ИХ САЛХИН ХӨДӨЛБӨЛ НИЖИГНЭНХЭН ХӨДӨЛТҮГЭЙ

Улс төр
 
Одоогоос 30 жилийн тэртээ, 1990 оны цагаан морин жилийн идэр есийн жавар тачигнасан тэр нэгэн өдөр жанжин Сүхийн талбайд коммунист дэглэмийн эсэргүүцсэн залуус Намын төв хороо, Засгийн газрыг огцрохыг шаардан жагсч улмаар өлсгөлөн зарласан нь тухайн цаг үед ер бусын үйл явдал байсан билээ. Жагсагчид нь мэдээж эгэл ардууд. Саарал цэмбэн шинельтэй дотоодын цэрэг Төрийн ордныг хамгаалах хэдий ч сэтгэлийнхээ чиндад сайхан цагийн салхи айсуй, гэвч монгол хүн монгол хүнийхээ аминд хрч болохгүй шүү дээ. Тийм зүйл болох аваас би цэрэг хувцсаа тайлж эгэл ардтайгаа нэгдэнэ гэх бодол тээгээстэй. Талууд асуудлыг хүний ёсоор шийдсэнд Ардчилсан хувьсгалын үнэ цэнэ оршино. Шинэ цагийн Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялсан түүх ингэж эхэлдэг.
 
Үйл явдал 30 жилийн дараа өөр өнгө төрхтэйгөөр давтагдлаа. Өнгөрсөн он жилүүдэд монголчууд ажин түжин аж төрсөн үү гэвэл үгүй. Жагсаал цуглаанаа хийсээр, бужигнасаар, бужигнуулсаар ирсэн. Энэ удаад ард түмэн албан тушаал, хээл хахуулийн алиныг нь ч сөхөөгүй.
 
Монголын төрөөс хүн чанар, хүний ёсыг л нэхсэн. Дөнгөж төрсөн нялх биетэй эхийг идэр есийн жавраар нимгэн халаад, гэрийн шаахайтай нь тээвэрлэсэн явдлыг эсэргүүцэн жанжин Сүхийнхээ талбайд дахин цугларав.
 
Нийгмийн идэвхигүй, үлбэгэр доройгоороо дуудуулдаг залуус лхагва гарагийн өглөө 10:00 цаг гэхэд хэний ч уриа дуудлагагүйгээр нийслэлийн төв талбайд цугларсан. Тэд төр, засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн эрүүл мэндээ хамгаалан өөр хоорондоо зайтай зогсоцгоон “Ерөнхий сайд, УОК-ын тэргүүн Я.Содбаатар нар гарч ирж уулз”, “Засгийн газар огцор”, “УОК огцор” гэх шаарлагыг тавьж байлаа.
Өөрийгөө 32 настай гэж танилцуулсан залуу “Соёлтой оронд бол 50 хүн жагсахад ерөнхий сайд нь гарч ирээд уулздаг. Монгол Улсад бол үгүй юм байна” хэмээгээд “Өнөөдөр л эцсийг нь үзнэ. Маргааш гэхэд талбай руу оруулахаа болино шүү дээ” гэж байсан. Жагсагчид Засгийн газрыг бодлогогүй, хариуцлагагүй, чадваргүй, үүнээс нь болж хүний эрх зөрчигдөж байгааг эсэргүүцэж байгаагаа өөр өөрийнхөөрөө илэрхийлж байв.
 
Тэдний зарим нь Эрүүл мэндийн сайд, эмнэлгийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга гэсэн хэдхэн хүн ажлаа өгч огцорсноор асуудал цэгцрэхгүй. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар огцрох ёстой. Хариуцлагагүй байдал, зохион байгуулах ур чадваргүй болох нь өнгөрсөн хоёр сарын хугацаанд харагдлаа хэмээх аж.
 
Залуусын ихэнх нь Засгийн газар, УОК-ын хариуцлагагүй, хүнлэг бус явдал ганц энэ биш. Баруун чиглэлийн 22-ын товчоонд Архангайгаас ирсэн өвчтөн нас барсан, ЭНЭМТ-д 10 настай хүүхэд нас барсан, Чехээс ирсэн оюутныг хилийн дундын бүсэд гурав хонуулсан, гадаадаас иргэдээ татаж авч байгаа гээд байгаа боловч ирж чадалгүй хүн нас барсаар байгааг дурдаад дөнгөж төрсөн эмэгтэйг тусгаарлахаар авч явж байгаа байдал нь өөрөө харгис үйлдэл бидний тэвчээрийн утсыг тасаллаа гэв.
 
Нэрээ хэлэхийг хүсээгүй залуу “Утсаар лайв явж байгааг хараад уур хүрээд гарч ирлээ. Хэн нэгэн зохион байгуулаагүй, оч гэж хэлээгүй. Иргэд сайн дураараа ирцгээсэн. Өмнө нь ийм хариуцлагагүй олон зүйл гарч байсан. Өчигдөр оройны явдал тэвчээрийг минь барлаа гэж байр сууриа илэрхийлсэн.
 
Бизнес эрхлэгч нэгэн “БГД-ийн иргэн байна. Залуучуудыг дэмжээд, талбайд ирлээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй. Засгийн газар өвчинг мөнгө болгож харж байна” гээд ихэд бухимдаж буй бололтой жагсаалын гүн рүү одсон.
 
