Жил бүрийн 08-р сарын 24 Коби Брайантын өдөр

Соёл урлаг, Спорт
Жил бүрийн 08-р сарын 24-ий өдрийг алдарт сагсан бөмбөгчин асан “Коби Брайантын өдөр” /Kobe Bryant Day/ болгон тэмдэглэж байх шийдвэрийг Калифорнийн Оранж Каунтигийн Хяналтын зөвлөлөөс /Orange County Board of Supervisors in California/ албан ёсоор баталсан бөгөөд чухам энэ өдрийг сонгосон нь түүний төрсөн 1978 оны 08-р сарын 23-нтай огт холбоогүй аж. Харин түүний Лос Анжелес Лейкерс багт байх хугацаандаа өмсөж байсан өмсгөлийн 8 болон 24 гэсэн дугааруудыг бэлгэдэн сонгосон өдөр гэнэ.
Брайант Филаделфиа Севентисиксерс /Philadelphia 76ers/ багийн тоглогч асан, Лос Анжелес Спаркс /Los Angeles Sparks/ багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын ганц хүү юм. Түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ.
Аав нь НБА-ийн хүн байсан тул Коби Брайантыг гурван настайгаасаа эхлэн сагсан бөмбөгтэй нөхөрлөсөн гэж үздэг. Түүнийг бага байхад аав нь Италид тоглох болсноор гэр бүлээрээ нүүж, 13 настай байхад нь АНУ-д эргэн иржээ.
Өсвөр насандаа Коби сайн тоглодоггүй байв. Нэг удаагийн тоглолт дээр ямар ч оноо аваагүйдээ сэтгэлээр унаж, аавтайгаа цаашид яах талаараа ярилцахад аав нь "Чи муу тоглогч байсан ч гэсэн би чамд хайртай хэвээрээ байх болно" гэжээ. Аавынхаа үгэнд урамшиж, бэлтгэлдээ бүх анхаарлаа төвлөрүүлж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх болжээ. Үр дүнд нь ахлах сургуульд орохдоо хамгийн сайн тоглогчдын нэг болж, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон томоохон их сургуулиас ч урилга авав.
1996 онд ахлах сургуулиа төгсөхдөө их сургууль эсвэл NBA хэмээх хоёр сонголттой тулгарч, NBA-г сонгосноор ахлах сургуулиасаа Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тамирчин болжээ. Ингэснээр тэрбээр NBA-н хамгийн залуу тоглогч хэмээх тодотголыг зүүв.
Брайант, Шакил О'Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон. 2003-2004 оны улирлын дараа О'Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ. 2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон.
Тэрээр өдөрт 05:00-07:00, 11:00-14:00, 18:00-20:00 цагуудад бялдаржуулах төвд дасгал хийдэг байв.
Эрт эхэлснээрээ бусдаас илүү их хөдөлмөрлөх боломжтой болно гэж тэрээр боддог байжээ. Мөн тоглолтын бичлэгээ маш их үзэн алдаагаа ажиглаж, хэрхэн сайжруулахаа бодохын зэрэгцээ бусад өрсөлдөгчөө судалдаг байжээ.
Тэрээр 1 удаа Оскарын шагнал хүртэж, 5 удаа НБА-ын аварга болж, 2008 онд НБА-ын MVP, 2009, 2010 онд шувтаргын тоглолтын MVP болж, 18 удаа дараалан /1999 онд ажил хаялт болсон/ бүх оддын тоглолтонд орж, орох бүрдээ гарааны 5-д багтаж, 4 удаа бүх оддын тоглолтын MVP болж, 1997 онд цагирган дээрээс довтлох тэмцээнд түрүүлж, 2006 онд нэг тоглолтонд 35,4 оноо дунджилж, нийт 2,832 оноо авсан нь түүхэнд 7-рт бичигддэг байна. Мөн тэрээр 2008, 2012 оны олимпийн алтан медальтай.
Коби Брайант 2013 онд шагайны шөрмөсөө тасалсан байна. Хэдийгээр гэмтлээ эдгээж, дахин тоглосон ч эргэн сэдэрч, гэмтэл бэртэл нэмэгдсээр байсан тул 2016 онд зодог тайлжээ. Зодог тайлсныхаа дараагаас охиныхоо сургуулийн сагсан бөмбөгийн багийг дасгалжуулж байв. Харамсалтай нь агуу тамирчин маань 2020 оны 1-р сарын 23-нд охины хамт нисдэг тэргээр зорчиж яваад осолдож, хорвоог орхисон билээ.
Түүний дурсгалыг хүндэтгэх өдөр бүх насаараа амьдарсан гэж болох Лос Анжелес хотоор нь зочлохыг зөвлөхөөс гадна, эхнэртэйгээ хамтран 2007 онд залуучуудыг спортоор хичээллэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулсан “Коби болон Ванесса Брайнт нарын гэр бүлийн сан” /The Kobe and Vanessa Bryant Family Foundation (KVBFF)/-ийн үйл ажиллагааг дурсан, орон нутгийнхаа энэ чиглэлийн байгууллагуудад хандив өргөхийг хүсчээ. Одоо ч Брайнт болон охин Жианнагийн нэрэмжит “Мамба ба Мамбасита” / Mamba and Mambacita Foundation/ гэх залуу охидыг спортоор хичээллэхэд дэмжлэг үзүүлдэг байна.