ДОНЕЦК ОРОСТ НЭГДЭХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА НЭН ДАРУЙ ЯВУУЛЪЯ ГЭВ

Дэлхийн мэдээ

Өөрсдийгөө Донецкийн бүгд найрамдах улс хэмээн тунхаглаад байгаа Донецк мужийн Олон нийтийн танхим  улсынхаа тэргүүн Денис Пушилин, парламент Ардын зөвлөлд хандаж Оросын бүрэлдхүүнд нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулгыг хойшлуулалгүй хийх хүсэлт тавьсан байна. Энэ хүсэлтээ нийтийн танхимын дарга Александр Кофман даваа гарагийн хуралдаан дээр танилцуулжээ.

 

“ОХУ-ын хилийг бид Украин, манай хоёрын дунд байлгахыг хүсч байна. Бид дахиад аугаа их Оросын нэг хэсэг байхыг хүсч байна. Үүнтэй холбоотойгоор бүгд найрамдах улсын тэргүүн Денис  Владимирович Пушилин болон Ардын зөвлөлд хандаж бүх нийтийн санал асуулгыг хойшлуулалгүй явуулах түүхэн шийдвэр гаргахыг хүсч байна” гэж тэрбээр онцолсон байна.

Энэ хүсэлтийг Нийтийн танхимын бүх гишүүн санал нэгтэй дэмжсэн хэмээн ТАСС агентлагийн сурвалжлагч газар дээрээс нь мэдээлжээ. “Энэ хүсэлтийг бүгд найрамдах улсын тэргүүн, Ардын зөвлөлд нэн даруй илгээсэн байна. Одоо хариу хүлээж байна” гэж Кофман хэлжээ.

Нийтийн танхимын дарга бас бүх нийтийн санал асуулгын тухай асуудлаар “олон нийтийн зүгээс ихээхэн санал хүсэлт ирж байгаа” гэсэн байна. Түүнийхээр бол тус бүгд найрамдах улсын ард иргэд энэ асуудлаар шийдвэртэй арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаа гэнэ. “Танд зөвхөн Нийтийн танхимын зүгээс биш, Донецкийн бүгд найрамдах улсын нийт ард иргэдийн зүгээс, эмч багш, ахмад дайчид, олон хүүхэдтэй гэр бүл, уурхайчид, гангийн үйлдвэрийн ажилчид, фермерүүд, Донбассыг хамгаалагчид үр хүүхдээ хүмүүжүүлэгчид гээд  ажил алба эрхэлдэг бүх хүний өмнөөс хандаж байна. Тэд бүгдээрээ энэ талаар   эцсийн шийдвэр гаргаач хэмээн санал нэгтэй хэлж байна” гэж тэр хэлжээ.

“Донбасс бол Орос гэж бид эртнээс мэдэж, мэдэрч, найман жилийн турш үүний төлөө тэмцэж, бидний гэр орон, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг  өдөр бүр буудаж байгааг найман жилийн турш тэвчиж ирсэн. Бидний сэтгэл зүрхэнд аль хэдийнээ алга болоод байгаа хилийг арчин хаяж, Донецкийн бүгд найрамдах улсыг ОХУ-ын бүрэлдхүүнд нэгтгэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах цаг болсон” гэж Кофман хэлсэн байна.

Үүний өмнө Луганскийн бүгд найрамдах улс хэмээн өөрийгөө тунхаглаад байгаа Луганск мужийн Нийтийн танхим улсынхаа тэргүүн Леонид Песечникт хандаж мужаа ОХУ-ын бүрэлдхүүнд нэгтгэх бүх нийтийн санал асуулга явуулахыг хүссэн талаар ТАСС агентлаг мэдээлж байсан юм. Энэ хүсэлтэд ийм алхам нь бүгд найрамдах улсын аюулгүй байдлыг хангаж, сэргэн мандах шинэ боломж олгоно гэж дурджээ.