ХӨВСГӨЛД ГУРАВ, ЗАВХАНД НЭГ УДАА ГАЗАР ХӨДЛӨВ

Эрэн сурвалжлах

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр урьд шөнө Хөвсгөл аймагт гурван удаа, Завхан аймагт нэг удаа газар хөдөлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Давтан хөдлөлт: Тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ 01.21-ний өдрийн 11:43 цагт 4.3 магнитуд, 18:51 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тул тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй  өнгөрчээ.

Мөн Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн “Солооны Хандгайт” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 16 км-т, Ө-48°08’24”, У-97°12’00″/ 01.21-ний өдрийн 17:34 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 17:43 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэд, тус аймгийн Улиастай сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж албаныхан тодотгов.