Б.Баярмаа: Үйлдвэрийн маань ирээдүй гэрэлтэж байдагт уурхайчин бид итгэлтэй байдаг

Нийгэм, Эдийн засаг

Д.Нэргүй 

 

“Ажил амьдралынхаа гарааг  Эрдэнэт үйлдвэрээс эхэлж байлаа” хэмээн сэтгэлийнхээ гүнээс бахдан ярих дуртай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Тээвэр Ложистикийн төвийн Хөдөлгөөний хэсэгт Диспетчер Баярмаа хэмээх цоглог бүсгүй  өдрөөс өдөрт ажил мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрч явна. Замчинаас  ачаа вагон хүлээлцэгч, декларант , Диспетчер болтлоо дэвшин ажилласан тэрбээр  үйлдвэрийнхээ нүргээнт дуу чимээнд  ээнэгшин дасч, ёстой дуртай ажлаасаа  сэтгэл ханамж авна гэдэг энэ бөлгөө. Мөн оюутан ахуй цагаасаа шүлэг найраг тэрлэж, 1990- ээд ид найраг шүлэгтээ шатаж асаж явсан найрагч  залуусын дунд онгодоо хөглөж ирсэн авьяаслаг бүсгүй билээ. 

 

-Таны ажил амьдралын гараа Эрдэнэт үйлдвэрээс эх­тэй. Энэхүү  бүтээн бай­гуу­лалт өрнөсөн ажилсаг хамт олны төлөөлөл  тантай ярил­цаж байгаадаа баяртай байна?  

-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.Миний бие 1992 онд тэр үеийнхээр /Төмөр замын коллеж/ одоогийнхоор  Тээврийн дээд сургуулийг төгсөөд 1992 оны зургадугаар  сарын 3- нд Эрдэнэт үйлдвэрт анх ажилд орж байсан минь саяхан  мэт санагдаж байна. Гэвч цаг хугацаа гэдэг амархан юм даа, нэг л мэдэхэд 29 жил болжээ. Энэ хугацаанд замчин, ачаа вагон хүлээлцэгч, декларант зэрэг ажил, албан тушаалд ажиллаж байгаад  2015 оноос  Диспетчерээр ажиллаж байна. Миний ажил  Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэс молибдений баяжмалыг төмөр замаар олон улсын тээвэрлэлтэнд гаргах ачилтын ажил, мөн Орон нутгийн болон Олон улсын тээврээр Эрдэнэт үйлдвэрт ирж буй ачаа бараа бүтээгдэхүүнийг УБТЗ-ын Эрдэнэт өртөөнөөс шуурхай татан авч үйлдвэрийн зохих цех нэгжүүдэд хурдан шуурхай буулгах буулгалтын ажлын үеийн сэлгээний ажлыг галт тэрэгний хөдөлгөөний шуурхай найдвартай удирдлагаар хангах, Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг зохих дүрэм журамд нийцүүлэн ХАБЭА- н шаардлагыг мөрдөж осол зөрчилгүй ажиллахад хөдөлгөөний удирдлагаар хангаж ажиллах үүрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн Комбинат өртөө нь сэлгээний ажлын гурван илчит тэрэгтэй хоногийн 24 цагийн туршид ачилт буулгалтын ажлыг дөрвөн ээлжээр гүйцэтгэдэг юм. 

-Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа Эрдэнэт үйлдвэрт ажилласнаар таны ажил амьдралд эргэлт өөрчлөлт олон гарсан байх аа?

