаа. 

-Энэтхэг улсын газрын тос олборлох, боловсруулах салбарын хөгжил, түүх өнөөгийн хүрсэн түвшинийн талаар ярилцлагаа эхлэх үү.

-Энэтхэгийн газрын тосны салбарын талаар илүү сайн ойлголт өгөхийн тулд хэдэн баримт дурдъя. Энэтхэгийн газрын тос боловсруулах салбар нь 1901 онд Дигбойд түүхий нефть илрүүлж, анхны боловсруулах үйлдвэрээ байгуулснаас хойш маш их зам туулсан. 1947 онд 0.50 MMTA боловсруулах хүчин чадалтай байсан бол өнөөдөр Энэтхэг нь газрын тос боловсруулалтаараа АНУ, Хятад, Оросын дараагаар дэлхийн дөрөв дэх том улс болоод байна. Мөн ОХУ жилд 248.9 сая тоннын хүчин чадалтай ажилладаг. Энэтхэг улс нь газрын тос боловсруулах 23 үйлдвэртэйн 18 нь улсын секторт, хоёр нь хамтарсан үйлдвэр, гурав нь хувийн хэвшилд байдаг, эдгээр нь газарзүйн хувьд таатайгаар тархаж улс хооронд дамнасан дамжуулах хоолойтой байдаг. Энэтхэг нь дэлхийн нефтийн хэрэглээгээрээ дэлхийд гуравт ордог тул дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь бидний байнгын хүчин чармайлт байсаар ирсэн. Цар тахлын өмнө Энэтхэгт түүхий газрын тосны олборлолт 35 сая тонн (MMT), байгалийн хийн олборлолт өдөрт 90.1 сая шоо метр (MMSCMD) байсан. Энэтхэгт газрын тос олборлох, боловсруулах тухайд цэвэр, эко газрын тос үйлдвэрлэх дэлхийн чиг хандлагыг дагах, байгаль орчы нөлөөллийг анхаарах, газрын тос боловсруулах үйлдвэрийн аргачлал мөн бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орсон зэргээс суралцан орчин үетэй мөр зэрэгцэн алхаж байна. Бүтээгдэхүүний чанар шаардлагын дагуу олон улсын чиг хандлагад нийцүүлэн тогтолцоогоо шинэчлэх мөн орчин үеийн дэвшилтэт технологийг Энэтхэгийн боловсруулах үйлдвэрүүдэд ашигладаг бөгөөд үүнд Fluid Catalytic Cracking (FCC) зэрэг хоёрдогч боловсруулах үйлдвэрүүд байдаг. Тиймээс одоо суурилуулсан технологийн үйл явц нь хар тугалгагүй бензин, хүхэр багатай дизель түлш, мазут болон бусад шинж чанарыг сайжруулахын зэрэгцээ дунд нэрмэлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж шингэрүүлсэн байгалийн хийн хэрэглээг сурталчлах замаар нэмэгдүүлэх, улмаар холимог түлшний хэрэглээг дэмжихийг эрмэлзэж байна. Манайд катализаторын байнгын шинэчлэл (CCR), Гидрокрекер, Хүхрийн агууламж багатай түлш, дотоод хэрэглээнд зориулсан түлшний тос үйлдвэрлэх, түлшийг хүхэргүйжүүлэх байгууламжууд, шингэрүүлсэн нефтийн хийг дээд зэргээр нэмэгдүүлэх INDMAX технологи гээд шинэчлэл өөрчлөлт хийсээр байна.

-Газрын тос олборлох, боловсруулах талаар ийм баялаг туршлагатай болохоор л манай улс танайд хандаж, хамтарч ажиллаж байгаа юм

-Энэтхэг улстай энэ чиглэлээр хамтран ажиллах туршлага нь Монголд хэрэг болох нь дамжиггүй юм. Дэлхийн болон улс орнууд бүгд харилцан хамааралтай болсон өнөө үед туршлага, технологио хуваалцах нь эдийн засгийн хөгжлийн жишиг хэм хэмжээ болоод байгаа нь үнэн. Энэтхэг улс нь Монгол улсад анхны боловсруулах үйлдвэрээ барьж байгуулж энэ салбарт хамтран ажиллах үндэс сууриа тавьж байгаад баяртай байна. Та бүхний уншигчдад сонордуулахад дэлхийн газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэр нь манай Жамнагар Гужаратед байрлаж өдөрт 1.24 сая баррель нефть боловсруулдаг. Энэ бүхэн Энэтхэг улс газрын тос, байгалийн хий боловсруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлдгийг илэрхийлж байгаа юм. Олон арван жилийн турш хуримтлуулсан мэдлэг, туршлага, технологийн туршлагаа бид Энэтхэгээс Монгол Улсад авчирч, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг ахиулахад нэн шаардлагатай байгаа “эрчим хүчний аюулгүй байдлыг” хангахыг зорин ажиллаж байна.

-Монгол Улс газрын тосны салбарын эрх зүйн орчноо боловсронгуй болгохын тулд юунд анхаарах ёстой гэж та бодож байна вэ?

-Юуны өмнө, газрын тос боловсруулах үйлдвэр хөгжүүлэх хамтын ажиллагааны төслийн бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2021 оны эхний улиралд УИХ-аас тусгай хууль баталж, түүний бүтээн байгуулалтыг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлснийг хүлээн зөвшөөрөхийг хүсч байна. Өрсөлдөөн ихтэй өнөө үед хууль эрх зүйн орчныг шинэчлэх, оновчтой бодлого хэрэгжүүлэх, бодлогын уялдаа холбоог хангах, гадаадын хөрөнгө оруулалтад ээлтэй орчин бүрдүүлэхийн зэрэгцээ хэрэгжилтийн зөрүүг багасгах нь аливаа засгийн газрын хувьд хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах, олон улсын хамаарал бүхий байгууллагуудын үнэлгээг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг нь нууц биш юм. Энэхүү мега төсөл нь Энэтхэгийн ойрын хөрш орнуудаас гаднах тусламжийн хамгийн том төсөл бөгөөд Монгол Улсад уул уурхайн салбараас гадна бизнесийн орчноо бэхжүүлэх, аж ахуйн нэгжүүд, ялангуяа ЖДҮ эрхлэгчдэд илүү тэгш тоглох боломж бүрдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа менежмент, үйл ажиллагааг дэмжих илүү өндөр бүтээмжтэй байлгах сайхан боломж олгож байгаа юм. Одоогийн засгийн газар энэ тал дээр тулгарч буй бэрхшээлийг арилгаж шийдвэрлэхэд бодитой арга хэмжээг авч ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, уул уурхайн салбараас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөхүүлэн дэмжих чиглэлээр баталсан олон хууль, бодлогын төслийг түргэн шуурхай, тууштай хэрэгжүүлэх нь мөн адил үр дүнтэй байх болно гэдэгт найдаж байна.

4. Энэтхэг улс Монголд төсөл хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Та ажлын явц гүйцэтгэлд сэтгэл хангалуун байна уу?

-Өмнөх 2021 оны нэгдүгээр сарын 15-нд хасах 25 хэм орчим хүйтэн, Ковид тахлын хязгаарлалттай нөхцөлд Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний ээлжийн барилгын ажил эхэлсэн нь энэхүү мега төсөл нь Энэтхэг Монголын холбогдох бүх талууд тууштай байгаагийн илэрхийлэл, байнгын ашиг тустай байлгахад анхаарал хандуулж, байгаагийн илэрхийлэл болсон. Өнөөдөр бидний тооцоолж байгаагаар нэгдүгээр шатны ажлын 80 хувь нь дууссан бол 2, 3-р үе шатны гэрээг 2022 оны арваннэгдүгээр сард Энэтхэгийн нэр хүнд бүхий компанитай хийж дуусгаад дөрөвдүгээр шатны тендерийг ирэх долоо хоногт эцэслэн шийдвэрлэх төлөвтэй байна. Үлдсэн гуравдугаар үе шатны бодит ажил 2023 оны хавартай зэрэгцэн эхэлнэ гэж найдаж байна.

-Ам.долларын ханш өдрөөс өдөрт өсч байна. Энэ нь төслийн санхүүжилтэд ямар нэгэн байдлаар нөлөөлж болзошгүй болов уу?

