Чиг үүргүүд: Шадар сайдын коммандаар МИК руу Монголбанк, СЗХ “дайрах” боломжгүй

Улс төр

Шадар сайд С.Амарсайхан Монголын ипотекийн корпорацийн талаар мэдээлэл хийснээс хойш олон хоног өнгөрч байна. Ямар нэг шийдэл, гарц яриагүй, зүгээр л “МИК шимтгэл авдгаас иргэдэд өндөр хүүтэй ипотекийн зээл гарч байна” гэсэн санааг зориуд шидээд өнгөрсөн тэр мэдэгдэл.

Уг нь Монгол Улсын Шадар сайд хөндөж буй асуудал тул бүгд хуулийн хүрээнд, гарц гаргалгаатай, төлөвлөгөөтэй байх учиртай. Гэвч “Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлд ажилла” гэж хий үүрэгдээд өнгөрсөн. Гэтэл Монголбанкнаас “МИК бол жишиг тогтолцоо” гэсэн байр суурь илэрхийлснээр Шадар сайд, Монголбанк хоёр энэ цэг дээр огтлолцохгүй байгааг илтгэв.

Өнөөдрийг хүртэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо Шадар сайдын “үүрэгдэлт”-ээр МИК-ийн эсрэг ажиллаж эхэлсэн мэдээлэл байхгүй байна. Чиг үүргийнхээ хувьд ч Засгийн газраас хараат бусаар мөнгөний бодлого явуулах ёстой Монголбанк МИК-ийн асуудалд оролцох боломжгүй юм. Санхүүгийн зохицуулах хороо ч тэр.

Учир нь, МИК бол банк биш. ББСБ ч биш. Энэ бол “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК хэмээн хуулийн этгээд буюу хувийн аж ахуйн нэгж. ОССК гэдэг нь Орон сууцны санхүүжилтийн корпораци гэсэн үгийн товчлол.

Энэ аж ахуйн нэгж арилжааны банкнуудаас ипотекийн зээлийг нь худалдаж авч, бонд босгож баталгаажуулдаг үйл ажиллагаатай. Ипотекийн зээл өөрөө 20-30 жилийн хугацаатай байдаг. Энэ хугацаанд зээлдэгчид ямар ч асуудал тохиолдох боломжтой. Энэ эрсдэлээс хамгаалах үүднээс нөөц хөрөнгийн сан бүрдүүлдэг.

Харин МИК иргэдээс шимтгэл авдаггүй. ИЗББ эзэмшигчдээс  үйл ажиллагааны зардлаа нөхөх зорилгоор 0,5%-ийн шимтгэл авдаг. МИК нь ИЗББ гаргах, ИЗББ эзэмшигчдэд тайлан мэдээ гаргах, зээл, хүүгийн бүртгэл, хяналт, санхүүгийн бүртгэл хөтлөх, төлбөр тооцоог гүйцэтгэх, хянах, бүх талуудад төлөөлөх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэж өгдөг.

Гэтэл энэ нөхцөлд хөндлөнгөөс Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо Шадар сайд буюу Засгийн газрын коммандаар ажиллана гэдэг анхаарал татаж байгаа юм. Бүгд хууль, журмын дагуу явна. Монголбанкны үндсэн чиг үүрэгт хамаарахгүй, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын хүрээнд ажилладаг МИК-ийн үйл ажиллагааг зогсоох агуулга байхгүй юм.

 

Эх сурвалж:

Г.Сансармаа /www.eguur.mn/