The Guardian: Америкчууд иргэний дайнд бэлтгэж байна

Дэлхийн мэдээ

АНУ-ын иргэд улс орондоо мөргөлдөөн гарч болзошгүй хэмээн буудлагын зэвсэг, газар доорхи хоргодох байр худалдан авч бэлтгэж байна хэмээн The Guardian сонины тоймч Арва Махдави бичжээ. Түүний бичсэнээр бол америкчуудын 40 гаруй хувь нь ойрын арван жилд иргэний дайн болж магадгүй гэж үзэж байгаа гэнэ.

Хэсэг хугацааны өмнө хэн нэгэн нь АНУ-д иргэний дайн болох нь гарцаагүй гэж хэлсэн бол таныг солиорсон байх л гэж хэлэх байсан. Гэтэл өнөөдөр YouGov-ээс явуулсан санал асуулгад оролцогсдын 40 гаруй хувь нь  ойрын 10 жилд иргэний дайн ямар нэг хэмжээгээр болно гэж үзэж байна хэмээн Махдави бичсэн байна. 

Тэр бас АНУ-ын иргэдэд өргөн хэмжээний хүчирхийлэл хараахан нүүрлээгүй байгаа ч ер нь үүнд болгоомжтой төлөвлөгөөтэйгээр  бэлтгэж байна гэжээ. Жишээлбэл   хүн амын нэг орчим хувийг эзэлдэг хамгийн баян хүмүүс  тансаг тавилга, өв бүхий “шүүх өдрөөр хоргодох байр” худалдан авч байгаа гэнэ.

Хувьдаа хоргодох байр худалдан авчих боломжгүй иргэд нь болохоор галт зэвсэгт найдаж байгаа юм байна. Өнгөрөгч 2021 онд гэхэд л иргэд 20 сая галт зэвсэг худалдан авчээ. Энэ бол америкийн нийгэмд хэвийн бус байдал үүсч байгаагийн түгшүүр төрүүлэх мэдээлэл гэж сэтгүүлч эмэгтэй бичжээ.

The Guardian хэвлэлийн өмнө явуулсан судалгаагаар америкчуудын тал орчим хувь нь  ойрын үед тус улсад иргэний шинэ дайн дэгдэнэ гэж хүлээж байгаа бол 25 хувь нь  тодорхой нөхцөлд улс төрийн хүчирхийлэл гарна гэж бодож байгаа гэнэ. Хамгийн гол нь америкийн иргэд өнөөгийн улс төрийн байгуулалд итгэхээ больсон байна. Америкчуудын 40 хувь нь тус улсад ардчиллаас илүүтэй хүчтэй удирдагч хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийөгч Жо Байден ч америкийн ардчилал өөрийнхөө түүхийн хамгийн хүнд үетэй тулгараад байна гээд түүний байгууллыг хэрхэн хөгжүүлэхээс улс орны ирээдүй хамаарна гэж мэдэгдээд байгаа юм.