ӨТЦИ МУМИ ОЛДСОН ӨДӨР

Бусад

Германы аялагчид болох Хелмут болон Эрика Саймон / Helmut, Erika Simon/  нар 1991 оны есдүгээр сарын 19-ний өдөр Австри-Италийн хил дээр орших Өтцтал Алпийн /Ötztal Alps/ нурууны зүүн хэсгийн Симилаун уулны /Similaun/ Тизенжочийн /Tisenjoch/ давааны орчимд 3210 метрийн өндөрт нэгэн ер бусын цогцостой таарчээ. Тэд анх харсан даруйдаа саяхан шиг нас барсан уулчны цогцос гэдэгт бат итгэлтэй байв. Маргааш нь тухайн уулыг хариуцсан байгаль хамгаалагчид, ойролцоох Симилаунхюттийн /Similaunhütte/ хамгаалагчидтай нийлэн цогцсын мөсөн дор барьцалдан хөлдсөн хэсгийг өрөм болон, сүх ашиглан гаргах гэж оролдсон боловч цаг агаарын таагүй байдлаас болоод чадалгүй буцан буужээ.

Дуулианаар богино хугацаанд найман бүлэг газар дээр очсоны дотор уулчин Ханс Каммерландер, Райнхольд Месснер /Hans Kammerlander, Reinhold Messner/ нар ч байлцав. Эцэст нь есдүгээр сарын 22-нд цогцсыг бүрэн гаргаж авч чадсан бөгөөд маргааш нь аюултай бүсээс холдуулжээ. Түүнийг ойролцоо олдсон бусад эд зүйлсийн хамтаар Инсбрук /Innsbruck/ дахь эмнэлгийн шинжилгээний газарт хүргэв. Олдворыг анх есдүгээр сарын 24-ний өдөр Инсбрукийн Их Сургуулийн археологич Конрад Спиндлер /Konrad Spindler/ судалжээ. Спиндлер хамт ирсэн эд зүйлсийн дунд байгаа сүхний байдлаас хараад түүнийг “дор хаяж дөрвөн мянган жилийн настай” хэмээн анхны он цагийг тогтоожээ.

Цогцос болон дагалдах эд зүйлсийн дээжийг шинжилсний эцэст уг цогцос нь МЭӨ 3359-3105 оны хооронд буюу одоогоос даруй таван мянга орчим жилийн өмнө амьдарч байсан хүн гэсэн эргэлзээгүй дүгнэлт гаргажээ.  Түүнийг олдсон уулынх нь нэрээр “Өтци” /Ötzi/ гэж онцлох болсон ч зарим тохиолдолд “Мөсөн хүн” /Iceman/ ч гэж бичсэн байдаг. Өтци бол Хальколитын (зэс зэвсгийн үе) /Chalcolithic (Copper Age)/ үеийн төлөөлөл болж Европоос олдсон хамгийн эртний байгалийн хүн муми юм.

Мөн анх олсон Саймоны гэр бүл олон жил түүхэн дурсгал олсны 25 хувь авах талаар маргаан үүсгэсэн. Тэдний дундуур ахиад хоёр ч “нээлт хийгч” гарч ирсэн ч баталгаа олдоогүй. Харин мужийн зүгээс тэдний нэхэмжилсэн 300 мянган ам.доллар их хэмээн давж заалдаж байх хооронд 2004 онд нөхөр Хелмут нь нас баржээ. Ийнхүү 2008 онд мужийн захиргаа хатагтай Саймонд 150 мянган евро олгох шийдвэр гаргасан.