Шинэ аваргын шинэ жишиг

Соёл урлаг, Спорт

  Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх улсын аварга О.Хангай түрүү бөхийн нэрэмжит шагналаа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар болсон тухай мэдээ сар гаруйн өмнө дуулдаж байсан. Тодруулбал тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах бөгөөд энэ талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон тохижуулах юм. Мөн хүлээлгийн хэсэг, хүүхэд саатуулах, хуурайлах хэсгүүдийг тусгайлан бэлтгэж, ирж буй хүн бүрд зөөлөн дулаан уур амьсгал бүрдүүлэхээр зураг төслийг нь гаргаж байсан.

Тэгвэл эхэлсэн ажил дуусаж ТОЁОТА брэнд нь О.Хангай аваргын нэрийн өмнөөс ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн хэсгийг тохижуулж, хүлээлгэн өглөө. Хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулсан улсын аварга О.Хангай сэтгэгдлээ хуваалцахдаа “Тоёота компаниас жил бүр өгдөг түрүү бөхийн шагналаа эх хүүхдийн эрүүл мэндийн төвд шилжүүлээд хүүхдийн амбулаторийг тохижуулаад өнөөдөр хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Энэ төвөөр үйлчлүүлж буй хүүхэд, эцэг эхчүүд маань аятай, тухтай байх нөхцөл бүрдлээ. Тохижилтыг хийсэн баг хамт олон ч сэтгэл гаргаж, хийж гүйцэтгэсэн байна. Аливаа улс үндэстний эрүүл мэндийн хөгжлөөс хамааран гэр бүл, үр хүүхдийн эрүүл мэнд хамааралтай байдаг. Монголын эрүүл мэндийн салбар улам хөгжиж, олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй болж, хүн бүрт хүртээмжтэй үйлчилгээ үзүүлээсэй гэж хүсэж байна. Үүнд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулсанд баяртай байна” гэжээ. О.Хангай энэ жилийн баяр наадамд арав даван түрүүлснээр, улсын аварга хэмээх цолыг хүртсэн 47 дахь, Ардын хувьсгалаас хойш төрсөн 25 дахь бөх болсон билээ. Редакцынхаа зүгээс улсын аварга О.Хангай түүний гэр бүлд болон уг ажилд оролцсон хүн бүхэнд талархал илэрхийлье сайн үйлс бүхэн дэргэрэх болтугай.