-Манай Эрдэнэт үйлдвэр Зууны манлай бүтээн байгуулалт гэсэн тодотголтой. Улсын саалийн үнээ ч гэгддэг.  Ингээд бодохоор ямар  алдартай өгөөжтэй, улсын чухал үйлдвэрийн газар болох  нь тодорхой. Тиймээс энэ сайхан үйлдвэрт ажиллаж яваагаараа миний бие төдийгүй манай хамт олон ч бахархалтай байдаг.  Тиймээс бид ажлынхаа үр өгөөжийн төлөө сүсэглэн залбирч,нэгэн үзүүрт сэтгэлээр  ажилладаг. Эндээс манай үйлдвэрийн  хөгжил дэвшил, сайн сайхан, үр бүтээл нь тодорхой харагдах болов уу. Дунджаар  экспортод хоногт 27 орчим вагон буюу сард 800 гаруй вагон зэсийн баяжмал тээвэрлэж байна. Энэ нь ойролцоогоор жилд 642178 тонн орчим зэсийн баяжмал,  5800-6000 гаруй  тонн молибдений баяжмал энэ нь 280-320 орчим чингэлэг ачаа болж манайхаар дамжин олон улсын тээвэрлэлтэд гардаг гэсэн үг. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ ханш ямар байгаагаас үйлдвэрийн ашиг орлого ихээхэн шалтгаалдаг. Өнгөрсөн 2020 онд зэсийн ханш нэлээдгүй  өсөлттэй тогтвортой байсан одоо ч хэвээр  байгаа. Үйлдвэр маань хүдэр олборлолт, бүтээгдэхүүн боловсруулалт, худалдаа тээвэр­лэлтээрээ төлөвлөгөө нормоо байн­га давуулан биелүүлдэг. Энэ амжилтаараа  Улсын топ 100 аж ахуйн газраар байнга шал­гар­даг гайхалтай ажилсаг хамт олон. Үйлдвэрийн маань ирээ­дүй гэрэлтэж санаа зовох зүйл­гүй  байна гэдэгт уурхайчин бид ит­гэл­тэй байдаг. Уурхайн орд ирээдүйд 60 жилийн нөөцтэй гэдэг нь аль хэдийнэ батлагдсан шүү дээ.  

-Таны хань ч энэ үйлд­вэрийн ажилтан. Хоёулаа нэг бай­гууллагын ирээдүйн төлөө зүт­гэнэ гэдэг нэр төрийн хэ­рэг, нөгөө талаар ачлал буян  шүү дээ? 

-Би Хөвсгөл аймгийн Ринчин­лхүмбэ сумын уугуул.  Нөхөр Д.Ганболд маань Ложистикийн төвийн Хөдөлгөөний хэсэгт илчит тэрэгний машинчаар ажилладаг.  Манайх хүү, хоёр охинтой. Хүргэн бэр, хоер ач, хоёр зээтэй өнөр олуулаа болоод байж байна даа. 

-Таныг 1990-ээд оны гал дөлтэй найрагчдын дунд  шүлэг найргаа тэрлэж, дурлаж дурлуулж явсныг мэдэх юм. Тэр гэгээн үеэ эргэн дурсвал? 

