С.Амарсайхан гишүүн ээ, шоудаж дууссан бол давхар автобусаа өгөөч

Эрэн сурвалжлах

УИХ-ын гишүүн С.Амарсайхан Хотын дарга байх үедээ буюу сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө нийслэлчүүд эко автобусаар зорчих боломжтой боллоо хэмээн шуугиулсан. Үүнийг нь бтатагаж “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон ч Монголдоо анх удаа хоёр давхар автобусаар үйлчилж эхэллээ хэмээн танилцуулж байсан.

Гэтэл УИХ-ын сонгууль ч дуусаж, Хотын дарга ч парламентын гишүүн болоод талийж одсон. Харамсалтай нь рекламдаад байсан “ногоон” автобус нь таг. Хөөрхий хамгийн урт чиглэл гэгддэг Таван шар-Офирцеруудын ордон чиглэлд л ганц “ногоон” автобус яваа харагдана.

Тухайн үед буюу зургаадугаар сард Хотын дарга С.Амарсайхан “Нийтийн тээврийг төрөлжүүлж, түгжрэлийг багасгах сургууль, аялал жуулчлал, бизнес,ажил хэргийн гээд олон төрөлт үйлчилгээнд явах автобуснууд эхнээсээ орж ирлээ! 200 ширхэг хүүхдийн автобус Бяцхан сурагчдад үйлчилнэ. 2 давхар автобус иргэд залуучуудад...” хэмээн цахим хуудсаараа түгээж байсан.

Харин “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон “Хоёр давхар, эко автобус нь удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд маршрутын дагуу явж эхэлнэ. Энэ нь 100 хувь цахилгаанаар ажилладаг автобус. Нэг цэнэглэлтээрээ хоёр өдрын рейст гарах боломжтой буюу 400 км явах хүчин чадалтай. Жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх боломжтой, зундаа сэрүүцүүлэгчтэй, өвөлдөө халаагууртай юм. Хоёр давхар автобусны тухайд нийт 70 хүний суудалтай” гэсэн мэдээллийг өгч байв.

Уг нь нийслэлийн нийтийн тээвэрт зургаадугаар сардаа багтаан давхар эко автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна хэмээж байсан.

Харин одоо бол энэхүү автобуснуудын тухай яриа нь сонгуулийн шоу байжээ гэх сэтгэгдэл эрхгүй төрж буйг хэнбугайгаас ч асуусан хэлээд өгөх биз ээ.

Хотын мэр С.Амарсайхан иргэдийнх нь олонх нийтийн тээврээр үйлчлүүлдгийг анзаарч мэдсэн болохоор албатууддаа аятайхан автобус олж ирэхийг үүрэгдэж, арыг нь дааж байсан Б.Цолмон ч албан тушаалынхаа шугамаар хэдэн автобус олж ирмэр аядсан бололтой. Тиймдээ сонгуулийн чимээ алдрангуут автобуснуудын ч сураг ч тасарсан. Тиймдээ ч хоёр төрлийн автобуснаас ганц, ганцхан л иргэдэд үйлчилж байгааг хотын гудамжнаас харж болно. Товчхондоо дарга, цэрэг хоёрын яриа дашийн шоо болчихлоо.

Уг нь С.Амарсайхан цахилгаан автобуснуудаар далимдуулж багагүй санал авсныг тойргийн иргэд нь ч хэлж буй. Тэдний хувьд нийслэлээс зайдуу ч гэлээ сургуулийн автобуснаас нь бас “горьдлого” тээж байсан тухайгаа хэлж буй. Гэтэл нийтийн тээвэрт явах нь одоо ч байхгүй юм чинь сургуулийн автобусны тухайд сураг гарах нь мөдгүй юм хэмээн халаглаж, харамсах болжээ.

Сонгуулийн шоу хийгээгүй л юм бол эрхэм гишүүн С.Амарсайхан та, энэ хотын иргэддээ үйлчлэх эко автобуснуудыг нь өгнө үү.