Холимог тулааны аварга Хабиб Нурмагомедовын аав Covid-19 өвчний улмаас үхлүүт байна

Дэлхийн мэдээ

Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын аав, дасгалжуулагч Абдулманап коронавирусийн халдвараас үүдэлтэй зүрхний өвчин нь хүндэрч, үхэл амьдралын зааг дээр байгааг Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Өчигдөр Хабиб анх удаа энэ талаар сошиал хуудсандаа мэдэгдэл гаргажээ.

“Интернэтээр миний аавын тухай маш их бичиж байгаа. Аав маань одоо эмнэлэгт маш хүнд байна. Тэр жилийн өмнө зүрхний хагалгаанд орж байсан юм. Вирус түүний зүрхэнд маш ноцтой нөлөөлсөн тул дахин хагалгаанд орсон. Аавын биеийн байдал маш хүнд байна. Бид Аллах бурхнаас амьдруулж өгөхийг гуйн мөргөж байна. Зовлон шаналалыг минь хуваалцаж байгаа бүх хүнд баярлалаа. Аллах бидэнд туслана гэж найдаж байна” гэж Хабиб видео мэдэгдэлдээ ярьсан байна.

Хабибын хэлж байгаагаар түүний 20 гаруй хамаатан Covid-19 өвчнөөр өвдсөн гэнэ. “Миний ойрын хамаатан 20 гаруй хүн өвдөж, сэхээнд байна. Миний таних олон хүний эцэг эх энэ өвчнөөр нас барлаа” гэж тэр ярьжээ.

Хабибын төрөлх нутаг Дагестан нь коронавирусийн цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн ОХУ-ын бүс нутагт тооцогдож байгаа юм.

Тэрбээр нутаг нэгтнүүддээ ойрын үед тохиох Рамадан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, эмч, эмнэлгийн байгууллагын зөвлөмжийг хатуу сахихыг уриалжээ.

Хабибын аав 57 настай Абдулманап Нурмагомедов дөрөвдүгээр сарын сүүлээр өвдөж Дагестаны нийслэл Махачкала хотын эмнэлэгт хэвтсэн юм.

Биеийн байдал нь муудсаны дараа түүнийг Москва хотын эмнэлэгт шилжүүлжээ.

Энэ мэдээг тарсны дараа UFC холбооны тэргүүн Дана Уайт, Хабибын өрсөлдөгчид болох Конор Макгрегор, Тони Фергусон нар сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, түргэн эдгэрэхийг ерөөж байв.

 

Эх сурвалж: Russia Today