ЭМЯ: ҮСЧНЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮСТ ХАЛДВАР ДАМЖЖЭЭ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр нэгдүгээр сарын 26-ны өдрийн 11:00 цагийн байдлаар холбогдох лабораториудад 12039 хүнд шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ.

Шинэ тохиолдлууд бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн ба хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч бол бусад нь халдварын кластер голомтоос гарсан тохиолдлууд байжээ.

Тодруулбал, Бэлхийн задгай, Дамба орчимд буюу Сүхбаатар дүүргийн 16-р хороон дахь нийтийн байранд 7 тохиолдол бүртгэгджээ. Бусад хүмүүс нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлууд буюу ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс гэв. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийтийн байр болон хэд хэдэн гудамж, хорооллоос халдвар бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлын эх уурхайг эрэн сурвалжлах явцад нэг гэр бүлийн гурван хүн гурвуулаа үсчинд үсээ засуулсан нь тогтоогдсон. Гэтэл тухайн үсчин нэгдүгээр сарын 17-18-нд халдвартай нь батлагдсан. Тухайн үсчнээр нэгдүгээр сарын 17-нд үсээ засуулсан хүмүүс гэр бүлээрээ халдвар авсан байна. Тиймээс үйлчилгээний байгууллагууд халдвараас сэргийлэх дэглэмийг нягт баримтлах хэрэгтэй. Мөн Сүхбаатар дүүргийн 45-р байранд халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тухайн байрны 121 хүнд шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан. Дамба, Бэлхийн задгай орчмын айлууд болон нийтийн байрны 204 өрхийн 592 хүнд PCR шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэхдээ 14 хоног тандалт хийнэ. 

Өчигдөр Сүхбаатарын талбайд сэжигтэй тохиолдол илэрсэн тухайд мэдээлэл өгөхийг хүссэн байна. Төв талбайд олон хүн хамарсан цуглаан болох явцад эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн, илт амьсгалын замын халдварын шинжтэй, халуунтай хоёр тохиолдол байна гэсэн мэдээлэл ирсний дагуу Шуурхай хариу арга хэмжээний баг очиж, хоёр хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Тухайн хоёр хүнээс урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй. 

Өчигдрийн батлагдсан нэг тохиолдлын эх уурхай мөн тодорхойгүй байна. Орон сууцны 00-ын өрөөнд амьдардаг иргэн байгаа. Тухайн хүний халдвар авсан эх уурхайг тодруулахаар ажиллаж байна. Эрсдэл ийм өндөр байгаа тул иргэд бие биедээ, үйлчилгээний газарт очихдоо өндөр шаардлага тавих хэрэгтэй. Олон нийтийн цуглаан, жагсаал зэрэгт очихгүй байхыг анхааруулж байна" гэлээ.

Нийт кластер өвчний голомт дахь батлагдсан тохиолдол 1151 болсон бол улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт батлагдсан тохиолдол 1656 хүрч, үүний 1211 өвчтөн буюу 73,1 хувь нь эдгэрчээ. 

Өчигдөр 42 хүн эдгэрч, гэртээ гарсан байна. Өнөөдрийн байдлаар 432 батлагдсан тохиолдол эмчлүүлж байгаагийн биеийн байдал маш хүнд 1 өвчтөн байгаа ажээ.