Индонезийн цэнгэлдэх хүрээлэнд үймээн болж 125 хүн амь үрэгдлээ

Дэлхийн мэдээ

   Индонезийн Ява арал дээрх цэнгэлдэх хүрээлэнд бямба гарагт болсон хөл бөмбөгийн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн хооронд зодоон болж эхлээд 120 хүн нас барж 180 хүн бэртэж гэмтсэн гэж мэдээлсэн ч дараа нь орон нутгийн эрх баригчид 174 хүн амь үрэгдсэн гэсэн байна. Одоогоор засгийн газар 125 хүн амь үрэгдэж, 320 хүн бэртэж гэмтсэн гэж байна. Амь үрэгдэгсдийн дунд 32 хүүхэд байгаа юм байна. Нутгийн Хүүхэд хамгаалах, эмэгтэйчүүдэд боломж олгож, эрхийг нь өргөтгөх яамны мэдээлснээр бол амь үрэгдсэн хүүхдийн хамгийн бага нь 3-4 настай байсан гэнэ. Индонезийн Засгийн газар энэ эмгэнэлт явдлыг мөрдөн шалгах тусгай бүлэг байгуулан юуны өмнө хөл бөмбөгийн тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтнуудыг байцаахаар төлөвлөжээ. Индонезийн олон хүн эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийнхан үймээнийг дэвэргэж алдаа гаргасан гэж байгаа юм байна. Хөл бөмбөгийн “Арема” клубын ерөнхийлөгч энэ аймшигт хэргийн төлөө даваа гарагт уучлал гуйсан байна. “Би “Арема” клубын ерөнхийлөгчийн хувьд болсон үйл явдлын төлөө бүрэн хариуцлага хүлээнэ. Амь үрэгдсэн, бэртэж гэмтсэн хүмүүсийн өмнө, тэдний гэр бүлийнхэн, индонезчууд болон Лигийн өмнө гүн уучлал хүсч байна” гэж тэрбээр телевизээр мэдэгджээ. Ням гарагт “Канжурухан” цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд индонезчууд Ява арал дээр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж зул асаажээ. Нийслэл Жакартын цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд цугларагсад “алуурчид” гэсэн бичээс барин хашгиралджээ. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо хэргийг мөрдөн шалгаж байгаа гэсэн ч хүний эрхийг хамгаалагчид мөрдөн шалгах ажиллагааг хараат бус явуулж явцуу орчинд нулимс асгаруулагч хий ашигласан цагдаагийнхан, бусад буруутай хүмүүст хариуцлага ногдуулахыг шаардаж байна. Хүний эрхийн хамгаалагч Amnesty International байгууллага ч буруутнуудыг олж нээлттэй шүүхийг шаарджээ. 

   Кадыровын төрсөн өдрөөр украин руу буудаж мэндчилгээ дэвшүүлжээ 

ОХУ-ын Чеченийн тэргүүн Рамзан Кадыровын төрсөн өдөр тохиож байгаа аравдугаар сарын 5-нд тус бүгд найрамдах улсын “Ахмат” отрядын дайчид украины байрлал руу их буугаар буудаж удирдагчдаа баяр хүргэснийг Кадыров telegram сувагтаа дүрс бичлэгийг нь нийтэлсэн байна. “Манай Ахмат отрядынхон надад төрсөн өдрийн өвөрмац мэндчилгээ дэвшүүллээ. Дайсны тал руу буудлаа.Надад маш таатай байлаа, гэхдээ хэн нэгэнд таалагдаагүй л дээ, учир нь манай дайчид алдаж бууддаггүй” гэж Кадыров мэдэгджээ. Рамзан Кадыров аравдугаар сарын 5-нд 46 насанд хүрч байгаа юм. Тэрбээр 2007 оноос Чеченийн бүгд найрамдах улсыг тэргүүлж байгаа юм.