КОНСУЛЫГ НЬ СААТУУЛСНЫХАА ТӨЛӨӨ УУЧЛАЛ ГУЙХЫГ ЯПОН УЛС ОРОСООС ШААРДЛАА

Дэлхийн мэдээ

ОХУ-ын Владивостокт суугаа Японы консул Мотоки Тацунориг нууц материал цуглуулсан хэмээн Оросын хууль хүчнийхэн саатуулсны төлөө “албан ёсоор уучлал гуйх ёстой” гэж  Токиод суугаа ОХУ-ын Элчин сайд Михаил Глазуновыг Японы Гадаад хэргийн яаманд дуудлаа хэмээн Гадаад хэргийн сайд Ёсимаса Хаяси мэдэгдсэнийг Abema News хэвлэл дамжуулсан байна.

“Бий болсон нөхцөл байдлын хариу болгож манай Гадаад хэргийн дэд сайд өнөөдөр Япон дахь Оросын Элчин сайд Михаил Глазуновыг Гадаад хэргийн яаманд дуудаж шийдвэртэй эсэргүүцлээ илэрхийлэн Оросыг албан ёсоор уучлал гуйж, дахин ийм байдал давтагдахгүй байх талаар  зохих арга хэмжээ авахыг шаардлаа. Манай энэ эсэргүүцэл, шаардлагад нухацтай хандахыг оросын талд уриалж байна” гэж Хаяси мэдэгджээ.

Түүнийхээр бол “консул ямар нэг хууль бус үйлдэл хийсэн ямар ч нотолгоо байхгүй” гэнэ.

Хаяси бас оросын хууль сахиулагчид японы дипломатыг саатуулсан нь “консулын харилцааны тухай Венийн конвенц болон консулын харилцааны тухай япон-зөвлөлтийн хэлэлцээрийн хэм хэмжээг зөрчиж байна” гэжээ. “Энэ бол үнэхээр харамсалтай бөгөөд хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл. Ингэж  шударга бус хандсаныхаа  дараа энэ ажилтныг persona non grata гэж зарласан мэдэгдэл явуулсан нь үнэхээр итгэмээргүй зүйл. Бид эрс эсэргүүцэж байна" гэж Японы сайд хэлжээ.

ОХУ-ын Владивостокт суудаг Японы ерөнхий консул Мотоки Тацунориг мөнгөн урамшуулал авахын тулд  хязгаарласан мэдээлэл цуглуулсан хэмээн Оросын Холбооны аюулгүй  байдлын алба саатуулсан юм.

Оросын Аюулгүй байдлын алба болохоор Тацунглои мөнгөн шагнал авахын тулд  ОХУ-аас  Ази, Номхон далайн бүс нутгийн аль нэг улстай хийж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Өрнөдийн хориг нь Приморын хязгаарын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа  талаар хязгаарлагдмал мэдээлэл авч байсан хэмээн буруутгаж саатуулсан гэж мэдэгдээд байгаа юм.