Трамп Хятадтай бүх харилцаагаа тасална хэмээн сүрдүүлэв

Дэлхийн мэдээ

АНУ, Хятадын харилцаа хурцадаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.05.14/ дахин цар тахалд Хятадыг буруутгасан мэдэгдэл хийжээ.

Тэрбээр Хятадтай бүх харилцаагаа тасалж, нэг ч бараа Хятадаас импортлохгүй бол 500 тэрбум ам.долларыг хэмнэнэ хэмээн ярьсан байна.

Мөн цааш нь “Бид уг нь Хятад улс болон Ши даргатай сайн харилцаатай байдаг. Гэтэл одоо энэ улстай харилцах хүсэлгүй болж байна. Хятад улс миний урмыг хугалж байна. Худалдааны гэрээг дөнгөж үзэглээд л араас нь тахал дэгдлээ. Энэ бүх зүйлээс урьдчилан сэргийлэх боломж Хятад улсад байсан. Хятад улс манайхаас 250 тэрбум ам.долларын бараа худалдан авах ёстой” хэмээн ярьжээ.

Гэхдээ хоёр улсын худалдааны эхний шатны гэрээний дагуу Хятад нь АНУ-аас 200 тэрбумын бараа бүтээгдэхүүн авах ёстой юм. Харин Ерөнхийлөгч Дональд Трамп яагаад 250 тэрбум хэмээн хэлснээ тайлбарлаагүй байна. Гэхдээ цар тахлын хүндрэлтэй байдлаас шалтгаалан энэ гэрээ бүрэн хэрэгжиж чадах эсэх нь эргэлзээтэй болж байна.

Эх сурвалж: Reuters