Харьков дахь Украины дайчдын давшилт

Дэлхийн мэдээ

Украины зэвсэгт хүчин Харьков муж дахь давшилтаа үргэлжлүүлсээр байна. Бямба гаргийн өглөөгүүр украины хүчин энэ бүсийн тээврийн гол цэг болох  Купянск  хотод орж ирсэн бол, оросын цэрэг районы том төвийг орхин гарчээ. Изюм  хүрэх замын гол цэг, мужийн бас нэг гол хот Лиманы районд тулалдаан болж байгаа талаар мэдээлж байна.

Үүний өмнө Украины зэвсэгт хүчин Балаклей болон Харьков мужийн 30 гаруй хот сууринг чөлөөлөөд байгаа юм.

Купянскийг эзэлсэн тухай янз бүрийн эх сурвалжаас ирж байгаа мэдээлэл өөр өөр байгаа ч гагцхүү Украины зэвсэгт хүчин одоо тус хотыг хянаж байгаа юм байна. Хотын гудамжаар украины хуягт машин, цэргүүд явж байгаа дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд хэдийнээ оржээ.

Оросын суртал нэвтрүүлгийг голдуу явуулдаг нэг телеграмм суваг болохоор украины цэргүүд зөвхөн хотын баруун хэсэг Оскол гол хүртэлх районыг л эзлээд байгаа гэжээ. Гэхдээ украинчууд өөрийнхөө хотыг бүхэлд нь  хяналтдаа авсан гэсэн мэдээлэл бас байна.

Гэхдээ хотын зүүн хэсэг бол Изюм дэх оросын цэргийн  бүлэглэлийг хангахад маш чухал ач холбогдолтой. Хэргийн учир нь хотод Купянскийн төмөр замын станц байгаа нь Изюм дэх оросын цэргийн хангалтын гол зам болж байгаа юм. Чухам энэ хэсэг, төмөр замын өртөөг украинчууд эзэлсэн бол Изюм дэх оросын бүлэглэл хангалтын үндсэн шугамаасаа тусгаарлагдана.

Үүний зэрэгцээ оросын түрэмгийлэгчид Изюмыг орхиход хүрч байна гэсэн мэдээллийг  цэрэг дайны эх сурвалжтай оросын хэд хэдэн блогч түгээж байна.

Фронтын бас нэг чухал цэг бол Лиман хот. Украины дайчид үүний өмнө Северский Донец голыг гатлан Лиман хотын орчим тулалдаж эхэлсэн мэдээлэл тарсан. Оросын WarGonzo телеграмм суваг болохоор бүр хот дотор тулалдаан болж байна гэж мэдээлжээ. Өөр нэг "Рыбарь" суваг бүр Лиман хотоос оросын Онцгой байдлын болон Дотоодын цэрэг, Росгвардийн дайчдыг хөөн гаргасан гэж бичсэн байна.

Украины зэвсэгт хүчин Лиман руу дайрч, давшилт энэ эрчээрээ үргэлжлэх юм бол Изюм дэх оросын цэргийн бүлэглэл тэндээсээ гарч амжилгүй бүслэлтэд орох магадлалтай болж байна. Бүслэлтийн цагираг нь нэг талаас Осколийн усан сан, нөгөө талд нь Лиманыг халхалж байгаа украины хэсэг болох юм.

“Купянск, Изюмын ойролцоо агаараас зэвсэг техник буулгасаар байна. Тээврийн хүнд нисдэг тэрэг Ми-26 буюу “Коровы” тулалдааны шугамын ойролцоо газардаж байна. Нисдэг тэрэг газардах хэд хэдэн цэг бэлтгэсэн. Энэ нисдэг тэргээр хуягт техник, бие бүрэлдхүүн буулгаж байна. Дайчид  дайсны цэргийн давшилтыг няцаах, тулалдаанд шууд орж байна” гэж Оросын бүх холбоотын радио телевизийн цэргийн сурвалжлагч Евгений Поддубный мэдээлжээ.

Оросууд хүнд байдалд орж нэмэлт хүч буулгаж байгаа талаар оросын Батлан хамгаалах яам баасан гаргийн мэдээлэлдээ ч мэдээлж байсан юм. Мэдээллийн үеэр Харьковын чиглэлд хуягт техник цуваа, цэргийн бие бүрэлдхүүний цуваа явж байгаа дүрс бичлэгийг үзүүлсэн юм.