Д.МӨНХБАТ: ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ, КОВИДЫН ДАРАА БИЗНЕСЭЭ СЭРГЭЭХ СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

Улс төр

Т.ЖАНЦАН

Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өвлийн бэлтгэл хангах ажил ямар хэмжээнд байна вэ?

-Намрын ажил ид өрнөж өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Эрчим хүчний, дулааны шугам сүлжээний байгууллагууд өвлийн бэлтгэлээ хангаж ажил нь жигдрээд байгаа. Мөн хөдөө аж ахуйн салбарын өвлийн бэлтгэлээ хангаж байна. Орхон аймаг хэдийгээр газар нутаг бага, хоёр сумтай хэдий ч малчин өрх олон тул өвс, тэжээлээ базаалаа. Мөн Жаргалант суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын ургац хураах ажил амжилттай болж байна. Хүнсий ногоо, улаанбуудайн ургац энэ жил арвин байгаа. Нэг га талбайгаас 30-50 хүртлэх центнер ургац хураан авч байна. Өнгөрсөн зун цаг агаар сайхан, бороо хур элбэг байсан нь өндөр ургац авахад нөлөөлсөн. Улаантолгой орчимд эрт хяруу унасан ч ургац алдах нь гайгүй байлаа.

-Орхон аймгийн хувьд энэ намар нэлээд олон стандарт хангасан мэдээлэл бий энэ талаар тодруулж өгнө үү?

-Тийм. Бид энэ намар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ЗГХЭГ, Цахим хөгжлийн яам, Төрийн албаны зөвлөлтэй хамтарч “Төрийн бүтээмж” зөвлөгөөн зохион байгууллаа. Энэ арга хэмжээний үеэр манай аймгийн 11 байгууллага ISO стандарт хангасан чанарын гэрчилгээ гардан авсан. Байгууллага болгон чанарын менежментийн тогтолцоо буюу үндсэн стандарт болох 9001: 2015-ыг нэвтрүүллээ. Эдгээрээс гадна байгаль орчны 14001: 2015 стандартуудаа зургаан сарын хугацаанд зөвлөх үйлчилгээ авч аудитын баталгаажуулалт хийлгээд байна. Орхон аймгийн Нэгдүгээр сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо. Энэ сургуулийг 920 хүүхэд хүлээж авах хүчин чадлаар өргөтгөлөө.

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдсэн. Энэ хуулийн хэрэгжилт ямар байна. Амьдралд ер нь хэр нийцтэй байгаа юм бол?

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хэрэгжээд зургаан сар болж байна. Энэ хууль нутгийн өөрөө удирдах байгууллагын их олон зүйлийг зохицуулсан. Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсээд 30 жил болж байна. Энэ хугацаанд өөрчлөлт орж байгаа юм. Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд нэлээд олон өөрчлөлт орон нутагт хийгдэж байна. Тухайлбал, аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн хуралгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Зөвлөлийн хуралтай болсон. Өмнө нь Тэргүүлэгчдийн хурал эрх мэдлийнхээ хүрээнд тогтоол, шийдвэр гаргадаг байлаа. Одоо Зөвлөлийн хурал тогтоол шийдвэр гаргахгүй. Тэгэхээр ихэнх асуудлаа аймгийн ИТХ-аар хэлэлцэж байгаа юм. Иймээс ИТХын хуралдах тоо нэмэгдсэн. Үүнийг дагаад төлөөлөгчдийн ажлын ачаалал өссөн. Шинэ хуультай холбоотой засч залруулах шаардлагатай зүйл бий. Шинэ хуульд зааснаар нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага гэж бий болсон. Энэ нь Монгол Улсад нутгийн удирдлагыг хэрэгжүүлж буй бүх аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс оролцож бүрдүүлнэ. Тухайлбал, аймгаас хоёр, сумаас нэг нэг төлөөлөгч оролцох учиртай. Мөн нийслэлээс бас төлөөлөгчид оролцоно. Тэгээд Засгийн газар болон УИХ-д уг хуулийн хэрэгжилттэй холбоотой хэлэлцээр хийх байгууллага шинээр бий болсон гэсэн үг юм. НИТХын дарга энэ байгууллагыг ахалдаг. Одоогийн байдлаар энэ байгууллагад хуулийн өөрчлөлттэй холбоотой засаж залруулах санал нэгтгэгдэж байна. Зарим зүйлийг тодорхой болгох шаардлага бий. Гэхдээ шинэ хуульд сайн дэвшилтэт зүйл, санаа олон байгаа. Жишээ нь Засаг даргын, ИТХ-ын чиг үүргийг ялгаж салгаж өгсөн юм.