-Тиймээ, бид чинь Монголын утга зохиолын мөнгөн үеийнхэн шүү дээ. Намар намарт зохиогддог утга зохиолын нээлттэй хаалганы өдрүүдэд оролцож Утга зохиолын томчуудтай нүүр тулан уулзах баярт  мөч энэ үеэр  тохиодог  байлаа. Энэ сайхан арга хэмжээнд  хичээлээсээ чөлөөлөгдөн 1-2 өдрийн турш оролцоно. Тэрхүү олон  найрагч залуустай шүлэг найргийн онгодоор хөглөгдөж, тэднийхээ шүлгийг тарни мэт цээжилж, бурхан мэт  шүтэж явсан оюутан ахуй цагаа өнөөдөр эргэн дурсахад сайхан байна. Төмөр замын утга зохиолын нэгдэлд “Хонгорзул” сонины эрхлэгч Я. Бадамсүрэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Баттулга, СГЗ яруу найрагч Х.Чилаажав, яруу найрагч Б.Хишигсүх “Улаан од” сонины сурвалжлагч П.Батнайрамдал, Г.Баатарнум,сэтгүүлч Д.Нэргүй, Төмөр замын эмнэлгийн их  эмч Г.Равдан гуай, Төмөр замын ажилтан Эрдэнэцэцэг агсан, Б.Баярмагнай, Н.Рэлжээ, “Арслантай авдар” дууг дуулдаг Дундговийн Баяржаргал С.Эрдэнэбат, цэргийн яруу найрагч гэгддэг  С.Пүрэвдорж агсан, Хүүхдийн зохиолч, яруу найрагч Ж.Жаргалсайхан агсан нарын залуус  цугларч шүлэг найргаа  уншиж бие биенээ хөглөж, хурцалж сайхан нөхөрлөж байв. Мөн их дээд сургууль бүхэнд шахам   зохиогддог яруу найргийн наадам манай Төмөр замын сургууль дээр “Хос мөнгөн жигүүр” нэртэйгээр уламжлал болон зохиогдож  багш нар, оюутнууд гээд  яруу найрагт дуртай хэн бүхэн шимтэн үздэг байлаа. Яруу найрагч Б.Батхүү,  Ж.Болд-Эрдэнэ,  Ш.Уянга нарын томчууд ирж шүүнэ. Хэдийгээр тэд маань бурхны оронд очсон ч гэлээ  авьяас билгийг нь үргэлж магтан дуулж, дурсч явдаг даа. Тиймээс  тэр үеийн найрагчидтайгаа  хол ойроос холбогдож, хамтдаа бүтээлээ туурвисаар  явна. 2019 онд МЗЭ-ийн 90 жилийн ойгоор Төрийн соёрхолт, зохиолч, яруу найрагч С.Оюун гуайн санаачлан эмхэтгэж гаргасан Монголын зохиолч эмэгтэйчүүдийн III номонд шүлгээс маань  орсон, мөн Орхон аймаг дахь МЗЭ-ийн “Тод анир”салбараас эрхлэн гаргадаг  “Тод анир” I,II эмхтгэлд шүлэг бүтээл маань багтсанд  баяртай байгаа. Анхны шүлгийн түүвэр 2017 онд ТОД ШАР НАВЧИН ДЭЭГҮҮР... нэртэйгээр хэвлэгдэж байлаа. Удахгүй дараагийн ном маань  гарна. 

-Ингэхэд таны уран бүтээл хийх онгод тань хэдийд хөглөгддөг вэ?

-Онгод бол аливаа төрөл жанрын уран бүтээлч хүн бүрт байдаг бүтээж туурвихын галт торгон агшин, бодол сэтгэлийн ханамжит мөч гэж би хувьдаа боддог. Хавар намарт нялх ногоо сэрвийж. эсвэл навчис шаргисан шар өдрүүд, шинэ бороо анхны цаснаар гэгэлзэж шүлэг бичихээс өөр аргагүйд хүргэх тэр эмзэг цахилаа мөчийг аль болох сэрж мэдэрч байхыг хичээдэг. Тийм учраас онгод гэдэг яах аргагүй байдаг гэдэгт  гүн итгэж явдаг хүн. Энэ утгаар онгодлого байна гэдэг  өөрөө бас тэнгэрлэг байхын шинж. 

-Уран бүтээлч хүн байнга л эрэл хайгуул хийж явдаг. Таныг ч бас уран бүтээлийн олз омог арвинтай байгаа гэж сонссон?

-Өнгөрсөн  жил Хөгжмийн зохиолч СТА Б.Дамбадаржаа, дуучин Б.Мөнхдэлгэр, Г.Мэндбаяр, СТА дуучин  П.Бат-Ундрах, СТА дуучин В.Содончимэг нартай хамтран “Далиа дэвсэн хайр” “Эгшиглэнт Эрдэнэт” “Шаврын гол минь” зэрэг шинэ дуу хийсэн. Одоогоор удаах   шүлгийн номон  дээрээ ажиллаж байна.

-Та бүхэнд баярлалаа.