Шурыгин: Орост дайчилгааны хоёр дахь давалгаа шинэ жилийн өмнө болно

Дэлхийн мэдээ

    Орост явуулж байгаа цэргийн хэсэгчилсэн дайчилгааны хоёр дахь давалгаа энэ оны эцсээр шинэ жилийн өмнөхөн болно гэж цэргийн шинжээч Владислав Шурыгин хэлж байна. Тэрбээр эхний давалгаанд өртөж цэрэгт татагдаагүй хүмүүс тайвшрах болоогүй, магадгүй арванхоёрдугаар сар гэхэд “түгшүүрийн үүргэвчээ” бэлтгэх хэрэг гарна гэжээ. Оросуудын хувьд давшилтаа эхлэхэд нөөц хүчин зайлшгүй шаардлагатай болно гэж цэргийн шинжээч “МК” хэвлэлд ярилцлага өгөхдөө онцолсон байна. “Давшихын тулд наад зах нь цохилтын хоёр бүлэглэл хэрэгтэй болно, энэ бол дахиад 200 мянган хүн гэсэн үг. Нийтдээ 500 мянган хүн. Ингээд бас бүх зүйл дуусахгүй. Байнгын нөөцөө бүрдүүлэхэд бас 200 мянган цэрэг татах болно” гэж тоймч хэлж байна. Түүнийхээр бол цэргийн хэсэгчилсэн дайчилгааны дараагийн давалгаанд “нөөцөд гарсан” хүмүүст ч тус болохгүй. Энд шаардлагатай мэргэжлийн 90 мянган хүн хэрэгтэй. “Тэгэхээр би та бүхэнд хэрэгтэй зөвлөгөө өгч байна. Одоохондоо “түгшүүрийн үүргэвч”, дулаан хувцас, хамгаалах хэрэгсэл, эм хэрэглэл, өөр бусад хэрэгтэй зүйлсээ бэлтгэх цаг хугацаа байна” гэж Шурыгин хэлжээ.

Дайчилгаанаас татгалзвал 200 мянган рублиэр торгох юм уу, эрүүд татна

   Петербургийн иргэдээс дайчилгаанаас татгалзах юм бол 200 мянган рублиэр торгох юм уу, албадан хөдөлмөр эрхлүүлэх, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулна гэж Петербургийн цэргийн комиссар Сергей Качковский “Санкт-Петербург” телевизээр аравдугаар сарын 3-нд ярихдаа мэдэгдсэн байна. Түүнийхээр бол захиргааны хариуцлагын хуулиар гурван мянган төгрөгөөр торгох нь хуучирсан гэжээ. Качковскийн хэлснээр бол зарлан дуудах хуудас гардуулах үед иргэн хүн татгалзах эрхгүй гэнэ. Дайчилгааны тухай зарлан дуудах хуудас авахаас, дайчилгаанаас татгалзвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна. Татгалзсан тохиолдолд хуулийн байгууллагад хүргэх ёстой гэнэ. Зарлан дуудах хуудсыг зөвхөн цэргийн комисариатын ажилтан юмуу, бүрэн эрх бүхий хүмүүс гардуулан өгч байгаа гэж комиссар тодруулжээ.