Армян, Азербайжаны хил дээр мөргөлдөөн болж хүний амь эрсэдлээ

Дэлхийн мэдээ

Азербайжаны хил дээр зэвсэгт мөргөлдөөн болж хүний амь эрсдэн, зарим нь шархадлаа гэж Армяны Батлан хамгаалах яам мэдээллээ. Мэдээллийн ТАСС агентлагийн мэдээлснээр бол Армяны  Онцгой байдлын яам  армян-азербайжаны хил дээр өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм байна.

Азербайжаны цэргүүд, армяны хил орчмын нутагт галт зэвсгээр буудлаа гэж Армяны Батлан хамгаалах яам өмнө нь мэдээлж байсан юм. Энд дурдсанаар бол азербайжаны цэргийнхэн нисгэгчгүй аппаратын дэмжлэгтэйгээр их буугаар армяны зүг ширүүн гал нээсэн гэнэ. Галын чиглэл Горис, Капан, Жермук, Корнизор хотуудыг чиглэж ойролцоо тусч байжээ. Варденис, Арени, Сотк, Верин Шоржа, Норабак, Кут болон Мец Масрик тосгодын орчим ч  дэлбэрэлт болж байсан гэнэ.

Армянууд Орост хандлаа

Нөхцөл байдал ийн хурцадсантай холбоотойгоор Армяны Ерөнхий сайд Никол Пашинян ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай  утсаар ярьсан байна. Ярианы үеэр Армяны Ерөнхий сайд азербайжаны энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөх аргагүй гээд үүний эсрэг олон улсын хамтын нийгэмлэг шийдвэртэй эсэргүүцэл үзүүлэх нь чухал байна гэжээ.

Армяны Гюмрид байрладаг оросын цэргийн 102 дугаар баазын цэргүүд түгшүүрээр боссон гэж мөн мэдээлжээ. Үүний зэрэгцээ Азербайжаны зэвсэгт хүчин Карабах руу цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байна хэмээн Туркийн хэвлэлүүд мэдээлснийг Mash телеграмм-суваг дамжуулсан байна.

Армян бас Орос, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, НҮБ-д хандаж Азербайжантай залгаа хил дээр нөхцөл байдал хурцадсан тул тусламж үзүүлэхийг хүслээ гэж Ерөнхий сайд Никол Пашиняны удирдаж явуулсан Авюулгүйн зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэнийг Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ.

“Тусгаар тогтоносон Армяны нутаг дэвсгэр лүү халдсан Азербайжаны түрэмгий үйлдлийн эсрэг цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аюулгүйн зөвлөлийн хуралдаан хэлэлцлээ. Энэ түрэмгийлэлтэй холбоотойгоор  Найрамдал хамтын ажиллагаа, харилцан туслалцах  гэрээгээ хэрэгжүүлэхийг хүсч ОХУ-д албан ёсоор хандахын зэрэгцээ Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандах болно” гэж мэдээлэлд дурджээ.

Баку болохоор Ереваныг буруутгаж байна

Азербайжаны Батлан хамгаалах яам болохоор Армяны зэвсэгт хүчин хоёр орны хил дээр өргөн хэмжээний хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна гэж буруутгажээ. Энэ бүхний хариуд азербайжаны цэргийнхэн армяны цэргийн байрлалд хариу цохилт өгөх зорилгоор  бага хэмжээний, тодорхой чиглэлд буудсан гэж Баку онцолсон байна.

Армяны цэргийнхэн азербайжаны армийн хэд хэдэн байрлалаад миномёт зэрэг төрөл бүрийн зэвсэглэлээр гал нээсний улмаас хүний амь эрсдэж, цэргийн дэд бүтэц байгууламжид хохирол учруулсан гэж Азербайжаны Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсаныг “Интерфакс” хэвлэл дамжуулсан байна.

Үүний зэрэгцээ Армяны нутаг дэвсгэр лүү азербайжаны зэвсэгт хүчин довтолсон гэдгийг Азербайжаны Батлан хамгалах яам няцаажээ. Азербайжаны цэргүүд Армяны нутаг дэвсгэр лүү халдсан гэсэн армяны хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн сүлжээгээр тарааж байгаа мэдээлэл нь худал хэмээн энд онцолжээ.

Үүний өмнө 2020 оны есдүгээр сарын 27-нд Азербайжан болон Нагорно-Карабахын бүгд найрамдах улс гэж өөрийгөө тунхаглаад байгаа мужийн хооронд тулаан болж хэдэн долоо хоног үргэлжилсэн юм. Энэ сөргөлдөөний дүнд Баку алдагдсан газар нутгийнхаа нэг хэсгийг буцаан авч, оросын энхийг сахиулагчид орж байж сөргөлдөөн намжсан юм.