"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2020 онд 12 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олжээ

Нийгэм, Эдийн засаг

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын бэлэн зарлагадсан мөнгө болон хувь хүмүүстэй хийсэн гүйлгээний талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл энэ удаа тус үйлдвэрийн зарим онцлох орлогоос танилцуулж байна. 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь түүхий эдээ борлуулахаас гадна ил уурхайн хоёрдогч түүхий эд, хаягдал төмөр, зам ашиглалталт зэргээс орлого олдог байна. Эндээс анхаарал татах нэг орлого нь банкан дахь дансуудаас орж ирсэн хүүгийн орлого юм. 

2020 оны эхний 11 сарын хугацаанд тус үйлдвэрт 10 банкны 18 дансаар дамжин 12 тэрбум төгрөгийн орлого орж иржээ. Үүнээс хамгийн өндөр дүнтэй орлогыг Капитрон банк шилжүүлсэн нь 3.39 тэрбум төгрөг байгаа бол Капитал банкнаас "Хадгаламжийн даатгалын корпорацын даатгагдсан хадгаламжийн нөхөн төлбөр" гэж 20 сая төгрөг орж ирсэн нь хамгийн бага дүнд тооцогдож байна. 

Төрийн банк л гэхэд тус үйлдвэрт хүүгийн төлбөр гэж 254,746,628 төгрөг шилжүүлснийг шилэн дансны мэдээлэлд бүртгэжээ.