Кадыров өөрийн нь эсрэг хоригийн тоогоор дээд амжилт тогтоолоо

Дэлхийн мэдээ

    Аравдугаар сарын 5-нд 46 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн ОХУ-ын Чеченийн бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыров өөрийн нь эсрэг тавьсан хоригийн тоогоор дэлхийн дээд амжилт тогтоож, Дээд амжилтын номын орос редактор Станислав Коненкогийн гараас сертификат гардаж авчээ. Гиннесийн дээд амжилтын номын энэ батламжиййг редактор Грозный хотын өдрийн ёслол дээр гардуулж өгсөн байна. Аравдугаар сарын 5-нд Грозный хот үүсэн байгуулагдсаныхаа 204 жилийн ойг тэмдэглэж байгаа бол тус улсын тэргүүн Кадыров 46 нас хүрч байгаа юм. Коненко сертификат гардуулах үеэрээ Чеченийн тэргүүн Рамзан Кадыровын эсрэг нийт 15 хориг тавьсан нь дэлхийд хамгийн олон болж ийн дээд амжилтын эзэн болж байгааг хэлжээ. Харин Рамзан Кадыров өөрөө энэ тухайд “Би манай уламжлалыг дагаж, ислам болоод оросын аюулгүй байдлыг хамгаалсныхаа төлөө л ийм хоригуудад орж байгаа юм” гэсэн байна. Чеченийн тэргүүн үүний өмнө өөрийнх нь эсрэг тавьсан төрөл бүрийн хориг БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун, Белоруссын Ерөнхийлөгч Алексанр Лукашенко, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад нарын эсрэг тавьсан хоригоос илүү гарлаа гэж мэдэгдэж байсан юм.