ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ ТОГТООНО

Эрэн сурвалжлах

ОХУ болон Монгол Улс хамтран сайн дурын цэрэг татлага явуулна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Уг мэдээлэлтэй холбогдуулан Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар мэдээлэл  өгөв. Тэрбээр,“Энэ мэдээлэл нь худал. Бид ОХУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе руу холбогдож тодруулахад ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг хэлсэн. Худал мэдээлэл гарсантай холбогдуулан хууль, хяналтын байгууллагад хандлаа. Энэхүү худал мэдээлэл нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц  юм. Уг мэдээлэл хаанаас гарсныг тагнуул, хууль хяналтын байгууллага шалгаж олно.

Хуурамч мэдээлэл нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, төрийн бодлогыг илт эсэргүүцсэн үйл ажиллагаа юм. Манай улсын язгуур эрх ашигт нөлөөлөхүйц хуурамч мэдээллийг гаргасан байна. Монгол Улс цэргийн харилцаатай бүхий л улстай сургуулилт хийдэг. Саяхан хээрийн сургуулилтын талаар бас хуурамч мэдээлэл гарч, залруулга хийсэн. Иймэрхүү хуурамч мэдээлэл нь хоёр улсын хоорондын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлыг хэн ярих ёстой, хэн ярихгүй байх вэ гэдэг зүйл бий. Энэ мэдээллийг уншихад санаатайгаар гаргасан мэдээлэл байна. Монгол Улсын Засгийн газрын лого, ОХУ-ын БХЯ-ны лого, таних тэмдгийг үүнд ашигласан. Үг хэллэгийг нь ажиглахад юм мэддэг хүмүүс бичсэн нь харагдаж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэний эрхэмлэх таван үүрэг бий. Үүний тав дахь үүрэгт 18-25 насны залуус эх орноо хамгаалахад цэргийн алба хаана гэж заасан. Үндсэн хуулиас салбарласан Цэргийн албаны тухай хуульд Монгол Улсад цэрэг татлага явуулах, цэргийн харилцааг зохицуулах талаар дурдсан байдаг. Тус хуульд бусад оронд гэрээгээр алба хаалгадаггүй заалттай. Энэ маш ноцтой асуудал. Үүнийг харсан бусад улс орон манай улсад хэрхэн хандах вэ. Энэ бол хуурамч мэдээлэл гэдгийг Батлан хамгаалах яамнаас албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.