Хятадын кино од Ли Ифэньтэй томоохон брэндүүд гэрээгээ цуцлав

Дэлхийн мэдээ

Prada, Remy Martin зэрэг дэлхийн тансаг эдлэлийн томоохон брэндүүд Хятадын кино од Ли Ифэньтэй байгуулсан сурталчилгааны гэрээгээ цуцалжээ.

Өдгөө 35 настай Ли биеэ үнэлэгч хэд хэдэн удаа авч байсан нь саяхан илэрч, Бээжингийн цагдаагийн газарт саатуулагдсан юм.

Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд нийгэмд сөрөг үлгэр дуурайл үзүүлсэн урлагийн салбарын алдартнуудыг ээлж дараалан шийтгэж байгаа.

Ли Ифэнь 2021 онд Хятадын Коммунист Намын 100 жилийн ойд зориулсан түүхэн уран бүтээлд хувьсгалын удирдагч Мао Зэдуний дүрийг бүтээж байжээ. Хятадын сошиал платформ Вэйбод 60 гаруй сая дагагчтай тэрбээр тус улсын урлагийн томоохон алдартнуудын нэг юм.

Өнгөрсөн сард Бээжин хотод болсон Prada брэндийн намрын хувцасны загварын шоунд тэр загвар өмсөгчөөр оролцож байжээ.

Ли Ифэнийг хэрэгт холбогдохоос өмнө Канадад амьдардаг Хятадын рэппер Крис У өнгөрсөн онд үйлдэгдсэн хүчингийн хэргийн сэжигтнээр татагдсан юм. Өнгөрсөн онд Хятадын өөр нэг алдартай жүжигчин Зэнь Шуань татвараас зайлсхийсэн хэргээр 46 сая ам долларын торгууль хүлээж байв.

“Дэлгэцийн урлагийн салбарынханд ёс суртахуун, амьдралын хэв маягаа гэрийн даалгавар гэж үзэхийг бид уриалж байна. Ямар ч ололт амжилт гаргасан, өөрийгөө цэвэр байлгаж чадаагүй бол алдар нэргүй, ирээдүйгүй болох эрсдэлтэй” гэж Хятадын Телевизийн Уран Бүтээлчдийн Холбооноос хоёр хоногийн өмнө гаргасан мэдэгдэлд анхааруулжээ.