-Энэ нь одоогийн дэлхий нийтийн чиг хандлага түүний тогтворгүй байдал үргэлжилж буй геополитикийн нөхцөл байдал, хумигдаж буй эдийн засгийн үр дагавартай шууд холбоотой юм. Ийм тодорхойгүй байдал нь цаашид хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа ч Энэтхэгийн амлалтын хувьд Энэтхэгийн EXIM банкнаас 1.236 тэрбум ам.долларын санхүүжилт олгоход ямар ч асуудал гарахгүй гэдгийг хэлэхэд таатай байна. Биднийг урагш ахих тусам цар тахалтай холбоотой сорилтууд болон хурдацтай хөгжиж буй геополитикийн нөхцөл байдлын улмаас барилгын төсөвт өртөг нэмэгдэх хандлагатай байна. Гэсэн хэдий ч бидний хамтын хүчин чармайлт нь шинээр гарч ирж буй нөхцөл байдал болон арилжааны бодит байдалтай уялдуулан барилгын өртгийн хүлээгдэж буй өсөлтийг хамгийн бага хэмжээнд хүртэл хязгаарлаж болно гэж найдаж байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх урьдчилсан хугацаа хэзээ вэ?

-Ковид цар тахлын улмаас тооцоолоогүй тасалдал үүсч, нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлж, нөөц материалын тээвэрлэлтэд тулгарч буй бэрхшээлүүдийг харгалзан үзээд бид энэ төслийг 2025 оныг дуустал үргэлжилнэ гэж төлөвлөж байна. Үргэлжилсэн геополитикийн нөхцөл байдал, цар тахал болон аливаа гэнэтийн сорилтууд бидний төлөвлөсөн хуваарьт нөлөөлөхгүй гэж найдаж байна.

-Шинэ газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадал, технологийн дэвшлийг Монголчууд их сонирхож байгаа

-Энэ талаар тантай бүрэн санал нийлж байна. Энэтхэг улс Монголын нэгэн адил Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэгцээний гуравны хоёроос дээш хувийг хангаж "эрчим хүчний аюулгүй байдал"-ыг хангахаас гадна нийгэм, эдийн засгийн томоохон үр өгөөж авчрах, газрын тос боловсруулах үйлдвэрийн энэхүү мөрөөдлийн мега төслийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Газрын тосны салбарт сүүлийн үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байна. Энэ мега төсөл хэрэгжсэнээр аж үйлдвэрийн шинэ салбар бий болгох үндэс суурьг тавьж, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлж, гадагшлах валютын урсгалыг бууруулан, Монгол улсын гадаад худалдааны алдагдлыг бууруулж, нефтийн бүтээгдэхүүний дотоодын үнийг тогтворжуулж, шууд болон туслах зориулалттай 1000 ажлын байр бий болгож, улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой юм. Газрын тос нь эдийн засгийн сэргэлтийг хангахад асар их нөлөө үзүүлдэг учраас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”- ын хэрэгжилт нь Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийг газрын тосоор боломжийн үнээр тогтмол, тасралтгүй хангахаас ихээхэн шалтгаална гэдэгтэй та санал нийлэх байх.

-Төслийн санхүүжилтэд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудал тусгагдсан уу?

-Монголын анхны үндэс суурь болсон боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа, менежментэд Монголчуудыг чадавхжуулах, бэлтгэгдсэн инженер техникийн ажилтнууд бэлтгэх нь маш чухал юм. Тиймээс Энэтхэгийн Засгийн газраас энэ тал дээр онцгой анхаарал хандуулж ирсэн. Бүр 2019 оноос хойш бид Энэтхэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэрийн менежментийн чиглэлээр Монголын 30 орчим мэргэжилтэнг сургасан. Энэ жилээс эхлэн бид нефть боловсруулах үйлдвэрийн менежмент, үйл ажиллагаанд илүү олон Монгол боловсон хүчин бэлтгэх зорилгоор жил бүр 40 тэтгэлэгт хөтөлбөр гаргаж, үйлдвэр ашиглалтад ороход 150-200 орчим боловсон хүчний нөөцтэй болно гэж найдаж байна.

-Түүхий тос тээвэрлэх дамжуулах хоолойн технологийг эцэслэн сонгосон уу?

-Хоёр талын хэлэлцээрт зааснаар Дорнодоос түүхий нефтийг Сайншанд дахь боловсруулах үйлдвэр хүртэл тээвэрлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар хариуцах юм. Энэ хоолойг Газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орохоос зургаагаас доошгүй сарын өмнө бүрэн суурилуулж, ашиглалтад оруулсан байх ёстой. Нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр 530 км орчим булсан болон дулааны шугам хоолой барих ажлыг тус бүсийн компанид өгчихсөн гэж бидэнд мэдээлсэн.