Онцгой комиссын орлогийн тайланг иргэд хүлээсээр...

Эрэн сурвалжлах

Улсын онцгой комиссынхон хандив тусламжийн тайлангаа олон нийтэд зарлана уу. Эс бөгөөс иргэд, байгууллагуудаас өгч буй их хэмжээний хөрөнгө хаашаа алга болоод харьд гацсан монголчууд хоёр дахин өндөр зардлаар арайхийн эх орондоо ирээд байна вэ.

Үүний тод жишээ нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин цахим орчинд хийсэн мэдэгдэл. Тэрбээр “АНУ руу хамгаалах хэрэгсэл хүргээд буцах нислэгээр иргэдээ авч ирэх ажлыг зохион байгуулахад танхим эхнээсээ оролцсон. Бүх нислэгийн зардал 189 мяянган доллар төлөгдсөн. Гэхдээ буцахдаа 250 хүнээс тэрбум гаруй төгрөг УОК авсныг ерөөсөө ойлгоогүй. Энэ бол энэрэнгүй бус шийдвэр.” хэмээжээ.

Үнэхээр ч тус нислэгээр ирсэн иргэд хамгийн багадаа 2.500.000 төгрөг төлсөн гэдгээ хэлж байна билээ. Яах вэ, тодорхой хэмжээний зардал нь тусгаарлалтынх байж болно. Тэгвэл бусад юун, яах гэж авсан мөнгө вэ.

Гадаадад гацсан иргэдийн ихэнх нь эх орондоо ирэх зардал, мөнгөгүй, тухайн суугаа орондоо ажиллах нөхцөлгүй амьдрал, ахуй нь хэцүүхэн байдалд орсноо тайлбарлаад ч тус эс олсон. Гэтэл эх орон нь өөдөөс нь энгийн үеийн тийзний үнийг хоёр дахин нугалсан хэмжээний мөнгө нэхэж буй. Тиймээс ч хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага болох нь хэмээн бухимдлаа илэрхийлэх иргэн улам бүр олширсоор байгаа билээ.

Уг нь ковид-19 цар тахалтай холбоотойгоор гадны байгууллагууд болон дотоодын аж ахуйн нэгжүүд чадах ядахаараа мөнгөн болон эд материалын тусламж үзүүлж байгааг Шадар сайд, Онцгой байдлыг албаныхан хүлээн авч буйгаа зарлан, тунхагласаар ирсэн. Тэгвэл зарцуулалт нь хэрхэн, хаана очиж үрэгдэж байна вэ.

Хандивын хөрөнгө гарын салаагаар урсаад явчих вий, албан тушаалтнуудын “дээлийг нөмөргөчих вий” гэсэндээ АТГ-аас өнгөрсөн гуравдугаар сард зөвлөмж хүргүүлж байсан. Тодруулбал, дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн “Ковид-19” вирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Улсын онцгой комисс, эрүүл мэнд, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад хандив өгч байгаа билээ. Энэхүү хандивыг зарцуулахдаа  иргэд, олон нийт нээлттэй мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийн тайлан гаргах, хууль тогтоомж зөрчиж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлнэ үү” хэмээгээд  зөвлөмжийг тухайн үеийн Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт хүргүүлсэн байдаг.

Тэр их хэмжээний хандивын хөрөнгө хаашаа, очоод юунд зарцуулагдаад байна вэ. Үүнийг хэн хэзээ тайлбарлаж, тайлагнах вэ. Яг үнэндээ гадаадаас иргэдээ аваад байна гэх болов ч гацсан хүмүүс байсаар байгаа нь хандивын мөнгөний зэрэгцээ хэт өндөр ашиг харсан нислэг үйлдэж байна гэх хардлагыг төрүүлж байгааг Улсын онцгой комиссынхон эрхбиш мэдэж л байгаа байлгүй. Эрх мэдлээ урвуулан ашиглаагүй гэдгээ бататган хандив авахдаа зарладаг шигээ зарцуулахдаа бас зарлаж, тайлагнавал ямар вэ.