Хатуу хөл хорионы үед хүнд өвчтэй иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадаж байна уу?

Улс төр

Коронавируст халдварын улмаас Улаанбаатар хот хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байгаа билээ.

Ялангуяа эрүүл мэндийн байгууллага дотроос халдвар гарах болсон нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай, биеийн байдал нь хүнд зарим иргэнд ихээхэн бэрхшээл үүсгэж байгаа тухай мэдээлэл манай редакцад ирсэн юм.

Тодруулбал, 20 гаруй жилийн өмнө болсон санамсаргүй ослын улмаас тархины судасны хүнд өвчтэй болсон эмэгтэйн хагалгаа амжилттай болсон хэдий ч хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх ёстой байж.

Уг эмчилгээг улирал тутам хийлгэх ёстой бөгөөд сүүлийн улиралд коронавирусийн халдвар манай улсын хүн амын хүнд бүртгэгдсэний улмаас хөл хорио тогтоож, оршин суудаг харьяа эмнэлэг нь халдварын голомт болсон тул хувийн эмнэлгийг зорих шаардлага тулгарчээ.

Гэвч түүний гэр бүлийнхэн хөл хорионы улмаас ажил нь зогсож, орлогогүй болсон тул хувийн эмнэлгийн эмчилгээний зардлыг төлөх боломжгүй нөхцөл үүссэн байна.

Энэ талаар түүний дүү С.Отгонцэцэг “Одоогоос 20 гаруй жилийн өмнө орон сууцны хажуугаар явж байсан эгчийн минь дээрээс шил унасны улмаас артер вени молфирмаци гэсэн оноштойгоор тархины судасны хүнд өвчтэй болсон. Ингээд таван жилийн өмнөөс биеийн байдал нь муудаж, хөдөлмөрийн чадвараа 80% алдсан тул групп тогтоолгосон.

2019, 2020 онд нийт таван удаа тархины хэсэгчилсэн хагалгаанд орсон бөгөөд мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээг улирал тутам заавал хийлгэх шаардлагатай байгаа.

Нэг удаагийн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж, улсын эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэх зардал нь 140-200 орчим мянган төгрөг болдог. Бид улсын эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийлгэх гэсэн боловч БЗД-ийн эмнэлэг болон Гуравдугаар эмнэлгийн бүсэд коронавирус гарсан тул хүлээж авах боломжгүй болсон. 

Эгчийнхээ эмчилгээг таслахгүйн тулд хувийн эмнэлгүүдэд хандсан боловч зардал нь улсын эмнэлгээс хэд дахин өндөр буюу хамгийн хямдаар дор хаяж нэг сая төгрөг шаардлагатай болоод байгаа.

Энэ мөнгийг хөл хорионы ийм үед манай гэр бүл олох боломжгүй. Учир нь эгч маань өөрөө хоолойдоо гуурстай, хэвтэрт байдаг. Хүүхдүүд нь бүгд 0-4 насны нялх хүүхдүүдтэй, жирэмсэн эхнэртэй залуу гэр бүлүүд бөгөөд бүгдийнх нь ажил зогссон тул ямар ч орлогогүй болсон.

Арга ядахдаа өөрийнх нь группийн мөнгийг зээлээд эмчилгээний зардлыг төлөх гэхээр эгч минь хэвтэрт байгаа тул өөрийн асран хамгаалагчаа нотиратаар баталгаажуулах боломжгүй. Өмнө нь батлуулсан нотариатын бичгийг банк хүчингүйд тооцсон тул зээл олгохгүй гэсэн. 

Хөл хорионы үед ийм хүнд нөхцөл үүссэн олон гэр бүл Монголд байгаа байх. Ийм хүмүүст төр засгаас анхаарч, харж үзэхийг хүсэж байна” хэмээн ярив.

Иймд бид холбогдох албаныхнаас эмчилгээ зайлшгүй шаардлагатай, хүнд нөхцөлд байгаа хүмүүст эмнэлгийн тусламжийг хэрхэн үзүүлж байгаа болон уг иргэний хандсан группийн зээлийн асуудлаар тодруулав.

"Дүүргүүдийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгүүд эрүүл мэндийн тусламжийг тасралтгүй үзүүлж байгаа"

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодруулахад “Дүүргүүдийн хэмжээнд иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай эмчилгээг тасралтгүй хэвийн үзүүлж байгаа.

Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд болон амаржих газрууд эрүүл мэндийн зайлшгүй тусламж үйлчилгээг тасралтгүй, хэвийн үзүүлж буй.

Түүнчлэн эмнэлэг бүрд тусгаарлах өрөө гаргасан тул коронавирусийн сэжигтэй тохиолдол бүхий яаралтай тусламжаар ирсэн үйлчлүүлэгчдээс газар дээр нь PCR шинжилгээ аваад үзүүлэх ёстой тусламж үйлчилгээг саадгүй хүргэж байгаа.

Зөвхөн хойшлуулж болохуйц хагалгаа зэрэг шаардлагагүй хэвтэлтийн тоог багасгаж, эмнэлгийн орчинд халдвар тархахаас сэргийлэн, бэлэн байдалд ажиллаж байна.

Харин Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын голомттой холбоотойгоор тус эмнэлэгт үзүүлж байсан насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг "Энэрэл" эмнэлэгт, хүүхдийн болон яаралтай тусламж үйлчилгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн үзүүлэх түр зохицуулалт хийсэн.

Мөн улсын лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүдийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамнаас зохицуулж байна

Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг орхигдуулаагүй. Харин тухайн эмнэлгийн үйлчилгээг өөр эмнэлгүүд рүү л түр шилжүүлэх байдлаар зохицуулсан" гэсэн тайлбар өглөө.

"Группийн зээлийн асуудлыг арилжааны банкууд өөрсдөө шийдвэрлэдэг тул бид ямар нэг байдлаар нөлөөлөх боломжгүй"

Хэвтэрт байгаа иргэнд Группийн зээл олгохгүй байгаа талаар Нийгмийн даатгалын сангийн албаны хүн хэлэхдээ “Банкнаас зээл авахдаа өөрөө боломжгүй бол гэр бүлийн хүнээрээ итгэмжлэл хийлгэх зохицуулалт бий. Гэхдээ группийн зээл авах асуудлыг тухайн арилжааны банк шийдвэрлэнэ.

Өөрөөр хэлбэл, манайх группээс тогтоосон мөнгийг л иргэдэд саадгүй шилжүүлэх үүрэг хүлээдэг. Түүнээс биш группийн зээл олгох эсэх асуудлыг хариуцдаггүй гэсэн үг. Иймд зээлийн асуудалд ямар нэг байдлаар нөлөөлөх боломжгүй” гэв.

Түүнээс гадна цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлж байгаа эсэхийг Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас нэмж тодруулсан юм.

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэврийг цар тахлын үед 100,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн"

ХХҮЕГ-ын албаны хүн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэвэр болох 288,000 төгрөгийг сар бүр олгож байна. Энэхүү тэтгэвэр нь уг нь 188,000 төгрөг байдаг ч коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалж 2021 оны долдугаар сар хүртэл тус мөнгөн дүнг Засгийн газраас 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэн олгож байгаа" гэв.