-Нийгэм, цахим ертөнц хөгжихийн хэрээр хүүхдийн сэтгэл зүй бас их тогтворгүй болдог юм байна. Ийм учраас Орхон аймаг бусад аймаг, орон нутгаас түрүүлж ерөнхий боловсролын сургууль бүрд хүүхдийн сэтгэлзүйчтэй болсон. Одоо хэрхэн ажиллаж байна вэ?

-Манай аймгийн бүх сургууль дээр хүүхдийн сэтгэлзүйч ажиллаж байгаа. Бид эдгээр сэтгэлзүйчдэд нэлээд өндөр шаардлага тавьж байгаа. Хүүхдийг ойлгох, хүүхэдтэй ажиллах чадвар, ажлын туршлага зэргийг харгалзаж үздэг. Мөн сургуулиуд дээрээ Хүүхдийн хөгжил оролцооны өрөөтэй болгож байна. Тухайлбал, хүүхэд багш нарын өрөөнд ороод олон багшийн дэргэд асуудлаа ярьж чаддаггүй шүү дээ. Тэгвэл ийм тусдаа өрөөтэй болсноор багшдаа, сургуулийн сэтгэлзүйчид асуудлаа чөлөөтэй ярих бололцоотой болсон. Мөн өөрсдийгөө бие даан хөгжүүлэх боломжтой. Аймгийн ИТХ-ын дарга нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах салбар зөвлөлийн дарга байдаг. Иймд бид хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх, өмнө соён гэгээрүүлэх ажлыг өмнө нь цагдаагийн байгууллагатай хамтран хийдэг байсан. Тэгвэл энэ удаа Өмгөөлөгчдийн зөвлөлтэйгөө хамтраад гэмт хэрэг, гэмт хэргийн хохирогч, гэмт хэргийн оролцогч гэж юу вэ гэдэг талаар мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа. Бид өнгөрсөн жил “Сургууль орчмын аюулгүй байдал” хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тухайлбал, Орхон аймагт таггүй траншейн нүх, цахилгааны ил гарсан утас байна уу үгүй юу, явган зорчигчийн гарц, камер, гудамжны гэрэлтүүлэг ямар байх талаар хэлэлцэж ярилцсан. Энэ хүрээнд бид тодорхой сургууль сонгон авч хүүхдэд ээлтэй сургуулийн орчинг шат дараалалтай бий болгохыг зорьж байна. Тэгээд аймгийн цагдаагийн байгууллага, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэмт хэргээс урдчилан сэргийлэх зөвлөл, Засаг даргын тамгын газруудтай хамтарсан хяналт шалгалтыг сургууль орчимд хийлээ. Тэгээд аль болох хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх, сургах тал дээр анхаарч байна.

-Аймгийн ИТХ-аас хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулж өгөхгүй юу?

-Аймгийн ИТХ-аар “Эмч хөтөлбөр”, “Багш хөтөлбөр” гэж баталсан. “Эмч хөтөлбөр”- ийг зөвхөн эмч нарт зориулсан. Бид өмнө нь үйлчлүүлэгч буюу зөвхөн иргэдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Гэтэл эмч нар маань одоо авч буй цалин, ажлын байрандаа олон жил ажиллаж ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсч ирсэн. Гэтэл бид сайн ажилла, ажлаа сайжруул гэсэн шаардлага тавьдаг ч эмч нартаа анхаарч ирээгүй юм. Иймд эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах, мэргэжил дээшлүүлэх, сургалтад хамруулах, ажлын байрны орчин нөхцлийг нь сайжруулах тал дээр түлхүү анхаарч ирлээ. Энэ хөтөлбөр 2016 оноос эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд эмч нараа гадаад дотоодод сургах, ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдтэй хамтран ажиллах, Орхон аймагт зарим төрлийн үзлэг, оношлогоо, хагалгаа хийдэг болох зэрэг ажил хийж ирсэн. Тэр дундаа эрчүүдийн үзлэг оношлогоо, эрүүл мэндэд бас анхаарч байна. Энэ нь бидний хувьд орхигдсон сэдэв шүү дээ. Тэгэхээр “Эмч хөтөлбөр”-өөр дамжуулж эрүүл мэндийн салбартаа чамгүй ажил хийж байна.

-Цар тахлын дараа эдийн засгаа сэргээх талаар анхан шатны нэгжээс эхлээд улс орны хэмжээнд ярьж байна. Энэ талаар Орхон аймаг ямар бодлого чиглэл гарган ажил өрнүүлж байна вэ?

