“Ачит Ихт” ХХК-ийн Зөвлөх инженер Б.Мандах: Үйлдвэр маань тэнгэрээс бууж ирээгүй, дардан зам туулж босоогүй

Нийгэм, Эдийн засаг

     “Ачит Ихт” ХХК-ийн Зөвлөх инженер, ууган ажилтнуудын маань нэг, Эдийн засгийн ухааны доктор Б.Мандах 2-р овоолгын тухай, үйлдвэрийн бүтээн байгуулалтын үе, тулгарч байсан хүндрэл бэрхшээлийн талаар юу гэж өгүүлснийг та бүхэнд хүргэе.

"Ажилсаг залуустайгаа хамт энэ сайхан үйлдвэрийг бүтээн босгосон анхдагчийн хувьд одоо болж буй үйл явдлаас үүдэн Та бүхэндээ хандаж хэдэн үг хэлье гэж бодлоо.

1. 2011 оны 4-р сард байгаль орчны үнэлгээний ажилтнуудтай “Эрдэнэтийн овоо” ил уурхай байгуулагдаад 30 гаруй жил болсон 2 дугаар овоолгын хормойд очиход овоолгын ёроолоос хүчиллэг ногоон урсац тэр хавийн ихээхэн талбайг хамран урсаж, хөрс ургамлыг үхжүүлсэн байдалтай байсан. Тэнд байхад нүд хорсож, амьсгалахад хүндрэлтэй, толгой өвдөж эхэлсэн. Тэр хавьд нэлээд тооны шувууны сэг тааралдсан. Байгаль орчны ажилтан хөрсний шинжилгээ авахаар хүрзээр газар гишгэхэд хүрз аранжин зэсээр бүрхэгдсэн байж билээ. Анхны цөөрмийн газар шорооны ажил гүйцэтгэсэн эксковаторын шанага бас л зэсээр хучигдаж улаан хүрэн өнгөтэй болсон байв. Эксковаторын машинч “Үнэ төлбөргүй шанагаа зэсээр бүрүүлж авлаа” гэж чин сэтгэлээсээ хэлж инээж байсан. Миний дээр өчсөн бүхэн баримт нотолгоотой.

Байгаль орчны хамгааллаар судалгаа хийдэг олон улсын нэртэй судлаач, эрдэмтэд өнгөт металлын ил уурхайн овоолгуудыг “Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй байгууламж” гэх ангилалд шууд хамруулдаг. Цас, борооны ус, овоолго дахь хүдэртэй урвалд орж, угаагдаж, өөртөө агуулж байсан зэсээ хүчиллэг ногоон урсацтай цуг алдаж, хөрс ургамал, амьтдыг хордуулан гадагшилдгийг олон жилийн ажиглалт судалгаагаар туршиж нотолсон байдаг. /Судалгааны материал бидэнд байгаа/ Иймд уурхайн овоолгуудыг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө даамжрах, хүдэр дэх зэсийг угаагдаж алдахаас өмнө амжиж авах нь эдийн засаг, байгаль экологийн ач холбогдолтой.

2. Үйлдвэр маань тэнгэрээс бууж ирээгүй, дардан зам туулж босоогүй. Анх манай үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлж байхад Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд "энэ овоолго нь уусмалд уусдаггүй, сулфидийн хүдэр учраас асар өндөр эрсдэлтэй төсөл хэрэгжүүлж байна даа" гэж ихэнх нь халаглаж байлаа. Тухайн үед манай төсөлд Эрдэнэт үйлдвэр 34 хувь эзэмших хөндлөнгийн дүгнэлт гаргах мэргэжлийн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, тус төсөл өндөр эрсдэлтэй, 34 хувь эзэмшиж хамтран ажиллах нь ашиггүй гэсэн албан ёсны дүгнэлт гаргасан байдаг /Ажлын хэсгийн албан ёсны дүгнэлтийн баримт бичиг байгаа/.

Үйлдвэрийн бүтээн босголт олон хүндрэл, бэрхшээлтэй нүүр тулж явагдсан. Тухайлбал арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр санхүүжилт хийгдэнэ. Нэмэлт санхүүжилт саатаж, бид хэдэн сараар цалингүй ажиллана. Материал, шатахуун, хүнсээ зээлээр авна. Импортын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт олон сараар саатна. Энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг олж, шийдүүлэх асуудал нь дээр тоочиж буй олон хүндрэл бэрхшээлийн хамгийн хүнд нь байсан юм байна даа гэж сүүлд л ойлгосон доо, бид. Харин энэ үйлдвэрийг монгол залуус хүндрэл бэрхшээлийг үл ажран, сэтгэл зүтгэлээрээ бүтээн босгосон доо. Анхдагч залуусаараа одоо ч бахархаж, талархаж явдаг аа.

3. Үйлдвэр ашиглалтад орсны дараа жилээс л урьдчилж тооцож чадаагүй олон асуудал, эрсдэлтэй тулгарч эхэлсэн. Тухайлбал, их хэмжээний борооны ус систем дэх уусмалын хэмжээг хэд дахин нэмэгдүүлж, нэмж хэд хэдэн томоохон цөөрөм, дахин дамжуулах насосын станц барих, ууршуулалтын систем нэмж ажиллуулах шаардлагатай болсон. Түүнчлэн цахилгаан хангамжийн үндсэн төхөөрөмжүүд шинэчлэх, нэмэх, галын дохиолол унтраах систем, үйлдвэрийн үндсэн цех, лабораторын өргөтгөл, химийн бодисын агуулах, уурын зуух шинээр нэмж, барих, нурүүлдан уусгалтын овоолго байгуулах гэх мэт төслүүдэд өнгөрсөн 10 жилд үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалттай дүйцхүйц хэмжээний мөнгөн хөрөнгө зарцуулчхаад байна. Одоо уусмал цэвэршүүлэх байгууламж байгуулах, цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах, хуучирсан тоног төхөөрөмж, шугам хоолой шинэчлэх, солих ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болчхоод л байна. Анх үйлдвэр барихад санхүүгийн гачигдлаас шалтгаалж аль хямд тоног төхөөрөмж авч, угсарч, суурилуулж байсан нь үйлдвэрлэлийн явцад ихээхэн хэмжээний нэмэлт зардал, хөрөнгө зарцуулах нэг гол нөхцөл болж байгаа.

4. Улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй, санхүү, технологи, үйл ажиллагааны бүх эрсдэлээ бүрэн дааж, бор зүрхээрээ, монгол залуусын сэтгэл зүтгэлээр бүтээн босгосон, 250 гаруй ажлын байр гаргаж, 10 гаруй жил хэвийн жигд ажиллаж, зохих хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжаа төлж, Монгол Улсын шилдэг ТОП 100 аж ахуйн нэгжээр олонтоо шалгарч, улсын хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулж яваа үндэсний үйлдвэрлэгчээ сонгууль бүхний өмнө ингэж улстөржүүлж, хэвийн үйл ажиллагааг доголдуулах нь эцсийн эцэст хэнд ашигтай юм бэ. 2020 оны сонгуулийн өмнөх нь бас л ийм ажиллагаа явагдаж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр манай компанийг сөргөөр ярьж бичиж л байсан.

Сонгуулийн өмнө тогтсон үйл ажиллагаатай үйлдвэрийн хамт олны бүтээлч уур амьсгалыг алдагдуулах гэж байгаа байдал харамсал төрүүлж байна даа.

Ээлжит сонгууль болдгоороо болоод л өнгөрнө. Та бидний амьдрал, ажил үйлс үргэлжилдгээрээ л үргэлжилнэ дээ.

Та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе."