БНХАУ: ЦАР ТАХЛЫГ АНУ БҮТЭЭСЭН, ВАКЦИН НЬ ХӨГШЧҮҮДИЙГ УСТГАХ ЗОРИЛГОТОЙ

Дэлхийн мэдээ

БНХАУ-ын төрийн мэдээллийн агентлаг цар тахлын үүслийн талаар үндэслэлгүй таамаг дэвшүүлж, Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакцины аюулгүй байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаас харвал Хятадын төрийн дэмжлэгтэй ажилладаг мэдээллийн агентлагууд цар тахлын хариуцлагыг барууны орнуудад тохохын сацуу бүтээсэн вакцинуудыг нь үгүйсгэж, өөрсдийн вакциныг сурталчлах кампанит ажил эхлүүлсэн бололтой.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын сүлжээний платформ Weibo дээр “Америкийн Форт Детрик” хэмээх үг асар хурдтай таржээ. Түүнийг тараасан этгээдүүд нь коммунист залуусын нэгдэл гэх бөгөөд тэр нь “Цар тахлын вирусийг Ухань хотод биш, АНУ-ын армийн Мэрилэнд бааз дахь лабораторид бүтээсэн” хэмээх таамгийг илэрхийлж буй үг аж.

Хятадын гадаад хэргийн яамны зүгээс сүүлийн үед ДЭМБ-ээс ажлын хэсэг гаргаж, АНУ-ын Форт Детрик төвийн лабораторийг мөрдөн шалгахыг уриалж байгаа гэнэ. Мөн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунен “Хэрвээ АНУ үнэнийг эрхэмлэдэг л юм бол Форт Детрик төвийг нээн үзүүлж, гадаад орнуудад ажуиллуулдаг 200 гаруй тусгай лабораториудынхаа тухай илүү нээлттэй мэдээлэл хуваалцах ёстой. Түүнчлэн ДЭМБ-ын багийг хүлээн авч, АНУ-д коронавирусийн үүслийг судлахыг зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Дээр дурьдаж буй Форт Детрик төв нь 1943 оноос эхлэн 1969 онд албан ёсоор үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөх хүртлээ АНУ-ын биологийн зэвсгийн хөтөлбөрийн гол төв байсан юм. Харин Хятадын эрх баригчдын зүгээс өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн тус төвийг шалгаж үзэхийг ДЭМБ-аас шаардсаар ирсэн билээ.

Коммунист залуусын нэгдлээс тараасан дээрх агуулгатай мэдээлэл Хятадын цахим сүлжээгээр хурдтай тарж, давхардсан тоогоор аль хэдийн 1.4 тэрбум хүн уншсан аж.

Мөн түүнээс гадна Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакциныг тариулснаасаа хойш Норвегид 23 хүн нас барснаас үүдэн Хятадын төрийн мэдээллийн агентлагууд тус вакциныг хөгшин хүмүүст тун аюултай хэмээн бичих болжээ. Норвегид нас барсан хүмүүсийн үхлийн шалтгаан нарийн тодорхой болоогүй байгаа билээ. ДЭМБ “Нас барсан хүмүүс бүгд өндөр настай, хэд хэдэн хууч өвчин хавсарсан байсан тул үхлийн шалтгааныг шууд вакцин хэмээн тодорхойлох нь өрөөсгөл, харин нас барахад нөлөөлсөн олон шалтгаануудын нэг нь вакцин хэмээн үзэж болох юм” хэмээн дүгнэсэн юм.

Түүнчлэн Хятадын агентлагууд Бразилийн судлаачид Хятадын бүтээсэн Синовак вакциныг ердөө 50 хувийн үр дүнтэй хэмээн дүгнэснийг эрс эсэргүүцэн “Синовак вакцин бол дор хаяж 78 хувийн үр дүнтэй” хэмээн мэдээлж байгаа юм.