Чухамдаа өнгөрсөн лхагва гарагт залуусыг гарч жагс, эсэргүүцлээ илэрхийл гэж хэн ч уриалаагүй, зар ч тараагаагүй. Залуучууд, иргэд үнэхээр тэснэ тэснэ гэхэд тэвчээр барагдлаа гэдэг шиг У.Хүрэлсүхийн засгийн газрын ард түмэн, улс эх орныхоо, ирээдүй хойчийнхоо эсрэг хийж байгаа бүхнийг дөрвөн жил, дараа нь хагас жил тэвчиж сайндаа л олон нийтийн сүлжээгээр шүүмжлэх төдий байгаа ийн өөрсдийн нь үгээр тэвчээрийн утас тасраад гарч жагссан нь энэ.
 
Залуус өглөөний 10:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл үгээ хэлж байхад төрийн ордонд нам гүмхэн байдал ноёлж байлаа. Чухамдаа нөгөө “Тэмцэл” кинон дээр “Жанжаан юм болоогүй юм чинь дээ” гэдэг шиг сууцгааж байсан.
 
УИХ-ын эмэгтэй гишүүд таг чиг. Эднээс хоёрхон хүн л байр сууриа илэрхийлсэн.
 
М.Оюунчимэг гишүүн намаа өмгөөлөн “Битгий улс төржүүл, үүнд нам хамаагүй” гэсэн нь өөрийнхөө хэн болохыг таниулаад зогсохгүй сонгогчдынхоо урмыг хугалж орхисон. Жагсаалд оролцогсод зайгаа барьж, бие биедээ шаардлага тавин, амны хаалт тараан, халуун аарц түгээж байлаа.
 
 
Юутай ч залуучууд, олон нийт шөнө дөл болтол жагсч, өнгө мөнгөний хойноос хөөцөлдөн эрх мэдэлдээ ташууран улс орон ард түмнийхээ эрх ашгийг хөсөр хаян улам харгис, хүмүүнлэг бус болж байгаа албан тушаалтнуудад том сануулга өглөө. Хариуцлага алдсан албан тушаалтнуудыг ч огцоруулж чадлаа. Гэхдээ энэ үйл явдал зөвхөн УОК, эрүүл мэндийн салбар руу хандсанаас биш эрх мэдэлтнүүдийн булай бүхнийг уудалж, бие биедээ найр тавин идэж завшсан, худал хэлж хулгай хийснийг нь дуудан бусад салбар руу үсчээгүйг хэлэх нь зөв байх. “Энэ нэг алхам, дахиад нэг алхвал.....” гэдэг шиг дахин нийгмийг цочроосон зүйл болбол эрх баригчдын эсрэг дахиад нэг алхвал ч алхаг.
 
1990 оны Ардчилсан хувьсгал чухам яг ингэж эхэлсэн дээ. “Их салхин хөдөлбөл нижигнэнхэн хөдөлтүгэй” хэмээн Оросын их зохиолч нийтлэлч Максим Горький эдүгээгээс яг 120 жилийн өмнө бичиж байжээ. Бодоход ялзарч доройтсон хаант засгийг унагахыг зөгнөн ингэж бичиж байж.
 
Я.Содбаатар: УОК огцрохоо мэдэгдэж байна
 
Өчигдрийн болсон үйл явдлын төлөө уучлал хүсч байна. Энэ албанд ороод хоёргүй сэтгэлээр зүтгэж ирлээ. Коронвирусыг дотооддоо алдаагүй 10 сарын тав нь манай шинэ засгийн газарт хамаатай. Монгол Улсын Шадар сайдын албан тушаалаас огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хүргэсэн.
 
Т.Мөнхсайхан: Цар тахлаас хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан
 
Эрүүл мэндийн салбарт бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн төлөө нэлээд ажил хийлээ. Энэ салбарт ажиллаж байгаа 54 мянган ажил үйлсийг хэдхэн хариуцлагагүй хүнээс болж харлуулахгүй, үгүйсгэхгүй байгаасай. Албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдэж байна.
 
НЭМГ-ын дарга, “Өргөө” төрөхийн даргыг халлаа
 
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НЭМГ-ын дарга П.Төмөрбаатар, нэгдүгээр төрөх газрын дарга Г.Баясгалан нарт хариуцлага тооц хэмээн Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хандаж албан бичиг илгээхэд эхлээд “Ажлаас чөлөөлөх боломжгүй, сануулга өгнө” гэсэн хариуг өгч байсан ч үдээс хойш хоёуланг нь албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрээ танилцуулсан юм.
 
АН-ын хэд “мангартав”
 
Залуус Засгийн газар, УОК-т бухимдсан, итгэл алдарснаа илэрхийлэн жагсч байхад АН-ын зарим тэнэгүүд сүрийг үзүүлэхээр телевиз дагуулан ирж, камерийн өмнө ярилцлага өгч нэр хүндээ барав. Залуучууд тэднийг ад үзэн, хөөж орхисон доо.
 
 
2021 оны нэгдүгээр сарын 22. Баасан. №007 (5412)
#МонголынМэдээСонин #ҮйлЯвдал