Путин Кремлийн эзэн хэвээр үлдэх эсэхийг коронавирус "шийднэ"

Дэлхийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсыг 83 нас буюу 2036 он хүртэл удирдах “хүсэл” талаар өнгөрч магадгүй болох нь.  

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Орос гүрнийг удирдсан Путины бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусах байсан. Гэсэн ч тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард улс орон даяар хийсэн мэдэгдэл хийсэн нь дэлхий нийтийн анхааралд өртсөн. Учир юу гэвээс 1993 оноос хойш анх удаа Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглалаас Парламентын засаглалд шилжих санал дэвшүүллээ. 

Улмаар үүний дараа ОХУ-ын Төрийн Думын гишүүн Валентина Терешкова Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тоонд тавьсан хязгаарлалтыг чөлөөлөх талаар Үндсэнд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. 

ОХУ-ын түүхэнд Сталинаас хойш хамгийн урт хугацаанд Төр барьсан улс төрч.  

 

Ингэснээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан болон хашиж буй хүн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн тоо харгалзахгүйгээр дахин Төрийн тэргүүн болох боломж бүрдэх юм. 

Харин ОХУ-ын үндсэн хуулийн цэц үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнээр Ерөнхийлөгч Владимир Путин Орос улсын төрийг 2024 оноос хойш үргэлжлүүлэн удирдах боломж улам нэмэгдэв. 

Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг бүх нийтийн дунд санал хураалт явуулан эцэслэн шийдвэрлэхээр товлосон юм. Бүх нийтийн санал асуулга энэ сарын 22-нд буюу өнгөрсөн лхагва гарагт болох ёстой байсан.   

Хэрэв бүх нийтийн санал асуулгаар Оросын ард түмэн үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзвэл Путин 2024 он гэхэд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад дахин 2036 он хүртэл буюу 83 нас хүртлээ Орос орныг удирдах боломж нээгдэх байсан. Гэхдээ тус улсад коранавирусийн халдвар маш эрчимтэй тархаж байгаагийн улмаас олон нийтийн бүх арга хэмжээг цуцалж ирэх тавдугаар сар хүртэл хорио цээрийн хатуу дэглэм тогтоолоо.  

КОРОНАВИРУС-ПУТИНЫ УЛС ТӨРИЙН КАРЬЕРТ ТОМ ШАЛГУУР  

Өнөө өглөөний байдлаар ОХУ-д 62 мянган хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдов. Москва хотод өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж, шинж тэмдэггүй хэлбэрийн халдвар авсан хүний тоо нийт өвчлөлийн 50 хувьд буюу 32 гаруй мянга болсон тул хотын захиргаа хотод тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар болов. 

Цар тахалтай хэрхэн тэмцэхээс шалтгаалан Кремлийн “эзэн” хэвээрээ үлдэх эсэх нь шийдэгдэнэ гэж улс төр судлаачид үзэж буй юм. 

 

Тус улсын Засгийн газраас нийт 56 тэрбум рубль /675 сая ам.доллар/-ийг цар тахлын дэгдэлтийг хязгаарлахад зориулан зарцуулаад байгаа бөгөөд үүнээс 33 тэрбумыг уг вирусээр халдварласан иргэдэд зориулж эмнэлгийн ор нэмж байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэхэд, 17.7 тэрбумыг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон гар амьсгалын аппарат, яаралтай тусламжийн үйлчилгээнд зориулан зарцуулсан байна. 

Орон нутгийн эмнэлгүүд өвчтөн хүлээн авах орны тоог яаралтай нэмэгдүүлж байгаа бөгөөд Засгийн газар орон нутагт 32.4 тэрбум рублийн тусламж олгож, шаардлагатай уушгины төхөөрөмжөөр 3 сарын дотор хангахаар болжээ. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй “өөрийгөө тусгаарлах” дэглэм нь эдийн засагт одоогийн байдлаар 17.9 их наяд рублийн хохирол учруулаад байна. Хэрэв хорио цээрийн дэглэм дахин гурван сарын хугацаанд үргэлжилсэн тохиолдолд иргэдийн бодит орлого 5-50 хувь, ДНБ-ий хэмжээ 21 хувиар буурч, 15 сая хүртэл ажлын байр хаагдах эрсдэлтэй байна гэсэн тооцоо “Деловая Россия” судалгааг байгууллага гаргажээ. 

Оросын Засгийн газраас нийт 56 тэрбум рубль /675 сая ам.доллар/-ийг цар тахлын дэгдэлтийг хязгаарлахад зориулан зарцуулжээ.

 

Ийнхүү Путины карьерт том шалгуур тулгарч байна. Тэрбээр энэхүү цар тахалтай хэрхэн тэмцэхээс шалтгаалан Кремлийн “эзэн” хэвээрээ үлдэх эсэх нь шийдэгдэнэ гэж улс төр судлаачид үзэж буй юм. 

САНАЛ АСУУЛГА ШУДАРГА БОЛНО ГЭДЭГТ ИРГЭД ИТГЭХГҮЙ БАЙНА 

ОХУ-ын “Олон нийтийн санал бодлыг тандах судалгааны төв”-өөс явуулсан судалгаагаар хэрэв санал асуулга явуулсан тохиолдолд ирц 52-54 хувь байх бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 60 орчим хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзжээ. Харин 35 орчим хувь нь энэ саналыг дэмжээгүй бол үлдсэн 5 хувь нь саналын хуудсаа хүчингүй болгоно гэв. Түүнчлэн хамгийн сонирхолтой нь судалгаанд оролцогчдын ихэнх нь бүх нийтийн санал асуулга шударга явагдана гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ. 

ПУТИН СТАЛИНААС ХОЙШ ХАМГИЙН УРТ ХУГАЦААНД ТӨР БАРЬСАН УЛС ТӨРЧ 

Өдгөө 67 настай Владимир Путин 2000 оноос өдийг хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн албан тушаалыг хашсан. Тэрбээр ОХУ-ын түүхэнд Сталинаас хойш хамгийн урт хугацаанд Төр барьсан улс төрч болоод байгаа юм.