“Covid-19”-д цаг агаар, газарзүйн байршил хамааралгүйг тогтоожээ

Дэлхийн мэдээ

“Covid-19” өвчний тархалтад цаг агаарын байдал болон газарзүйн байршил хамааралгүйг тогтоосон тухай судалгаа БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн өдөр тутмын сонинд гарчээ. Тухайлбал, уг өвчин жилийн дөрвөн улиралд цаг агаарын халуун, хүйтэн нөхцөлөөс үл хамааран хаана ч тархах боломжтой гэдгийг  дэлхийн 144 улс, бүс нутагт байгаа 370 мянган өвчтөнийг хамруулсан судалгаанд үндэслэн уг дүгнэлтийг хийсэн байна. Судалгааны дүнд хөнгөн хэлбэрийн халдвартай өвчтөнд уламжлалт анагаах ухааны “Lianhua Qingwen” эм үр дүнтэй байгаа талаар онцолсон байна.

БНФУ-д коронавирусын халдвараар нас барагсдын тоо тогтмол буурч байсан ч дахин өсөв. Тус улсад сургууль, үсчин, барааны дэлгүүр, цэцгийн болон номын худалдаа нээгдэж, иргэдийг тусгай зөвшөөрөлгүйгээр гэрээсээ 100 км хүртэл зайд зорчихыг зөвшөөрлөө. Франц Улс долоо хоногт 200-270 мянган хүнийг оношилгоонд хамруулж байсан бол хөл хориог сулруулж байгаатай холбоотойгоор ойрын өдрүүдэд энэ тоог 700 мянгад хүргэхээр ажиллаж байна.

Их Британид тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дасгал хөдөлгөөн хийх, салхилах зэргээр задгай талбайд гарах, цэцэрлэгт хүрээлэн, далайн эргээр зугаалах, гэрээсээ ажиллах боломжгүй хүмүүсийг ажилдаа орохыг зөвшөөрсөн бөгөөд нийтийн тээврээр зорчихоос зайлсхийх хэрэгтэйг анхааруулж байна.