ОРОСУУД ОЛОН ХҮНИЙГ ХӨНӨӨСНИЙ ЗАРИМЫГ НЬ ТАМЛАСАН БАЙНА……

Дэлхийн мэдээ

Би.би-си. Есдүгээр сарын 16. Саяхан Украины зэвсэгт хүчний оросуудаас чөлөөлсөн Изюм хотын орчмоос хэдэн зуун хүнийг бөөнөөр оршуулсан газар олж одоо энд украины ослын албаныхан цогцосуудыг гарган авах, шинжлэх ажил хийж байна. Украины эрх баригчдын үзэж байгаагаар бол энд цэргийн гэмт хэрэг гарсан байж болзошгүй учраас бүрэн шинжилж нас барсан шалтгааныг нь тодруулан  баталгаажуулах ёстой гэнэ.

Изюм хотыг оросын зэвсэгт хүчин дөрөвдүгээр сарын эхээр эзлэн авч украины арми чөлөөлөх хүртэл оросууд донбасс дахь фронтын хангалтын гол бааз болгож байсан юм. Цогцосуудыг гарган авах шинжлэх ажилд цагдаа прокурорын ажилтнууд оролцож байна. Нэг ажилтан нүүрээ гараараа халхалж байсан бол нөгөө нь харж чадалгүй өөр зүгт явжээ.

Украины Харьков мужийн прокурор Александр Ильенков “эхний шарилаас бид хүзүүндээ олстой, тамлуулсан ул мөр бүхий  эмэгтэйн цогцос олсон” гэж Би-би-си-гийн сурвалжлагчид хэлээд энд бүхэлдээ оросуудын гарт амь үрэгдсэн хүмүүсийн цогцос байна гэжээ.

“Тэдний нэг хэсгийг тамлан тарчилгаж алсан бол нөгөө зарим нь оросын их буу, нисэх хүчний бөмбөгдөлтөд амь үрэгдсэн хүмүүс байна” гэж Ильенков онцолжээ.

Украин энэ аймшигт газрыг дэлхий дахинд харуулна гэдэгтээ итгэлтэй байна. Зарим шарил дээр овог нэр нь байгаа бол зарим дээр нь зөвхөн дугаар тавьжээ. Украины цагдаагийнхан энд 445 шарил байна гэж байна. Хэрхэн яаж амь үрэгдсэн нь тодорхойгүй энэ хүмүүсийн дунд эмэгтэйчүүд, хүүхэд ч байгаа юм байна.

Нэг шарилаас гарыг нь ард нь хүлсэн 20 цэргийн шарил гарсны нэгийг нь дүүжилсэн байжээ. Цогцосуудыг гарган авах ажиллагааны үеэр дэлбэрэлт болж, хүчний байгууллагынхан тэр орчмыг минээс цэвэрлэх ажил хийж байна.

Изюмын оршин суугч 72 настай Григорий энд өөрийн эхнэрийн цогцосыг үзэхээр ирсэн гэнэ. түүнийхээр бол эхнэр Людимила нь  гуравдугаар сарын 7-нд оросууд хотыг ширүүн галлах үеэр амь үрэгдсэн гэнэ. Оросын түрэмгийлэгчдийг эндээс хөөсний дараа украины эрх баригчид энд чухам юу болсон хийгээд булаан эзлэлтийн үед хэчнээн хүн амь үрэгдсэнийг тогтоохоор ажиллаж байгаа нь энэ. Энэ ойн ойролцоо амьдардаг нэгэн эмэгтэй, оросын цэргүүд энэ оршуулгын газар луу очуулахгүй байсан гэж ярьжээ.

Максим нэртэй нэгэн эрэгтэй өөрийг нь оросын цэргүүд есдүгээр сарын эхээр баривчилсыг украины дайчид есдүгээр сарын 10-нд чөлөөлсөн гээд гав зүүж байсны ул мөрөө харуулж, оросууд цахилгаанаар цохиулан тамлаж байсан гэжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн зөвлөх Михаил Подоляк Би-би-си агентлагийн сурвалжлагчид оросуудын эзэлсэн олон мужид хүмүүсийг тамласан ул мөр илэрч байна гэж ярьсан байна. “Гэрэл цахилгаан, хүнс хоол, ус ч үгүй айж балмагдсан хүмүүсийг нь бид харж байна” гэж Подоляк ярьжээ.

Изюм дэх оршуулгатай адил булш оршуулгууд оросуудын эзэлж байгаад хөөгдсөн  бусад мужуудад ч байна гэж Харьковын прокурор Александр Ильенков бас хэлсэн байна.