Путины хэвлэлийн төлөөлөгч коронавирусийн халдвар авчээ

Дэлхийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь /2020.05.12/ батлагдаж, тэрбээр эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа тухай Кремль мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газарт коронавирусийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа ба хамгийн сүүлд тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин, Барилга, хот байгуулалтын яамны сайд Владимир Якушев нар халдвар авсан нь батлагдаад байсан юм.

Владимир Путины хувьд сүүлийн хэдэн долоо хоног Москвагийн гадна байдаг Ерөнхийлөгийн ордноос ажил үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд ойрын хугацаанд Дмитрий Песковтой харьцсан талаар мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 10,899 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 232,243 болж дэлхийд халдвар авагсдын тоогоор АНУ, Испанийн дараа гуравдугаарт бичигдэж эхэллээ. Тус улсад ийнхүү 10 өдөр дараалан 10 мянгаас дээш шинэ тохиолдол бүртгэгдэж буй нь энэ бөгөөд нас барагсдын тоо 107-гоор нэмэгдэж 2,116-д хүрсэн байна. Харин эдгэрсэн хүний тоо 43,512 болжээ.

Эх сурвалж: MOSCOW TIMES