Дэннис Родман Москвад очихоо мэдэгдлээ

Соёл урлаг, Спорт

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч асан Дэннис Родман мансууруулах бодисын хэргээр ОХУ-ын шоронд хоригдож байгаа нутаг нэгт сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчин Бриттни Грайнерт дэмжлэг үзүүлэх зорилгоор Москвад очих гэж байгаагаа мэдэгджээ.

Тодруулбал дэлхийн шилдэг эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэг Бриттни Грайнер саяхан Оросын шүүхээс есөн жилийн хорих ял сонссон юм. Энэ оны хоёрдугаар сард Оросын клубт тоглохоор Москвад очиход нь Грайнерын гар тээшнээс мансууруулах төрлийн бодис илэрсэн гэгдэж байгаа. Вашингтон, Москвагийн хооронд ялтан солилцох нөхцөлөөр Грайнерыг шилжүүлж авах яриа хэлэлцээ одоо үргэлжилж байгаа юм.

Өдгөө 61 настай Родман ямар шугамаар ОХУ-д очих, виз авсан эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр 2014 онд ОХУ-д очсоныхоо дараа хэвлэлд тус улсын ерөнхийлөгч Владимир Путинийг магтан ярьж байжээ. Тухайн үед Родман өөрийгөө Путинийг маш сайн мэддэг хэмээн сайрхаж байсан юм.

Родман бас Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай ойр харилцаатай байдаг. Тиймдээ ч 2014 онд тэр Умард Солонгосын шоронд хоригдож байсан АНУ-ын иргэн Кэннэт Бэг суллуулахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэлцдэг. АНУ-ын төрийн департамент одоогоор ОХУ-д аялахгүй байхыг иргэддээ зөвлөж байгаа.

Дэннис Родман 1986-2000 оны хооронд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглохдоо Детроит Пистонс багтай хоёр, Чикаго Буллс багтай гурван удаа NBA-гийн аваргын бөгжийг зүүж байсан билээ.