-Ер нь манай улсын төдийгүй бусад орны эдийн засаг хүнд байна. Хаа сайгүй үнийн өсөлт өндөр байгаа. Гэхдээ ажлын байр, хөдөлмөрийн хөлсний үнэлэмж нэмэгдэхгүй тал манай талд бий. Гэсэн хэдий ч ажлын байр нэмэгдүүлэх,жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажил эрхлэлтийг өсгөх талаар тодорхой хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Манай аймагт “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” гэж бий. Манайх шиг шинжлэх ухаан инновацын байгууллагатай аймаг байхгүй. Энэ паркаа түшиглээд дээрээ гарааны бизнесийг дэмжих төслүүдийн сургалт хийж байна. Германы хөгжлийн агентлагтай хамтран ковидын дараа бизнесээ хэрхэн сэргээх талаар төрөл бүрийн сургалт зохион байгуулж байгаа. Гэвч аймаг орон нутагтаа шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал бий. Тухайлбал, татварын бодлого, НДШ гээд асуудал байгаа. Энэ мэтчилэн бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй асуудал бас байгаа.

-Орхон аймаг газар нутгийн хувьд, бас уул уурхайн том үйлдвэртэй учраас бизнес хөгжүүлэх, зах зээлийн таатай орчин нөхцөл бий дээ?

-Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглээд Үйлдвэр технологийн парк байгуулах зөвшөөрөл өгсөн. Эхний ээлжинд 50 томоохон төсөл хэрэгжих юм билээ. Энэ парк байгуулагдсанаар дан ганц уул уурхайгаас хараат биш эдийн засагтай аймаг болно. Эхний төслүүд нь хэрэгжээд явж байна. Тухайлбал, Хүхрийн хүчлийн үйлдвэр баригдаж байгаа. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргаж байгаа хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбогдуулж гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодлого чиглэл бий. Бид өнөөдөр энэ бүтээгдэхүүнийхээ 17 хувийг л хангадаг. Хамгийн олон хүн ам, томоохон үйлдвэртэй Орхон аймагт байдал ийм байхад хөрш зэргэлдээ Булган, Хөвсгөл аймагт ямар байх нь тодорхой. Ийм учраас Үйлдвэр технологийн паркад Хүнсний үйлдвэрлэлийн ТЭЗҮ хийнэ. Үйлдвэрийн газар олгохоос эхлээд төр оролцохгүй л бол жижиг цехийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэл хөгжүүлэх, хангамжийг сайжруулах боломжгүй. Тэгэхээр бүс нутгийн хэмжээнд нөлөөтэй үйлдвэр байгуулах шаардлага байгаа юм. Бид ийм бодол, чиглэлтэй ажиллаж байна даа. Өнөөдөр Орхон аймаг Дархан, Улаанбаатараас гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангаж байгаа юм. Үйлдвэр технологийн паркад ерөнхийдөө аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлүүдийн төсөл бий. Тодруулбал, Эрдэнэтийн засвар механикийн заводыг түшиглэсэн төмөр хийцийн үйлдвэр байгаа. Мөн ил уурхайгаа дагасан тэсрэх бодисын, хүхрийн хүчлийн, барилгын материалын гээд 50 нэр төрлийн үйлдвэрлэлийн жагсаалт гарсан. Засгийн газраас энэ парктай холбоотой мэдээллийг олон нийтэд танилцуулсан. Иргэд олон нийт ч бас энэ паркын үйл ажиллагааг чих тавин хүлээж байгаа байх.

-Орхон аймагт шилжин ирэх хүмүүсийн хөдөлгөөн ямар байна вэ?

-Ер нь хот төлөвлөлт гэдэг зүйлээ хойшдоо анхаарахгүй бол бид багтахгүй. Хамгийн сүүлд байгуулагдсан гурван аймгийн нэг. Гэвч төр засгаас гаргаж буй зарим хууль тогтоомж нь 21 аймгийнхаа нийтлэг асуудалд тулгуурлаад гаргадаг тул Дархан-Уул, Орхон аймагт тохирохгүй зөрчилдөх зүйл нэлээд гардаг. Тухайлбал, бид шинээр шилжин ирж буй хүмүүст Монгол Улсын иргэн бүрт амьдран суух зориулалтаар олгож буй 0.07 га газар өмчлүүлж чадахгүй. Газар байхгүй. Өнөөдөр газрын асуудлаар 12 жилийн өмнө өгсөн өргөдөл шийдэгдээгүй л байна. Тэгэхээр бид цаашдаа гэр хороолол гэхээс илүүтэй хот төлөвлөлтийнхөө асуудалд анхаараад ажлын байраа нэмэгдүүлэх бодлого баримтална. Бид Эрдэнэтэд шилжин ирж буй хүмүүсийг хүлээж авахад бэлэн.

-Ярилцсан танд баярлалаа