Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орно

Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо
 
Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.
 
Хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулна
 
Баруун, Төвийн, Хангайн бүсэд болон Зүүн бүсэд хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулна.
Мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой явуулах зорилгоор гурван бүсэд хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах” ажлыг мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, зааврын дагуу болон олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгав.
Эрүүл бүс байгуулагдсанаар мал сүргийг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлчээрийн маллагаагаар маллаж, гарал үүсэл нь тодорхой, олон улсын мал эмнэлгийн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн болон бусад малын гаралтай  түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэж экспортыг нэмэх зорилготой юм.
 
Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орно
 
Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулга хийлээ. Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орно. Тус замын бүтээн байгуулалт хоёр урсгал тусдаа замаар баригдаж байгаагийн эхний урсгалыг хоёр чиглэлтэйгээр нээхэд бэлэн болжээ. Энэ нь бүтээн байгуулалтын 50 хувь юм. Үлдсэн 50 хувийн ажлыг 2023 онд хийж дуусгахаар төлөвлөж байна. Тус замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд  Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо.
 
Товч мэдээ
·      Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн Лицензгүй технологийн байгууламжийн ажил, Үйлдвэрийн цахилгаан станцын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт тус тус хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогчтой холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гэрээ байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.
·      2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэр болон баруун бүсийн дөрөвдүгээр үйлдвэрийн өргөтгөл  шинэчлэлтийн ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгах, өвлийн оргил ачааллын үед ашиглах 115 мянган тн хагас коксын түлшийг импортлох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст тус тус даалгав.