ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ “ЧЕЛЛЕНЖ КАП” ТЭМЦЭЭНЭЭС ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА

Соёл урлаг, Спорт

Кыргызстан улсын Чолтон-Ата хотноо Азийн волейболын холбооны 3 дахь удаагийн “Челленж цом” тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд Монгол, Саудын Араб, Узбекистан, Кыргызстан улсын шигшээ багууд өрсөлдөж байгаа юм. Манай улсын багийн хувьд тэмцээний эхний өдөр эзэн орон Кыргызстаны багтай таарч, 25-21, 27-25, 25-14-өөр 3-0-ийн харьцаатайгаар хожил байгууллаа. Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Даринчулуун,  туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран ажиллаж байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Даваажаргалаар ахлуулсан Б.Анхбаяр, Р.Хангай, Э.Алтангэрэл, Г.Цэнд-Аюуш, З.Буянжаргал, О.Чойжилсүрэн, М.Цэрэнбаатар, Г.Ган-Очир, О.Золбоо, З.Цэнд-Аюуш, Б.Батсуурь, Э.Энх-Амгалан, Т.Хангал нар багтаад байна. Энэ удаагийн бүрэлдэхүүнд Монголын шигшээ багт байсан, улсаа төлөөлж олон улсын тэмцээнд оролцож байсан Р.Хангай тэргүүтэй 8 тоглогч байгаа бол бусад 6 тоглогчийн хувьд анхны олон улсын тэмцээндээ оролцож байна. 


 Кыргызстантай хийсэн эхний тоглолтонд Тамираагийн Хангал 7 довтолгоо, 4 хаалт, 1 давуулалтаар оноо авч нийтдээ 12 оноогоор багаа манлайлсан бол Осор Чойжилсүрэн 3 довтолгоо, 3 хаалт авч 6 оноо, Эрдэнэбаярын Энх-Амгалан 5 довтолгоогоор удаалжээ.  Мөн энэхүү тоглолтонд Киргизын баг 42 алдаа гаргасан бол манай баг 19 алдаа гаргажээ. 


Тэмцээнд Монгол, Киргиз, Саудын Араб, Малдивын шүүгчид ажиллаж байна. Узбекистан, Саудын Арабын багийн тоглолтыг манай улсын шүүгч, Азийн волейболын холбооны шүүгч Ганбаатарын Золбаяр шүүсэн юм. Саудын Араб, Узбекистаныг 3-2-ийн харьцаатайгаар ялсан байна. Өдөрт хоёр тоглолт явагдаж байгаа бөгөөд эхний хоёр тоглолтын дараа манай улсын шигшээ бүтэн 3 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байна. Дашрамд сонирхуулахад, Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг 2018 оны Жакартагийн Азийн наадам, 2018 оны Азийн волейболын холбооны анхдугаар “Челленж Кап” тэмцээнд оролцсоноос хойш 4 жилийн хугацаанд олон улсын тэмцээнд оролцоогүй юм. “Челленж Кап-2018” анхдугаар тэмцээн Шри Ланк улсад зохиогдоход манай шигшээ нийт 8 багаас 8-д эрэмбэлэгдэж байсан бол хоёр дахь удаагийн тэмцээн 2020 онд болох байсан ч цар тахлын улмаас цуцлагдаж, “Челленж Кап-2022” тэмцээн гурав дахь удаагийн гэсэн тодотголтойгоор Кыргызстан улсад зохион байгуулагдаж байгаа юм.

Өнөөдөр манай шигшээ баг УБ-ын цагаар 17:30 минутаас Саудын Арабын багтай тоглох болно. Саудын Арабын шигшээ баг нь тэмцээнд оролцож багууд дундаа чансаа өндөр, 2018 оны анхдугаар тэмцээнд 2-р байранд шалгарч байжээ. Тэмцээн тойргийн системээр явагдаж, хагас шигшээд хэсгийн 1-ээр шалгарсан баг 4-өөр гарсан багтай, 2-оор гарсан баг 3-аар гарсан багтай тоглож, хожсон хоёр баг нь аваргын төлөө, хожигдсон хоёр баг хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. “Челленж Кап-2022” тэмцээн 9-р сарын 4-ны өдөр хүртэл үргэлжилнэ.