ПУТИНЫГ АЙЛГАГЧ АЛЕКСЕЙ НАВАЛЬНЫЙ ГЭЖ ХЭН БЭ

Дэлхийн мэдээ
Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг, Авлигын эсрэг санг үндэслэгч, улс төр, нийгмийн зүтгэлтэн, Алексей Анатольевич Навальный 1976 онд Москва мужийн Одинцовын районд төрсөн. Орос дахь авлигын хэргийг мөрдөж олон нийтэд дэлгэдгээрээ олонд алдаршсан нэгэн.
 
Москва орчим цэргийн сууринд 1993 онд дунд сургууль төгсөөд 1998 онд Оросын улс түмний найрамдлын их сургуулийн хуулийн ангийг 22 насандаа төгссөн. Дараа нь 2001 онд ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академийн Зээл санхүүгийн салбарыг үнэт цаас, биржийн ажиллагаа мэргэжлээр эчнээгээр төгссөн байна. Иельсийн их сургуульд 2010 онд хагас жилийн “Yale World Fellows” хөтөлбөрт хамрагдаж байжээ.
 
Улмаар 2013 оноос “Ирээдүйн Орос” гэдэг улс төрийн намын Төв зөвлөлийг тэргүүлж байгаа хүн. ОХУ-ын ерөнхийлөгчийн 2018 оны сонгуульд оролцоно гэдгээ 2016 оны арванхоёрдугаар сард мэдэгдсэн. Харамсалтай нь ОХУ-ын Сонгуулийн төв хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэхгүй гэдгээ 2017 оны арванхоёрдугаар сарын 25 нд мэдэгдсэн.
 
Ингээд 2017-2018 онд “Авлигатай тэмцэх сан”-гаас зохион байгуулсан олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг толгойлсон байна.
 
“Ведомости” сонин 2009 оны хүнээр шалгаруулсан бол “Time” сэтгүүл 2012 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр, 2017 оны зургадугаар сард интернет дэх хамгийн нөлөө бүхий 25 хүний нэгээр шалгаруулж байжээ. 2020 онд Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшиж байв.
 
Баривчилгаа
 
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, түүний тойрон хүрээлэгчдийг байнга шүүмжлэн, тэдний авлигын хэрэг, хууль бусаар завшсан хөрөнгөөрөө барьсан өмч хөрөнгийг нь дэлгэдгийн улмаас эрх баригчид түүнийг байнга мөрдөн хөөж, удаа дараа баривчилдаг юм. 2011-2018 онд Навальныйг захиргааны хуулиар 10 удаа баривчилж нийтдээ 192 хоног хорьж байсан байна. Германы Deutsche Welle хэвлэлийн тооцоолсноор бол Навальныйг барьж хорих нь 2017 оноос эрс өсч 2018 онд гэхэд л 80 хоног хорьсон байна. Ингэснээр 2011-2019 онд Навальный нийтдээ 474 хоног хорионд байсны 232 нь урьдчилан хорих төвд 242 нь гэрийн хорионд байжээ. Навальный 2019 оны долдугаар сард хоригдож байхдаа арьс, нүүрээр нь маш их юм гаран эмнэлэгт хүргэгдэж байсан. Түүнийг хордуулсан гэдэг.
 
Хордуулсан нь
 
Өнгөрөгч 2020 оны найм­дугаар сарын 20-нд Навальный нисэх онгцонд явж байгаад гэнэт бие нь муудаж Омскт хэвтсэнийг Берлиний “Шарите” эмнэлэгт хүргэж, новичек маягийн хороор хор­дуул­сан болохыг зарласан. Түү­нийг ийн хордуулсан нь олон улсын эсэргүүцэлтэй тулгарч Европын холбоо, Их Британи улс оросын нэр бүхий зургаан улс­төр­чийн эсрэг хориг тавьсан юм.
 
Навальныйг Германд эмчлүүлж байгаад энэ нэгдүгээр сарын 17-нд эх орондоо эргэн ирэхэд нь москвагийн Внуковын нисэх буудалд газардах байсан онгоц гэнэт чиглэлээ өөрчлөн Шеремьетевийн нисэх буудалд буухад Навальныйг дөнгөж паспортаа шалгуулаад байхад нь баривчилж тэр орой нь шүүх 30 хоног баривчлах шийдвэр гаргасан байна. Алексей Навальныйг дэмжигчид орон даяар нэгдэж оросын 40 орчим хотод олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болж хэдэн сая хүн оролцсон юм.
 
ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үүнийг жагсаалд тун цөөхөн хүн оролцсон гэсэн бол жагсаалын үеэр хууль сахиулагчид 3300 гаруй хүнийг баривчилж энэ хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхлээд байна.
 
2021 оны нэгдүгээр сарын 26. Мягмар. №008 (5413)
#МонголынМэдээСонин #Дэлхий