Солигдох болсон СЕХ

Эрэн сурвалжлах

Энэ талаарх үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхдугаар чуулганы индэр дээрээс албан ёсоор хэлсэн. Тодруулбал, тэрбээр: “УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүнээс 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгуулж байсан. Зургаан нэр дэвшигч цагдан хоригдлоо. 2009 оноос хойш СЕХ-ны удирдлага өөрчлөгдөөгүй байгаа нь асар их ялзарсан, надад хэн хэлэх вэ гэсэн биеэ тоосон байдал үүссэнийг харуулж байна. СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна" гэсэн билээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Би ялсан ч гэсэн шударгаар сонгууль явагдсан бол ялах байсан олон хүний өмнөөс үг хэлье. Шударга бус сонгууль болсон. Төрийн машин тэр чигээрээ ажилласан. СЕХ-нд хариуцлага тооцох ёстой.” гэж бататган хэлсэн.

Яагаад С.Ганбаатарын үг хүчтэй байсан бэ гэхээр “унасан бөхөд шалтаг мундахгүй” гэгчээр өөр хэн нэгэн “Шударга бус сонгууль болсон” гэж хэлсэн бол өөр хэрэг. Гэтэл ялалт байгуулж, парламентын гишүүн болсон хүн дээрх үгийг хэлж байгаа нь СЕХ-нд багагүй асуудал байгаагийн илэрхийлэл.

Уг нь тус байгууллага нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд гишүүдийг нь ч хуульд заасан хугацааны дагуу сонгож, томилдог. Гэвч энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үеийн үйл явцаас харахад СЕХ хараат бусаар ажиллаж чадаж байгаа эсэх нь улстөрийн намуудын нэр дэшигчид хийгээд олон нийтэд эргэлзээ төрүүлсэн.

Тухайлбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг хорьж, саатуулсан нь УИХ-ын сонгуулийн хуулийг зөрчиж байгааг СЕХ-ныхон өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн атал ямар ч тайлбарыг олон нийтэд өгсөнгүй. Шүүхээс нэр дэвшигчдийг үндэслэлгүйгээр хассан гэх тогтоол, шийдвэр гарчхаад байхад ч эргүүлэн эрхийг нь сэргээлгүй иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдсан.

Мөн УИХ-ын сонгуулийн дүнг танилцуулах үеэр бэлтгэл ажил болон дүнг зарлах зэрэгт алдаа дутагдал гаргасан нь ажлынх нь хариуцлага ямар түвшинд явааг илэрхий харуулсан. Тийм байтал СЕХ гэх “том” нэртэй даржин үйл ажиллагаатай байгууллагад салхи оруулах өчүүхэн ч сиймхийг дурдалгүй өнгөрч байна. Тиймдээ ч аймаг, дүүргийн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор Сонгуулийн хэсгийн хороодоо байгуулж эхэлжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар баяр наадмын өмнө тус хорооны даргыг хүлээн авч уулзахдаа ч “Энэ намар болох аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хуулийн дагуу, ямар нэгэн зөрчилгүй зохион байгуулах”-ыг үүрэг болгосон.

Тэнд бугшсан асуудал байгаа учраас, түүнийг мэдэж, хутгалдсан учраас Ерөнхийлөгч ч, УИХ-ын дарга ч СЕХ-ныхонд анхааруулж, үүрэгдээд байгаа хэрэг.

Ерөнхийлөгчийн хэлснээр 2009 оноос хойш солигдоогүй удирдлагууд нь хэдэн удаагийн сонгуулийн “ард” гарч байгаа билээ. Тэгэхлээр энэ удаа ч тус хороонд “салхи” оруулахгүй бол эргэлзээгүй сонгууль болно гэдэгт итгэхэд тун бэрх. Тиймээс эргэлзээг эцэслэж, итгэлийг төрүүлэхийн тулд одоогийн СЕХ-ныхныг солих л хэрэгтэй болох нь дээ.